БОДИТ ЗАХИДАЛ

Гэр бүл салалт хүүхдэд яаж нөлөөлдөг вэ? (Бодит захидал)

Сайн байна уу? Би урд шөнө аавдаа чигтэйхэн их эрхэлж байна гэж зүүдлээд сэрсэн юм л даа. Сэрчээд жаахан уйлаад тэгээд өдөржингөө санаа алдаад , хэн нэгэнд хуваалцмаар санагдсан болохоор ийнхүү бичлээ. Урд орой миний хань охиноо эрхлүүлээд л , гүйж хөөцөлдөөд л их сайхан орой байсан. Магадгүй тэрийг хараад энэ зүүдийг зүүдэлсэн юм байлгүйдээ гэж бодлоо. Намайг 5 , 6 настай байхад юм болов уу даа аав өөр эмэгтэйтэй хамт амьдрахын тулд ээж бид нарыг эмээ дээр орхиод явж байсан юм. Би ямартайч аавд их эрхэлдэг байснаа санадаг. Байнга л ааваа ааваа гээл араас нь гүйж байдаг охин байснаа тод санадаг юм. Эмээгийндээ очсон өдрөөс эхлээд аавыг маш их санадаг байсан. Орондоо шээгээд эмээдээ их загнуулж байж билээ. Тэгээд ерөөсөө л хурдан бичиг үсэг сураад цаасан дээр ”Ааваа би таныг маш их санаж байна. Та хаана байгаа юмбэ. Хурдан ир л дээ” гэж бичээд салхинд хийсгэвэл тэр захиа аав дээр маань хэзээ нэгэн цагт очино доо гэж бодоод ном , сонин бариад л явж байдаг байж билээ. Эмээ , ээж хоёр аавыг надад маш их муулдаг байсан болохоор би аавыгаа санаад байна гэж хэлэхээс айдаг байсан юм. 

1-р ангид орохдоо үсгүүдээ сурчихсан цагаан толгойн баяраар А үсэг болж байж билээ. Харамсалтай нь бичиж сурцан үедээ цаасан дээр бичээд хийсгэхэд аав дээр тэр захидал очихгүй гэдгийг ойлгоцон байсан юм. Тэгээд нэг л мэдэхэд аавыг санадагаа больцон байсандаа. Аав гээд ярих гэхээр л өмнөөс ээж , эмээ 2 шууд ууралдаг байсан. Тэр эцэг чинь гэж ирээд л загнана. Намайг 4-р ангид байхад аав ирсэн. Эргээд хамт амьдарцгаасан ч аав намайг эрхлүүлэхгүй би ч яг л танихгүй хүнтэй харьцаж байгаа мэт их цэрвэдэг байлаа. Одоо ч их хөндийдөө. Аав тэрхүү 5,6жилд орхиж яваагүй яг тэр жаахан байх үед маань эрхлүүлдэг байснаараа хэвээрээ байсан бол би одоо аавтайгаа хамаагүй дотно байх байсан байхдаа гэж боддог.

Хүүхэд ер нь шилжилтийн нас хүртэлээ л ээж аавдаа яг хүүхдээрээ эрхэлдэг юмшиг. Одоо би бол хүүхдүүдээ яг энэ хөөрхөн хүүхэд байх үед нь эрхлүүлж хайр , энхрийлэлийг өгч бас өөрөө хүүхдүүдээ эрхлүүлэхийн жаргалыг мэдрэхийг хүсдэг. Энэ захидлаараа хичнээн хичээгээд болж бүтэхгүй байгаа амьдралыг хүүхдүүдийнхээ төлөө тэсээрэй гэж бичиж байгаа биш юмшүү. Харин болж бүтэж байсан амьдралаа түрхэн зуурын өөр зүйлд сатаарч үр хүүхдийнхээ нандин харилцааг битгий сэвтээгээрэй гэж хэлмээр санагдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!