Талийгаач Ганбаагийн хүсэл биелсэн

Талийгаач Ганбаа хамгийн сүүлийн кинондоо өөрийгөө эвдсэн дүрээр өөрийгөө урлагт мөнхлөн үлдээлээ

Жүжигчин Отгоо буюу Б.Отгонтуяа : Ганбаа найзтайгаа 20 жил найзалсан байна. 2002 онд анх СУИС-д орж байсан гэхээр Ганбаа найзтайгаа 20 жил найзалсан байна. Энэ “Гадны нөлөөгүй” УСКино бол найзын маань сүүлийн уран бүтээл. Хамгийн удаан хугацаанд тайзан дээр партнерласан миний алтан партнер. Найзыгаа кинон дээрээ ажиллаж байхад би эргэж очиж байсан юм. Тухайн үед надад хэлэхдээ: “Найз нь хошин урлагийн салбарт 17-18 жил тоголлоо, одоо найз нь драмын чиглэлийн кинонд өөрийгөө сорьж үзье. Хүмүүс найзыг нь хараад дандаа инээдэг шүү дээ. Энэ кинонд тоголсоноороо найз нь өөрийгөө их өөр талаас эвдэж тоголж байгаа” хэмээн хэлж байсан. Найзын маань энэ яриа нь л их тод үлдэж байна даа. Миний найзын хүсэл нь биелсэн юм болов уу даа.

МУАЖ С.Сарантуяа: Өнөөдөр энэ кино үзэгчдийн хүртээл болох энэ үйлийн хамгийн том эзэн нь бол миний хүүд тоголсон манай Талийгаач Ганбаа маань юм. Тэр хүний өөрийх нь мэргэжилдээ хайртай байгаагийн илрэл маш их мэдрэгдсэн. Зөвхөн хошин урлагийн продакшнаараа явсангүй. Тэр өөрөө хөгжих гэж , мэргэжлээрээ илүү ахихыг бодож , урлагын өөр бүх салбаруудад өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Тэрч утгаараа энэ киног анх санаачилсан хүмүүсийн нэг бол Ганбаа маань юм. Гаднаас нь харахад нэг тийм нилээн сүрдмээр том биетэй, ер нь нэг тийм цүл цал хийсэн , хэнэггүй ч юмшиг хэрнээ дотроо ямар их сүрхий энэ мэргэжилдээ хайртай, үнэнч хүүхэд юмбэ гэдгийг би ойлгосон. Энэ киноны эхний өдөр Ганбаа маань хэлэхдээ: Сараа эгчээ би таниас жаахан сүрдээд байна гэхэд нь би: юундаа сүрдэх билээ бид нар чинь адилхан л уран бүтээлч хүмүүс шүү дээ гэхэд хүүхэд шиг толгойгоо маажсанаа: би таниас л их тусламж авна гэж бодож байгаа шүү гэж билээ. Би тэгээд Ганбаадаа: Үгүй ээ харин ч би чамаас туслалцаа авна. Хоёулаа нийлж байгаад ямар ч л байсан энэ киноныхоо дүрүүдийг гарганаа гэж хэлж байсан юм.

Ганбаа маань хэлэхдээ: Дүү нь яг энэ дүрээрээ өөрийгөө арай өөр өнцгөөс харуулах гэсэн юм. Ганбаа гэдэг жүжигчинийг өөр өнцгөөс үзэгчидэд харуулахыг хүсч байна гэж хэлсэн. (уйлав)

Энэхүү залуу уран бүтээлчийн маань хүсэж мөрөөдөж энэхүү бүтээлд хандсан хандлага нь үзэгчдэд маань хүрч , харагдах байхаа гэж бодож байна. Тэгэхийн тулд миний хүү маш сайн ажилласан.

Найруулагч Д.Галбаяр: Кино дэлгэцэнд гарахаас өмнө дүүгийнхээ талаар бичих гэхээр бурхан болоочоор маркетинг хийлээ гэх болов уу гээд эмээгээд байлаа. Одоо нэгэнт кино нээчихсэн болохоор бичиж байна. Манай хүн намайг “Дашийн Гал” гэж авгайлна. Болиоч дээ рецетив гэмт этгээд шиг эвгүй нэр юм гэхээр “Хаха тэр тусмаа сүртэй шдээ ахаа” л гэнэ. Эдний ангийхан надтай их дотно байлаа. Ялангуяа Шагай, Билгүүн хоёртой бүр ч илүү дотно байж. Ганбаатайгаа хааяа нэг таарахаар мань хүн битүүхэн надад санаагаа хэлнэ. “Дашийн Гал ах их заваан шд. Миний ёстой тасарцан алиануудыг огт авахгүй хэрнээ Шагайгийн тун тааруу алиаг ёстой нусаа сугартал авах юмаа” гээд инээнэ. Яахав дүү маань цаагуураа намайг тоогоочээ л гээд байгаа ухаантай юм шүү дээ. Та чинь муу дүүгээ нэг ч кинондоо авахгүй юм гээд л тоглоом шоглоомын завсраар тасхийтэл хэлж л орхино .Ингэж явсаар “Гадны нөлөөгүй” кино хийгдэхээр болж дүүтэйгээ жүжигчнийх нь хувьд учирлаа. Зохиол дээрх хамгийн эвгүй дүр байсан л даа. Яагаад ч юм тэр үед надад энэ дүрийг ямар ч сонголтгүйгээр түүнд өгье л гэж бодогдсон. Ээ ахаа би бардаг болов уу? Хоёр хоног өгөөч. Жаахан бодоодхоё гэлээ. Хоёр хоногийн дараа грүпп цуглахад тэрээр хэдийнээ дүр дээрээ ажиллаад эхэлчихсэн байсан. Тэгэхдээ нэг л болж өгөхгүй яваад л байсан. Тэгтэл Сарантуяа эгчтэй хоол иддэг хэсэг дээр Ганбаагийн нүд нь эргэлдээд тогтож өгөхгүй яг л хулгай хийчихсэн хүүхэд шиг хулмагнаад байхаар нь би өөрийн эрхгүй ориллоо. “Наадах чинь байна шдээ Ганбаа наадах чинь байхгүй юу даа! Чи олчихлоо наадхаа битгий алдаарай” гэсэн манай хүн ч урамтай цаашаа зургаа дуусгасан даа. Бид бүгд л буцах хорвоо болохоор яалтай ч билээ дээ. Тэгэхдээ надад дүү маань хэзээ ч бурхан зүг болсон гэж бодогдоогүй. Магадгүй би өөрөө энэ киноны эвлүүлгийн ажлыг хийсэндээ ч тэр үү түүнтэй хамгийн сүүлд салах ёслол хийсэн байх гэж бодогддог. Сүүлчийн замд нь үдчихээд орж ирээд комьпютероо асаагаад кино прожектоо нээхэд дүү маань урдаас гараад л ирнэ. Дахиад л хараад л сууна. Чи одоо алга тэгэхдээ чамайг үзэгчид яаж хүлээж авах бол хоёулаа харна даа тээ? гээд л дэлгэцтэйгээ ярина. Өнөөдөр кино чинь дэлгэцэнд гараад үзэгчиддээ үнэлүүлж байна. Чамаар тэд бахархаж байна. Чи чадсан шүү миний бүдүүн дүү минь…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.