Uncategorized

Хүүгээ парапроктит өвчинөөс хэрхэн эмчилсэн туршлагаа хуваалцмаар байна

Энэ өвчин их хэцүү болохыг өөрийн биеэр туулсан учраас нэг ч гэсэн хүүхдэд , ээжид , аавд тусалж магадгүй гэж бодоод ийнхүү бичиж сууна. Эх нялхасын мэс заслийн тасагт хүүгээ эмчлүүлж байхдаа энэ өвчинөөр ямар их хүүхэд өвчилдөг юмбэ ? гэж гайхаж суулаа. Бүр төрөөд 7хон хоносон нярай хүүхэд мэс засал хийлгэсээн гээд байж байгааг нь хараад бас хэд хэдэн удаа давтан хагалгаанд орж байна гээд сууж байгаа ээж үрсийг хараад маш их өрөвдсөн. Харамсалтай нь энэ өвчинийг судалж байгаа тоймтой судалгаа байдаггүй юм билээ. Ер нь хараад ажиглаад байхад 1 нас хүрээгүй нярай хүүхдүүд их өвчилдөг юм билээ. Судлаад үзэхэд 1 нас хүрээгүй нярай хүүхэд дархлаа нь бүрэн тогтоогүйтэй холбоотой юмшиг санагдсан. Ийм нялх хүүхдээ норкозтай хагалгаа хийлгээд , хагалгааны шархыг нь 10-аад хоног боолгуулан хүүхдээ аймшигтай өвтгөж , бас антибиотик эмчилгээтэй хавсардаг учраас тариа хийхэд нярай хүүхдүүдийн судас нь олдохдоо хэцүү тул өчнөөн зүүгээр хатгуулаад ямар хэцүү байсан гээч. Би лав тэр үед сэтгэл санаагаар яваад 52 кг-аас 40 кг болтолоо турсан. Манай хүү хоёрхон сартай байхдаа өвдөж байсан юм.

Ерөнхийдөө шинж тэмдэг нь эхэндээ хэдэн өдөр суулгаад , дараа нь халуураад, хааяаа гэнэт хүчтэй уйлж байсан. Эхэндээ бөгсөн дээрх улайсан товгор зүйлийг хараад суулгасандаа түлэгдэвүү гэж бодож эндүүрч 2 хоногийн хугацаа алдсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд яаралтай мэс заслын заалт хэлдэг юм билээ.

Байнгийн суулгаастай үрээ хагалгаанд орсоны дараах шархыг нь бохирдуулахгүй гээд өдөр шөнөгүй ноцолдоостой. Хамгийн хэцүү зүйл нь хагалгааны боолтонд орох үнэхээр хэцүү. Болдог бол хэд нугалаад ч хамаагүй би өөрөө өвдөлтийг нь мэдрэх юмсан гээд л уйлахаас өөр юм хийж чадахгүй. Эмнэлэгт хэвтэж байхад дахиад хагалгаанд орж байгаа гэсэн хүмүүсийг сонсоод ээ Бурхан минь дахиж л хүүгээ хагалгаанд оруулахгүй юмсан. Боломжтой юу байна гээд судалж эхэлсэн юм. Харамсалтай нь энэ өвчин яагаад сүүлийн үед ингэж эрчимтэй өсөж байна , бас нярай хүүхдүүд ямар шалтгаанаар их тусаад байгааг яг нарийн судалсан судалгаа байдаггүй юм билээ.

Хүүхдээ бодоод сэтгэл санаа хэцүү байхад бас нэг ирж байсан дарамт нь юу вэ гэхээр энэ өвчинийг ихэнх хүмүүс зөвхөн бохироос үүдэлтэй гэж боддогтой холбоотой хүүхдээ олигтой арчилахгүй яасан юм бэ гэж шүүмжлэнэ, бас памперснаас боллоо памперсийг нь боль гэж шүүмжлэнэ. Миний хувьд бол хүүгээ цэвэрхэн байх тал дээр эхнээсээ боломжийн арчаатай ээж байсан. Бас төрөөд долоохон хонож байгаа нярай хүртэл өвчлөөд ирж байхад зөвхөн бохироос үүдэлтэй гэдэг дүгнэлт өрөөсгөл юм. Мөн зөвхөн памперс их хэрэглэснээс болдог бол Барууны орны хүүхдүүдийн өвчлөл аймаар юм болно биздээ. Тэгэхдээ Барууны орнуудын энэ өвчлөл бага байдаг юм билээ. Яахав манайхны памперсны буруу хэрэглээ нөлөөлдөггүй биш тодорхой хэмжээгээр нөлөөлдөг л байх. Ойр ойрхон солих ёстой байтал манайхан удаадаг тал байдаг.

