Uncategorized

НАРА: Зөгий үржүүлэх нь хүүхэд өсгөж байгаагаас ялгаагүй

Нара Ubn.mn Сайтад ийнхүү яриа өгсөн байна:

Уул ус тэгширсэн, ургамал цэцэг дэлгэрсэн, голын хөвөө сэржигнэж, салхины аяс сэвэлзсэн монгол орны сайхан нутгийн нэг яах аргагүй мөн аж. Байгалийн сайхныг бишрэн магтахын дээр, бартаат замын бэрхийг ч нуух юун. Түнхэл тосгоноос бид эрлийн ажлаа эхлүүлж, зөгийчин М.Нарантуяагийн гэрийг нутгийн иргэдээс асууж лавлахад, тосгоны төвөөс 10-аад километрийн зайд Шонхор зусланд байрладаг гэдгийг хэлсэн юм.

Зөгийчин М.Нарантуяаг дуучин гэдгээр нь хэн бүхэн мэднэ. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Түнхэл тосгонд таван жил суурьшин амьдарч, “Зөгийн аж ахуй эрхлэн, Мангир брэнд”-ийг үүсгэн байгуулаад буй юм.

UBN.mn сайтын сурвалжлах баг удаан хайсны эцэст дуучин, зөгийчин М.Нарантуяагийн гэрийг олж, зорьсон зорилго болох “Зөгийн аж ахуй”-тай танилцан дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Зөгийн амьдрал маш өвөрмөц. Тэртээ XIII зууны дайн байлдаантай үетэй зүйрлэхэд хэлсдэхгүй. Учир нь зөгий их дайчин амьтан гэнэ. Эр зөгийнүүд хоорондоо тулалдахаас гадна эх зөгийнүүд хүртэл хоорондоо дайтдаг. Хэрэв аль нэг нь дийлсэн бол бүлдээ үлдэж, хоёул хүч тэнцүү бол үүрийг нь салгадаг байна.

Түүнээс гадна энгийн хүмүүсийн амьдралтай ч зүйрлэж болох юм. Тэд хүйтэн, бороотой өдөр ажилдаа гарахгүйгээр гэртээ өнждөг ба яг л хүн шиг амьтад гэнэ.

Зөгийн үүрний давхар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой

Биднийг зөгийн талбай руу явахад гурван хэсэг талбайд зөгийн суурь байрлах ажээ. Эхний сууринд зөвхөн нэг давхар үүрнүүд байх бөгөөд түүнийг “СУМ” гэж нэрлэдэг гэнэ. Харин хоёр дахь талбайгаа “АЙМАГ” гэж нэрлэх ба хоёр болон гурван давхар үүртэй байдаг бол гуравдахь талбайгаа “ХОТ” гэж нэрлэдэг бөгөөд дандаа гурван давхар үүр байдаг гэнэ.

Үүнээс харахад зөгийн үүр нэг, хоёр, гурван давхар байгаа нь сонирхол татна. Давхар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Нэг давхарт эх зөгий, эр зөгий, ажилчин зөгий бүгд байх ба зөвхөн үржил хөгжил, өндөглөлт явагддаг байна. Харин хоёр ба гурван давхарт зөвхөн бал цуглуулах ажил явагддаг.

Зөгийн үүрийг нээхэд маш олон зөгий үүрнээсээ гарч ирэн чих хүнгэнэтэл дүнгэнэх нь нэг л айдас төрүүлэм. Учир нь зөгий маш их шартай амьтан бөгөөд өөрийг нь уурлуулсан бол заавал хатгаж байж санаа нь амардаг байна.

Зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа таван жилийн өмнө Казахстан Улсаас 100 бүл зөгий худалдан авч ирж зөгийн аж ахуй эрхлэх сууриа тавьсан байна. Түүнээс хойш их зүйл сурч, алдаж, онож явсан тухайгаа бидэнд хэлсэн юм. Харин энэ жил 58 бүл зөгийтэй байгаа аж. Тэрбээр, “Бороо ихтэй зун бал хураалт бага байдаг. Харин өвлийн улиралд зөгийгөө дулаан байранд өвөлжүүлдэг” гэв.

