Сонирхотой мэдээлэл

Аз жаргалтай эхлэл эцэст нь өөрийгөө ч хайртыгаа ч алдаад…

Охин утаснаасаа цаг агаарын мэдээлэл харан сууна. Маргааш бороотой тухай мэдэхдээ “Шүхэр байгаа билүү?” гэж бодох зуураа кофегоо гал дээр тавьж амжив. Новш гэж… утаснаасаа юм харахаа мартчихаж. Дахиад л цаг агаарын мэдээ… Гэхдээ энэ удаад түүний амьдардаг хотынх. “Түүнд шүхэр байгаа болов уу?”

Бадмаараг, Тэлмэн хоёр Дархан хотод автобусны буудал дээр танилцжээ. Зургаан сарын ширүүн бороонд такси барих гээд буудал дээр зогсож байдаг Бадмаараг шиг тэнэг хүн байхгүй биз. Уг нь Дарханы таксины жолооч ах нар хүн чанартай хүмүүс байдаг ч тэр өдөр Бадмаарагт суух машин олдохгүй байв.

Гэтэл саарал prius машин ирж зогссоны жолооч нь Тэлмэн байлаа. Шалба норсон охин машинд нь суув уу үгүй юу “Ёохх, бүрээс заваартуулчихлаа” гэхийг нь сонсоод Бадмаараг бууж өгсөнгүй “Албатай юм шиг суулгачхаад” гэж. Залуу яг л энэ хариултыг хүлээж байсан юм шиг догдолж орхив. Бараг энэ хариултаа хэлчхээд буугаад явчихсан бол араас нь гүйж очоод үнэсэх байж. Өөрийн гэсэн бодолдоо үнэнч, өөртөө итгэлтэй охидууд ховор байдаг нь Тэлмэнг удаан ганц бие явахад хүргэжээ. Тийм дээ ч найзууд дундаасаа ганцаар хоцорч, цагаан сараар хамаатнуудынхаа дайралтад өртдөг байна. Энэ явдалаас хойш Бадмаараг, Тэлмэн хоёр харилцаж эхлэв.

“Чамд шүхэр байдаггүй юм уу?” гэх Тэлмэнгийн хачин асуултад юу гэж хариулахаа сайн мэдэхгүй байсан Бадмаараг “Дэлгэгдэхээр нь тэнгэр нурах гээд байгаа юм шиг санагдаад айгаад байдаг юм” гэж ичингүйрэн байж үнэнээ хэлжээ. Хариултыг нь сонсоод элгээ эвхэн инээж байгаа Тэлмэнг хараад Бадмаараг “Надад талтай хүн л үнэнээ хэлж байхад шоолоод байв гэж дээ” гэж дотроо бодон, бага зэрэг урам нь хугарав. Тэгтэл залуу түүнийг дагуулаад нэг тийш очсон нь шүхэр авахаар явсных байж.

Бадмаараг: “Айдаг гээд байхад яах гээд байгаа юм бэ?”

Тэлмэн: “Шүхэрнээс айгаад хатгаа авах юм уу? Утгагүй юм!”

Залуу түүнийг тоосон ч шинжгүй худалдагчаас үнийг нь асууж, хоёр хүний том шүхэр авахаар болов. Дэлгүүрээс гараад Тэлмэн тэгэхээс тэгэж байгаа юм шиг охины дээр шүхэрээ дэлгэтэл Бадмаараг айсандаа нүдээ анин Тэлмэнгийн ханцуйнаас мэдэгдэхүйц зуураад авав. Ямар ч хичээл зүтгэлгүйгээр, өөрийнхөөрөө өхөөрдөм харагдсанд залуугийн сэтгэл улам догдолж, “Одооноос энэ шүхэрний доор зогсохдоо юунаас ч битгий ай. Би үргэлж чамтай хамт зогсох учраас” гэж хэлэхэд нь Бадмаараг сая нэг Тэлмэнг өөрт нь хайртайд итгэжээ. Ингэж тэр хоёрын үерхэл эхэлсэн билээ.

