Uncategorized

С.Дэмбэрэлдорж: Хөдөлмөрийн ид нaсны 3 хүний 1 нь хaрваж байна,кoвид ч нөлөөлсөн

С.Дэмбэрэлдорж эмч ингэж зөвлөж байна:

Цус харвалт болон цус өтгөрөлтийн асуудлаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн их эмч С.Дэмбэрэлдоржтой ярилцлаа.

Даралт ихсэх, даралт харвах эмгэг сүүлийн жилд залуужиж байгаа харагдаж байна. Үүнийг зарим иргэн ковид болон вакцинтай холбож байгаа. Танай тасагт даралтаар ирж байгаа иргэдийн насжилт өмнөх жилүүдээс хэр өөрчлөгдөж байгаа вэ?

-Ковидын дараах эмгэгийн асуудал дээр дэлхийн олон оронд судалгаа шинжилгээнүүд хийж байгаа. Ковид нь даралт ихсэлтийн шууд шалтгаан болохгүй ч нөлөөлөх хүчин зүйл болж байна. Тухайлбал, хуучин даралт ихэсдэг, зүрхний хэм алдагдалтай, чихрийн шижинтэй, том судасны хатуурал эмгэгтэй хүмүүст тархины цус тасалдах, харвалт үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Түүнчлэн,

цус бүлэгнэлтийн талаас өөрчлөлт их өгч байгаа. Дэлхий дахинд ковидын өмнөх цус харвалтыг ковидын дараах тоон үзүүлэлттэй харьцуулахад насны хувьд харьцангуй залуужсан байгааг тогтоосон. Цус өтгөрөлт гэдэг нь нэгж эзлэхүүнд агуулагдаж байгаа цусны дүрст элементүүдийг хэлдэг. Харин цусны бүлэн гэдэг цусны дүрст элементүүд нь хоорондоо наалдаж хатуу бүлэнг бий болгодог. Тэгэхээр ковидын дараа зүрхний шигдээс үүсэх, уушгины артерын бөглөрөл үүсэх, тархины харвалт зэргүүд нэмэгдэж байгаа.

Өвчлөлөө дагаад нас баралтын хувь бас нэмэгдсэн байх?

-Ковидоор өвдсөн харвалттай бүлгийг ковидгүй үеийн харвалттай харьцуулахад насны хувьд залуужсан нь ковид тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэж хэлнэ. Манай эмнэлэгт ковидоор өвдөөд хэвтэн эмчлүүлсэн 3502 иргэний 46 тохиолдол нь тархины харвалт өгсөн байсан. Дэлхий дээр хийгдсэн судалгаагаар нийт ковидтой хүмүүсийн 1.5-3 орчим хувь нь харваж байна гэсэн судалгаа гарсан бол манай улсын хувьд 1.3 хувь нь харваж байгаа судалгаа бий.

Манай тасгийн статистик тоон үзүүлэлтээс харахад, 2020 онд харвалтын тасагт 1003 хүн хэвтэн эмчлүүлсний 121 нь буюу 12 хувь нь нас барсан. Харин 2021 онд 789 тохиолдлын 124 нь буюу 15.5 хувь нас барсан нь өмнөх оноос нас баралтын түвшин өндөр байгаа нь ковид шууд шалтгаан болохгүй ч эрхтэн системийн үйл ажиллагаанд тодорхой хувиар нөлөөлж байна гэж үзэж болно.

Цус өтгөрсөн үед биед ямар, ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

-Цус өтгөрсөн үгүйгээ лаборатори шинжилгээгээр үзүүлж мэднэ. Ерөнхийдөө судас бөглөрөөд, цусан хангамж алдаагүй л бол бид цус өтгөрсөн байна гэж гаднаас нь мэдэж, хэлж болохгүй. Толгой өвдөх, хүзүү хөших, шилэн хүзүүгээр халуун оргиж өвдөх зэрэг нь даралт ихэссэнтэй холбоотойгоор илэрдэг түгээмэл шинжүүд юм. Өөрөөр хэлбэл, цус өтгөн байсантай холбоотойгоор цусны хананд учруулах даралт ихсэж эдгээр зовууриудыг мэдрэгддэг.

Иргэд цусаа шингэлэх эмчилгээнүүдийг дур мэдэн хийлгэж байна шүү дээ?

