Uncategorized

НӨАТ-ын сугалааг 9 сараас сэргээхээр төлөвлөж байна.

НӨАТ-ын сугалааг 9 сараас буцааж сэргээхээр төлөвлөж байна.

Дөрөвдүгээр сараас түр хугацаанд зогсоогоод байсан НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар болон сугалааг зогсоосноор ямар өөрчлөлт гарсан талаар Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүнээс тодрууллаа.

НӨАТ-ын урамшууллын сугалаа нь цөөхөн хүнд хүртэж байна гэсэн зарим иргэний шүүмжлэлээс үүдэн 2022 оны дөрөвдүгээр сарын 18-наас уг үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.

Хэдий сугалааг зогсоосон ч НӨАТ-ын дүнгийн 2%-ийн буцаан олгох систем хэвээр үргэлжилж ирсэн бөгөөд энэ хугацаанд хэвлэгдсэн баримтын тоо буураагүй ч худалдан авалтын баримтаа бүртгүүлэх идэвх буурсан нь судалгаанаас харагдаж байна.
Дээрх графикаас харахад өмнө нь хэвлэгдсэн баримтыг уншуулж баталгаажуулах дундаж хувь 64% байсан бол дөрөвдүгээр сараас хойш 50%-д хүртэл буурчээ.

Мөн НӨАТ-ын нийт хэвлэгдсэн баримтад дунджаар 42%-ийг эзэлдэг 10,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй баримтын баталгаажуулалт 61% байснаас 32% болж бараг хоёр дахин буурсан байна.
НӨАТ-ын сугалааг зогсоохоос өмнө урамшууллын хөтөлбөр ямар үр дүнд хүрч байсныг доорх графикаас харж болно.
2016 онд 203 сая ширхэг баримт бүртгэгдэж байсан бол 2021 онд 647 сая ширхэг бол гурав дахин өссөн бол үнийн дүн нь 39 тэрбум төгрөгөөс 104 их наяд төгрөг болж өссөн үр дүнтэй байв.

Энэ хугацаанд давхардсан тоогоор 1.6 сая азтан тодорч, 81.2 тэрбум төгрөгийн урамшууллыг сугалааны тохирлоор авчээ.

“Бүх хонжвор дээр заавал азтан тодордог болно”

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дээр дурдсан судалгааны үр дүнд суурилаад НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэхдээ хэд хэдэн шинэчлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Б.Тэлмүүн хэллээ.

Тэрбээр “Төлбөрийн баримт идэвхтэй бүртгүүлдэг иргэдээ дэмжих бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, олон төлбөрийн баримт бүртгүүлэх тусам өндөр шагналтай сугалаанд оролцох эрх нээгдэх хувилбарууд яригдаж байна. Тухайлбал, 10 хүртэлх баримт бүртгүүлсэн хүнд сугалааны 3 орон таарвал 30,000, 5 орон таарвал 60,000 төгрөг хожих боломж нээгдэх бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн хүний 3 орон таарвал 60,000, 5 орон таарвал 500,000 төгрөгийн азтан болох боломж бүрдэх ч юм уу. Эцсийн байдлаар батлагдаагүй ч ийм хувилбараар иргэдийг идэвхжүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

Мөн өмнө нь супер азтан тодрохгүй улирал гардаг байсан бол одоо тухайн улиралд хэвлэгдсэн баримтуудын дугаарын хүрээнд бүх хонжвор дээр заавал азтан тодордог болох юм. Ингэснээр жилд 550,000 орчим азтан тодрох нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байгаа. Орон нутгийн баримт бүртгүүлэлтийг дэмжих үүднээс мөн урамшууллын тогтолцоо нэвтрүүлэх талаар ярьж байна. Ингэснээр иргэдийн идэвх нэмэгдэж, баримт бүртгүүлэх хувь өснө гэж тооцож байна” гэлээ. Түүнээс гадна иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх хүрээнд хонжворын тохирлыг олон нийтийн газруудаар ээлжилж явуулах, түүнийг И-баримт апп-аар дамжуулан хүн бүр лайваар үзэх техникийн боломжийг хангажээ.

И-баримтын систем нь зөвхөн татварын орлого бүрдүүлэх зориулалттай систем биш гэдгийг Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-ын дарга Т.Батбилэг онцоллоо. “Энэ нь нөгөө талаар төсвийн зарцуулалтыг хянах бас систем гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тухайлбал, ногоо зарах гэж байгаа хүмүүс урамшууллаа авахын тулд НАӨТ-ын баримт үүсгэж байгаа. Үүний цаана Засгийн газраас тариалан эрхлэгчдэд олгож байгаа урамшууллын үр дүнг хянах боломж бүрдэж байгаа юм.

Мөн И-баримт нь зөвхөн сугалаанд ордог систем биш. Онцгой албан татвар төлөгдсөн эсэхийг иргэд хянаж болно. Тухайлбал, архи, тамихины бар кодыг уншуулаад тухайн барааны ОАТ-ыг төлсөн эсэхийг харах боломжтой.

Нэг хүн сугалаанд олон хонжвор авдаг гэсэн хардлага иргэдийн дунд байсаар байгаа. Энэ нь анх систем нэвтэрч байхад иргэд баримтаа бүртгүүлдэггүй байсантай холбоотой. Тухайн үед бүртгээгүй баримтыг худалдагч, кассууд их бүртгүүлж байсан нь хонжвор авах магадлалыг нэмж байсан бол одоо магадлалаараа 1,000 баримт тутмын нэгд хонжвор таарах боломжтой байгаа. Өнгөрсөн хугацаанд тагнуул, цагдаа гээд холбогдох байгууллагуудаас олон удаа шалгалт хийсэн бөгөөд зөрчил гараагүй” гэлээ.

И-баримт системийн шинэчлэлийн дараагийн хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж, НӨАТ-ын сугалааны хонжворыг лайваар үзүүлснээр тухайн тоонууд тохирч байгаа хэдэн баримт танд байгаа зэрэг мэдээлэл нь шууд цагийн горимоор хэрэглэгчдэд харагдах байдлаар бэлтгэгдэж байгаа аж хэмээн мэдээллээ.

Та дэмжиж байна уу?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!