Үерхэл бүхний эхлэл сайхан. Өөлөх юмгүй өндөг шиг. Өдөр болгон уулзаж, орой салахдаа чат бичээд үлддэг. Тэнэг зургуудаа бие бие рүүгээ явуулж, тэрэн дээрээ зүрх даралцна. Гэхдээ Тэлмэн Бадмаараг хоёрын хайр тэр төрлийнх биш байлаа. Тэр хоёрын хайр бол “Ханиад хүрчихсэн, үнэсэж чадахгүй нь”, “Надтай чатлаад утас ширтсээр байтал нүдгүй боллоо”, “Миний хадам ээжийг бага зовоогоорой та гуай” гэдэг төрлийн хайр байв.

Өдөр ирэх тусам бие биедээ уусан шингээд ч байгаа юм шиг. Бадмаараг охин үргэлж Тэлмэнгийн юүдэнтэй цамцыг өмссөөр байгаад Тэлмэнгийн жижиг хувилбар болчихжээ. Тэлмэнгийн хумс нь ч зүгээр байхаа больж, сахилгагүй найз охиныхоо буянаар үргэлж хар, шар, ногоон, улаан, цагаан өнгийн будагтай явдаг болж.

Найм дугаар сарын гучин нэгэнд тэр хоёр голын эрэг дээр сууж, зуныг хамт үджээ. Тэр үед ярилцсан нь:

Бадмаараг: Гуч, гучин нэг. Яг гучин нэгэн чиргүүлтэй вагон байна шүү.

Тэлмэн: Яасан урт юм бэ? Хүний амьдрал шиг. Гучин нэгэн вагон урт. Гучин нэгэн жил урт. Тэгсэн хэрнээ яваад л байдаг. Онцлог нь вагон явах тусам богиносдог юм даа. Тийм ээ?

Бадмаараг: Хоёулаа гучин нэгэн жилийн дараа ямар байх бол?

Тэлмэн: Хөгшин.

Бадмаараг: Би тоглоогүй байна аа! Би гучин нэгэн жилийн дараа эмгэн болчихсон байна.

Тэлмэн: Одоо ч нэг их ялгаагүй л байна шүү дээ! Хаха

Хөгжилтэй, урьдных шигээ сайхан  л өнгөрч байсан өдрийг Тэлмэн ганцхан өгүүлбэрээр бусниулж орхив.

Тэлмэн: Би чамд нэг юм хэлэх гээд чадахгүй байсан юм.

Бадмаараг: Юу?

Тэлмэн: Би чамайг хуурчихсан. Чамайг гэртээ унтаж байхад би гадуур өөр охинтой уулзаж байсан. Чамайг намайг санаж байна гэхэд би ч бас гэж хариулсан мөртлөө түүнийг гэрээс нь авах гээд явж байсан. Намайг уучлаарай.

Охинд хэлэх үг олдсонгүй. Хуурсанд нь гомдох уу? Үнэнээ хэлсэнд нь баярлах уу?

Бадмаараг: Яагаад хуурсан юм?

Тэлмэн энэ асуултад хариулахын тулд яагаад хуурснаа бодох шаардлагатай болжээ. Нээрээ анх яагаад хуурчихлаа? Жирийн сайхан байсан харилцааг бусниулахаар юм юу болсон билээ? Жирийн сайхан гэсэн үү? Үнэхээр жирийн сайхан байсан гэж үү? Үгүй ээ. Тэлмэнгийн нүдэн дээр Бадмаараг охин өөрийгөө алдаад байсан юм. Өдөр ирэх тусам ихэмсэг зан нь уусан алга болж, өөрийн бодолдоо үнэнч, зөрүүд охин нэг л мэдэхэд түүний аясаар байж, хэлсэнийг нь дагадаг болсон байлаа. Утасаа болиод унт гэвэл шууд л унтчихна. Дэлгүүрт ороод авах юмыг хүртэл өөрөө биш Тэлмэнгээр сонгуулж байлаа. Нэг ёсондоо Бадмаараг Тэлмэнг дураар нь байлгах тусам Тэлмэнд урамгүй санагдах болжээ.