-Хүмүүс цус шингэлэх гээд ардын болон европын эм тан, эмчилгээнүүдийг дур мэдэн хэрэглэж байна. Ялангуяа ковидын дараа дур мэдэн эмчилгээ хийлгэх нь илүү ихэссэн. Ингэж болохгүй. Хэрвээ цусаа өтгөрсөн гэж үзэж байгаа бол эмчид хандаж цусаа шинжлүүлж байж цус өтгөрөлтийн олон эмийн сонголтуудаас эмчийн хяналт доор сонгон уух ёстой байдаг. Дур мэдэн янз бүрийн зүйл хэрэглэснээр дараа нь үүсэх хүндрэлүүд гардаг. Тухайлбал,

цус хэтэрхий шингэрсэнтэй холбоотойгоор эргээд тархины эдийн цус харвалт, бусад эрхтэн системд цус алдах эрсдэл үүсдэг учир дур мэдэн янз бүрийн эмчилгээг хийх нь туйлын буруу зүйл юм. Гэрийн нөхцөлд цусаа шингэлэхийг хүсэж байгаа бол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, шингэн юм сайн ууж, цэвэр агаарт сайн явах хэрэгтэй. Ерөнхийдөө булчин аль болох сайн ажилласнаараа цусны эргэлтийг сайжруулж байдаг.

Залуучууд ямар төрлийн харвалтаар өвдөж байгаа вэ?

-Хөдөлмөрийн идэвхтэй насан дээрээ явж байгаа гурван хүн тутмын нэг нь харваж, хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа нь маш өндөр үзүүлэлт. Сүүлийн үед 30 орчим насны залуус дунд шалтгаан тодорхойгүй харвалтын хэлбэр бүртгэгдэх болсон.

Цус харвалтын үед ямар, ямар эмчилгээнүүдийг хийдэг вэ?

-Харвалтын үндсэн гурван хэлбэр байдаг. Нэгд, тархинд цусан хангамж бүрэн очиж чадахгүй болсонтой холбоотойгоор үхжилт үүснэ. Хоёрт, тархины гүний судаснууд хагарч тархины эдэд цусны бүлэн үүсгэнэ. Гуравт, тархины том артерын судас хагарах гэсэн харвалтын хэлбэрүүдтэй. Эдгээр гурван харвалтын эмчилгээ болон оношилгооны менежмент нь тус тусдаа өөр. Манай эмнэлэг тархины судас дотуурх оношилгоо болон эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр

харвалтад хүрэхгүй байхын тулд харвалтын эрсдэлт хүчин зүйлүүдээс ангижрах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь чухал. Манай улсын хүн ам эрүүл мэндийн боловсролын байдал муу байгаатай холбоотойгоор аливаа эмгэгээс урьдчилан сэргийлэх байдал орхигдсон. Өвдсөн хойноо л эмнэлгийн байгууллагад хандаж хоёрдогч урьдчилан сэргийлэлт хийгээд байна.

Удаан хугацаанд толгой өвдсөн, хүзүү хөшсөн, даралт ихсэж багасдаг зовуурьтай хүмүүс арга хэмжээ авахгүй эм уугаад яваад байдаг. Ингэж удаан хугацаанд тоохгүй явах нь ямар эрсдэлд хүрэх вэ?

-Дээр хэлсэнчлэн энэ шинж тэмдгүүд нь даралт ихэссэнтэй холбоотой. Үүнээс гадна суугаа ажил хийдэг хүмүүс хүзүү мөрний булчин чангарсантай холбоотойгоор дээрх шинж тэмдгүүд илэрч болно. Даралт ихсэлтийн шалтгаантай өвдсөн үед эмчийн бичсэн эмийг тогтмол уухгүй санасан үедээ угаад байж болохгүй. Үндсэндээ даралт ихсэж, багасаад яваад байна гэдэг нь хүний судас олон дахин үлээгээд нимгэрсэн шаартай адилхан хэврэг болдог. Ингээд

нимгэрээд хэврэг болсон судас нэг л өдөр хагарах эрсдэлтэй байдаг учир тогтмол даралтын эмийг хяналттай ууж байх хэрэгтэй. Даралтын эмийг цус өтгөрөлттэй, насжилттай хүмүүс эмчийн хяналттай хэрэглэнэ. Харин залуучуудын хувьд амьдралын хэв маягаа өөрчлөөд илүү идэвхтэй байж бодисын солилцоогоо сайн явуулах хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. мундаг эмчид цаашдын ажилд нь амжилт хүсэе ээ.

Эх сурвалж: Itoim.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!