Эх зөгий нэгхэн удаа хээл авч, насан туршдаа өндөглөдөг

Хүн бүрийн аж амьдрал, статус, биеийн хэлбэр өөр байдаг шиг зөгийнүүд ч бас харилцан адилгүй. Тухайлбал, эх зөгий зөвхөн нэг л удаа хээл авч, насан туршдаа өндөглөдөг бол эр зөгий зөвхөн хээл өгөх үүрэгтэй гэнэ.

Түүнээс гадна, өндгөө дулаацуулах асрагч зөгий, хамгаалагч зөгий, нисгэгч зөгий гээд маш өвөрмөц хуваарилалттайгаар ажлаа хуваарилж авдаг байна. Мөн насжилтын хувьд ч өөр өөр байх ба эх зөгий 2-8 жил насладаг бол эр зөгий нэг зун, ажилчин зөгий 45 хоног амьдрах чадвартай байдаг аж. Биеийн хэмжээний хувьд ч харилцан адилгүй. Эх зөгий бусдаасаа том биетэй, тод шар өнгөтэй байдаг бол эр зөгий, ажилчин зөгий бие жижигтэй байдаг.

Эр зөгийн амьдрал хамгийн бахархалтай

Хүмүүс “Эр зөгий болмоор юм байна” гэлцдэг. Учир юу вэ гэвэл эх зөгий хээл авах өдрөө маш өвөрмөц дуу авиа, үнэр гаргаж нисдэг. Үүнийг мэдсэн эр зөгийнүүд хоорондоо байлдаж, ялсан 8-25 эр зөгий л эх зөгийтэй хээлттдэг байна. Ингэснээр өөрт байгаа бүх эсээ эх зөгийд өгсөнөөр түүний амьдрал төгсдөг аж. Энэ бол эр зөгийний хувьд маш бахархалтай амьдрал гэнэ.

Хэрэв эр зөгийнүүд дайтахгүй олуулаа байвал намар есдүгээр сар гарч эхлэхэд үүрэн дотор байгаа эр зөгийнүүдээ тэд цэвэрлэн, хөөж гаргадаг.

Зөгийн бал гаргаж авах оргил үе нь зургаагаас долоодугаар сар, харин наймдугаар сарын 20-н гэхэд байгалийн бал авалт дуусдаг аж. Түнхэл тосгоны хувьд өндөрлөг газар оршдог учир цэцгэнд байх ёстой антиоксидант их байдаг байна. Тиймээс маш чанартай байгалийн зөгийн бал гардаг гэнэ. Сонирхуулахад ажилчин зөгий амьдралынхаа туршид 20 грамм буюу нэг халбага зөгийн бал гаргаж авдаг.

Зөгий үржүүлэх нь хүүхэд өсгөж байгаагаас ялгаагүй

Зөгийн онцлог шинжийг дурьдаад байвал тоочоод барамгүй их. Тийм ч учраас зөгийнүүдээ өөрийн хүүхэд мэт хайрлан хамгаалж, өсгөн, үржүүлдэг гэнэ. Зарим бал хураахгүй байгаа зөгийнүүдээ загнадаг талаараа ч хэлж байлаа. Мөн зөгийн ажил нар ургахтай зэрэгцэн эхэлж, нар мандахтай зэрэгцэн дуусдаг байна.

Түүнээс гадна ид зуны халуунд наранд суух нь маш хүнд ажил байдаг талаар М.Нарантуяа хэлсэн юм. Тэрбээр, “Эд халуун үед халуун наранд хөлсөө урсгаад суух залуучууд бага байдаг. Одоогоор гурвуулаа ажиллаж байгаа учир ажил бага зэрэг хүнд байна” гэв.