Бага зэрэг судалж дүгнэснээр бол сүүлийн үеийн идэж ууж байгаа зүйл , орчин , агаарын бохирдол , памперсны буруу хэрэглээ , цэвэрлэгээ арчилгаа , дархлаа , гэдэс ходоод шулуун гэдэсний хямрал гэх мэт их олон зүйл нөлөөлөх боломжтой юмшиг санагдсан. Бас дахин бугалах тал дээр хүүхдийн бөгснийх нь хэлбэр байрлал нөлөөлдөг санагдсан. Бандгар бөгстэй хүүхэдтэй бол хагалгаанд орсоны дараа бөгснийх нь завсар хуурай даавуу , марль , хөвөн сайн хийгээд байх хэрэгтэй.

За тэгээд эмнэлгээс гараад хэд хоног шарлага хийлгээд , маргензтай усанд суулгасан. Гэдэсний хямрал нь зүгээр болохгүй суулгасаар л байв. Боломжтой зөндөө л эм өгсөндөө. Аль нь үйлчилсэн юм бүү мэд овоо тэгж байгаад зүгээр болсон. Тэгээд ерөнхий арчилгааны хувьд шөнө 1 босож памперсыг нь солино , өдөр нь памперсгүй байлгаж шээх болгонд нь өмдийг нь сольж, баах болгонд нь бөгсийг нь угаана , агаарт сайн гаргана гэх мэт арчилгаа хийдэг байв. Гэтэл 2сарын дараа нь ил , нимгэн хальсны гадаргуутай яг нэг цэврүү шиг идээтэй юм гараад ирэв. Айгаад л эмнэлэгт очоод үзүүлэхэд ерөнхийдөө ингэдэг, иймэрхүү жижигхсэн цэврүү маягаар гарч ирэхээр нь жаахан пэркс хүргэж түлж цоолоод арчаад бай гэсэн заавар өгөв. Хэлсэнийх нь дагуу хааяаа хааяахан цэврүү байдлаар гараад ирэхээр нь хэлсэн ёсоор перкс дөнгөж хүргээд идээг нь гаргадаг байв. (Маш болгоомжтой бага хэмжээгээр).

Тэгээд нэг хэсэгтээ дахиж тийм цэврүү гарч ирээгүй ба би ч арчилгаагаа хийсээр л байв. Тэгж байгаад гайгүй болсоноо 5сарын дараа цэврүү байдлаар биш арай том бас идээ нь арай ихээр гараад эхлэв. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл суваг үүссэн байна , одоо нэгэнт л суваг үүссэн учраас тэр сувгийг нь мэс заслын аргаар авахаас өөр аргагүй , суваг нь бага байгаа дээр нь мэс заслаар авхуулах хэрэгтэй гээд сар хагасын дараа төлөвлөгөөт хагалгаанд орно шүү гэлээ. (Тэр идээ гараад байгаа хэсэг дээрээ сайн дарахаар идээ нь шууд бөгснийх нь нүхээр гарч ирдэг юм билээ. Ерөнхийдөө суваг үүссэн шинж тэмдэг гэж ойлгосон)