Sad Couple" photos, royalty-free images, graphics, vectors & videos | Adobe  Stock

Гэтэл тэр нэгэн өдөр Тэлмэнд адын бодол төрөх нь тэр. “Би Бадмааргийг хуурсан ч тэр мэдэхгүй. Тэр надад дэндүү итгэх юм.” Тэгээд л тэр фэйсбүүкт байгаа дурын охин руугаа чат бичиж эхэлжээ. Хамгийн хачирхалтай нь охид түүнийг найз охинтой гэдгийг мэдэж байсан ч уулзахаас татгалзсангүй. Бадмааргийг хуурч яваадаа Тэлмэн нэгэн бодлын өөртөө бахдаж эхэллээ. “Би түүнийг хуурч байна. Гэвч тэр мэдэхгүй байна. Би ч овжин залуу юм” гэх бодол түүний толгойг эргүүлэн, ухааныг нь самууруулах аж.

Sad Couples HD Wallpapers - Wallpaper Cave

Энэ хооронд харин дурлалдаа мансуурч явсан Бадмаараг хайртыгаа өөрийг нь хуурч байгааг байтугай өөрөө өөрийгөө алдаж байгаагаа ч анзаарсангүй. Бардам, зөрүүд ааш нь арилж, юм л бол бусдад зай тавин, бусдын бодлыг хүндэтгэх ажээ. Тэр тусмаа Тэлмэнгийнхийг. Уулзах тоо нь цөөрч эхэлсэнд охин ундууцсангүй. Завгүй л яваа юм байхдаа гэж өөрийгөө тайвшруулна. Сүүлийн үед Бадмаараг сэтгэл дотроо л Тэлмэнтэй уулздаг болчихсон байснаа ч анзаараагүй байна.

Бадмаараг: Яагаад хуурсанаа надад хэлж байгаа юм?

Түүний хоолойд ямар ч сэтгэл хөдлөлийн хувирал байсангүй.

Тэлмэн: Түүнийг жирэмсэн болгочихсон болохоор.

Тэлмэн уг нь Бадмааргийг өөрийг нь байсан газар нь хаяад, яваад өгөх байх гэж бодсон ч тэр тэгсэнгүй. Бадмаараг зүгээр л хажууд нь уйлчихав. Тэгээд бас “би гомдож байна, би шаналж байна” гээд бусад охид шиг зан гаргасанд нь Тэлмэн гайхаж, өөрийнхөөрөө охин нүдэн дээр нь өөрийгөө алдаж байгаад эгдүүцэл нь төрөв. Яг энэ мөчөөс Тэлмэнгийн уугиж байсан сэтгэл бүр унтарч орхилоо.

Бадмаараг нулимсаараа унтрааж орхисноо ч мэдэхгүй, улам л нэмээд л уйлаад байв. Охин уйлах тусам хайр нь улам шатна, асна. Болдог бол асаад байгаа хайраасаа нэг цучил аваад Тэлмэнгийн сэтгэл рүү хийчихмээр. Гэвч тэрний сэтгэл яг л анх уулзахад бороонд норчихсон байсан охин шиг шалба норчихсон. Дахиж асахгүй.

 Бадмааргийн хувьд зун, Тэлмэнгийн хайр хоёр дуусч, өөрөө өөрийнхөө дурлалын галд гараа ээж үлдэв.

Жилийн өмнө болсон энэ гунигт явдлыг Бадмаараг хэзээ ч мартахгүй нь зайлшгүй үнэн. Гэхдээ Тэлмэнд хэзээ ч гомдож чадахгүй нь, түүнд одоо ч хайртай нь зүрхнийх нь мухарт байгаад л байхад мартсан юм шиг жүжиглэх нь охинд огт зохихгүй байлаа. Ямар сайндаа л хуурсан хүнийхээ араас санаа зовохдоо “Дарханд бороо орох нь ээ, түүнд шүхэр байгаа болов уу?” гэж бодох вэ дээ. Ай даа сэтгэл гэдэг…

ХЭРЭВ ТАНД ДЭЭРХ ӨГҮҮЛЛЭГ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ, БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!