Мангир бол Их эзэн Чингис хааныг ундаалж байсан цэцэг

М.Нарантуяа зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэнээсээ хойш “Мангир” брэндийг үүсгэн байгуулаад буй. Мангир брэндийн нэр маш өвөрмөц. Тэр хэрээрээ зөгийн баланд дурлагсад мангир брэндийн хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй байх. Хүмүүсийн хамгийн их сонирхдог зүйл бол яагаад “Мангир” хэмээн нэрлэсэн талаар асуудаг гэнэ.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Нууц товчоон дээр гогд мангирын тухай гардаг. Чингис хааныг оргож, босгож явахад гогд мангираар ундаалсан” хэмээн гардаг. Тиймээс нэгдүгээрт, бидний эзэн Чингис хааныг ундаалж явсан, хоёрдугаарт өөрөө маш гоё бал гаргадаг балт ургамал” түүнээс сэтгэж “мангир” хэмээн нэрлэх шийдвэр гаргасан. Түүнээс гадна би өөрөө маш өвөрмөц, чамин, романтик зүйл сэтгэдэг учир Мангир брэндээ яг түүн шиг байлгахыг илүү хичээдэг” гэлээ.

М.Нарантуяа энэ жил “Зөгийн экспортын кластерын ТББ” үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон байна. Монголын зөгийн бал гадаадын зах зээлд муу үнэлгээтэй байдаг нь экспортод гаргаж байгаа хүмүүс нь дандаа сироп оруулж ирээд монгол зөгийн бал хэмээн гаргадаг аж. Тиймээс байгалийн цэвэр зөгийн бал гарган авдаг хүмүүстэйгээ нэгдээд, зөгийн балаа экспортод гаргавал мөнгөн урсгал нэмэгдэх боломжтой юм. Тиймээс түүний хувьд энэ жил уг ажилд анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ.

Мөн зөгийн тоо толгойг урьдчилан тооцоолох боломжгүй байдаг байна. Учир нь байгаль цаг уур маш чухал нөлөөтэй. Ялангуяа бороотой өдөр зөгийнүүд үүрэндээ байдгаас гадна цэцэг ч мөн дэлбээгээ хумидаг байна. Тийм учраас балын авц харьцангуй багасдаг гэнэ. Өнгөрсөн жилийнхтэй зөгийн балын авцыг харьцуулж үзвэл бүлийн тоо адил хэрнээ балын авц бага байгаа гэдгийг тэрбээр хэлж байлаа. Түүнээс гадна зөгийн аж ахуй эрхлэх нь маш хүнд ч үр нөлөө маш сайтай аж ахуй аж. Нэг ч зүйл дээр алдаж болохгүйн дээр зөгийнүүдээ өөрийн хүүхэд мэт хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэх нь зөгийчин бүрийн хийх ажил байдаг байна.

Энэхүү сурвалжилгаараа бид зөгийн амьдралын хамгийн энгийн жишээнүүдийг дурьдлаа. Гэтэл ард нь маш том логик, зүй тогтол бүр амьдрал өрнөж байдаг аж. Зөгийчин М.Нарантуяагийн хувьд маш өвөрмөц, фантастик сэтгэлгээтэй нэгэн бөгөөд нэг эхэлсэн ажлаа дуусч байж санаа нь амардаг тууштай нэгэн юм. Тийм ч учраас зөгийн аж ахуйг хүнд гэлгүй, орхихгүйгээр энэ олон жилийг ардаа үджээ. Зөгий маш ажилчин амьтан бол зөгийчин хүнд байх хамгийн наад захын чадвар нь ажилч хичээнгүй байх юм. Тийм ч учир зөгийн аж ахуйг хүссэн хэн бүхэн нь эрхлээд байдаггүй ба тууштай хичээж, зүтгэж чадсан нь өсгөж, үржүүлж, байгалийн жинхэнэ цэвэр зөгийн балыг гаргаж авдаг байна.

Нарадаа сайн сайхныг хүсэе!

Эх сурвалж: Ubn.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!