Ийнхүү сар хагастай болох хугацаандаа өмнөхөөсөө илүү анхааралтай арчилгаа хийж мөн маргензтай усанд бөгсийг нь суулгаж байв. Тэгж байтал идээ гарахаа байсан байв. Эмнэлэгтээ төлөвлөсөн цагтаа хагалгаандаа орохоор очтол шархнаас нь идээ, шүүс гарахгүй байв. Эмч хэлэхдээ эдгэрсэн байж магадгүй юм. Ерөнхийдөө 40-50 хувь нь ингээд эдгэрч байсан тохиолдол бий.Тиймээс байдлыг харья, дахиад идээ гарвал ирээрэй гэхээр нь бөөн баяр хөл газар хүрэхгүй л эмнэлэгээс гарч ирж билээ. Тэгээд л миний хүү эдгэсэн юмдаа

Ингээд та бүхэндээ өөрийнхөө хэлэх зөвлөгөөнөөс гадна маш сайн анхаараарай гэсэн гурван ойлголт байна.

  1. Дархлааг нь дэмжиж байна аа гээд элдэв янзын витамин битгий өгөөрэй. Тэр тусмаа B-ийн төрлийн витаминтай мультивитамин битгий өгөөрэй. Учир нь B-ийн төрлийн витамин өөрөө идээг идэвхижүүлдэг санагдсан тул сөргөөр нөлөөлнө. Харин эрдэс бодис бол өөр байх. Миний хувьд бол хүүдээ янз бүрийн витамин өгч байгаагүй
  2. Үмхий ногоон тос ерөөсөө хүүхдэд түрхэж болохгүй шүү. Угаасаа заавар дээрээ парапроктит өвчинд түрхэж болохгүй гэсэн заавартай байдаг шүү. Бас элдэв янзын Монгол арга гэж сүүлний тос, энээ тэрээ битгий түрхээрэй. Буруу харсан хатиг байна гээд ногоон тос дур мэдэж тавиад буглаа нь цаашлаад бүр аюул болно шүү, улмаар архагшин дахин дахин өвчилдөг аюултай
  3. Эмчийн зааврын дагуу хагалгаанд орох ёстой бол орох л ёстой. Зарим хүмүүс мэдэхгүйгээсээ болоод эсвэл өөрсдөө дур мэдэн эмчилж байгаан гээд удаагаад хүндрүүлээд ирсэн тохиолдолууд их байдаг гэсэн. Гол нь энэ өвчин чинь сувгийн идээт үрэвсэл тул маш аюултай. Удаад ирэхээрээ хүндрээд цаашаа аарцагийг идэх тийм том аюултай. Тэгэхээр хамгийн зөв газар бол эмнэлэг

Ерөнхийдөө арчилгаа талдаа хийсэн зүйлсээ нэгтгээд хэлэхэд:

  1. Памперс өмсүүлж болохгүй гэх зүйл байхгүй. Өмд, даавуу бол харин ч шээс , чийгийг хадгалсаар байдаг. Харин ойр ойрхон солих тэр тусмаа баасан үед нь тэр дор нь солих нь л чухал. Нээрэн памперснийхаа чанарт анхаараарай. Тэгээд өвдсөнийх нь дараа нэг орой памперснаас нь час улаан өнгийн том аалз гүйж гарч ирж билээ. Тэгээд тэр дороо памперсаа сольж байсан. Магадгүй памперсны чанараас нь болоод ийм болсоныг ч үгүйсгэхгүй. Ер нь л жаахан чийгтээд байдаг онцгүй памперс байсан. Тиймээс памперсны солих хугацаа болон чанарт нь анхаараарай гэж хэлье. Ерөнхийдөө памперсаа 3-4 цаг болгоод солих, баасан бол тэр даруйд нь живхийг сольж байх хэрэгтэй. Памперс биш өмд, даавуу хэрэглэж байгаа бол тэр дор нь сольж байгаарай
  2. Хүүхдээ ядраахгүй дархлааг нь маш сайн дэмжих маш чухал. Агаарт сайн гарга. Хоол унданд нь анхаар. Тэгэхдээ B-ийн төрлийн витамин орсон витамин битгий өгөөрэй.
  3. Манай хүүхэд хагалгаанд орсоны дараа ч 1сарын турш гүйлгэсээр л байсан. Аль болох гэдэсний хямралыг нь шийдэх тал дээр хурдан анхаараарай. Эмчилгээ хийхэд антибиотик хийх үед ашигтай бактерийг нь сайн өгөөрэй. Суулгах, өтгөн хатах гэх мэт шулуун гэдэсний бүх хямралууд үүнд багтана. Аль болох л шулуун гэдэсийг хэвийн байлгах хэрэгтэй
  4. Арчилгаа мэдээж маш чухал. Баах бүр нь тэр дор нь бөгсийг нь угаа. Бөгсний хэсгийг аль болох л цэвэрхэн хуурай байлгах чухал. Маш бага маргензтай усанд (Шүдэнзний толгойн дээр тогтох төдий маргенз хийх ба ус дөнгөж ягаавтар өнгө орох төдий ) бөгсийг нь суулгах. Тэгэхдээ байнга биш. Эмчийн заавраар
  5. Бас Парапроктит /мундас/ өвчинтэй тэмцэгчидийн групп гээд фэйсбүүк групп байдаг юм билээ. Тэр группэд нэгдээд зарим нэг хүнээс наад захын асуух зүйлсээ асууж болох юм. Мэдээж хамгийн зөв газар бол эмнэлэг , эмч шүү
  6. Нэг сайхан мэдээ нь хүүхэд тань 1 нас хүрчихвэл ерөнхийдөө гайгүй болчдог юмшиг санагдсан. Тиймээс нярай үедээ өвдсөн бол 1 нас хүртэл нь хүүхдээ сайн халамжилчихвал хүүхэд маань ер нь зүгээр болчихноо гэсэн итгэл найдвар өөртөө өгөхөд нээх гэмгүй байхаа
  7. Ээжүүд , аавууд та хэд маань хүүхдээ өвдсөн үед давхар хямраад байж болохгүй аль болох сэтгэл санаагаа тайван , хүчтэй байлгаарай. Ер нь хүүхэд өвдсөн үед ээжийн сэтгэл санаа хүүхдэд нөлөөлдөг гээд нэг шуум яриа байдагдаа. Энэ өвчиний үед ээжүүд , аавууд хүүхдэдээ маш их арчилгаа тавьж их ядрах үе гардаг тиймээс хүүхдэдээ халамж тавих эрч хүч , энерги өгөхийн тулд сэтгэл санаагаа хүчтэй байлгаарай. Энэ өвчин дэлхийн хэмжээнд их түгээмэл өвчлөл , бас олон шалтгаантайгаар бий болдог өвчин тул өөрсдийгөө буруутгахгүй сэтгэл санаагаа хүчтэй байлгаарай.
  8. Хүү маань одоо 5 настай. Одоо хүндрэхээр эвтэйхэн арчаад , шаардлагатай бол угаахгүй л бол нөгөө соривонд нь ялгадаснаас нь тодорхой хэмжээгээр үлдээд дотуур хувцас нь толбо болчихоор хүү маань их хямрана. Гэртээ байх үед нь би өөрөө угаагаад өгдөг юм. Харин цэцэрлэг дээрээ хүндрэхээрээ ийм болчихоод хүү маань хямраад байхаар нь хүүдээ сайн тайлбарлаж зөвлөж хэлсэн. Тэгэхээр хүүхдэдээ сайн зөвөөр ойлгуулж , арчилгаа зөвлөгөө зөв өгөөрэй.
  9. Та бүхэндээ онолын талын мэдлэг хэрэг болж магад гээд найзынхаа хичээлийн номных нь зургаас оруулав

Баахан л нуршаад зөндөө юм биччих шиг боллоо. Тэгэхдээ өөрөө зовлонг нь туулсан юм болохоороо энэ өвчинөөр шаналж байгаа нэг ч гэсэн бяцхан үрд тус болчих юмсан гээд бүх л санаж байгаа юмсаа багтаан бичихийг хичээлээ. Сүүлийн үед парапроктит гэх энэхүү өвчлөлөөр тэр тусмаа нярай хүүхдүүдийн өвчлөл ихэссэн тул хэрэгтэй хүмүүст нь хүрээсэй гээд таниас share хийхийг хүсье.

Үрс минь эрүүл байгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!