Б.Алтанчимэг: Амрамжийн газар хүргэж өгсөн хүмүүстээ Баярлалаа
Ясны сүрьеэ гэх өвчинөөр оношлогдож гэртээ жил гаруй хугацаанд хэвтэрт байгаа Б.Алтанчимэг гэх эмэгтэйг zarig.mn сайт өмнө 8-р сард сурвалжилж байсан билээ. Тухайн үед нөхөр, хүүхдүүд нь орхин , харж хандах хүнгүй тул хүйтэн гэрт цоожлуулж , өдөр хоногийг өнгөрөөн , түүний мэдээ алдсан хэсгүүдэд гүн цооролт үүссэн байдалтай байсан юм. Тэрээр хороо , дүүргээс нь эмнэлэгт хэвтүүлж , Тереза эх асрамжийн газар хүргэсэн байна. Учир нь тэрээр асрамжийн газар очих хүсэлтэй илэрхийлж байсан билээ. Тус сайтаас саяхан бас эргэж очин биеийн байдлыг ийнхүү тодруулжээ.
Сэтгүүлч: Биеийх нь байдал гайгүй юу?
Б.Алтанчимэг: Бие одоо гайгүйдээ. Тэр сурвалжлага болсоны дараа хороо , дүүргээс хүмүүс ирж намайг эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгээсээ шууд энэхүү Тереза эх асрамжийн газар хүргэж өгсөн. Эндээ асрагчаар асруулаад сайхан халуун дулаан байранд олуулаа бужигнаад сайхан байна.

Энэхүү Тереза асрамжийн газар 3 сарын хугацаатай байна гэсэн үү? Яагаад 3 сар гэж байгаа юм болоо?
Б.Алтанчимэг: Тийм. Харж хандах хүн байхгүй гэдгийг нотлох ёстой юм байна. Манай нөхөр , охидуудыг дуудаж шүүх мүүхээр л орох юмшиг байна. Асрамжлах хүнгүй бол асрамжийн газар удаан байж , асрамжлах хүнтэй бол удаан байж болохгүй юм байна гэж би ойлгосон. Энэ асрамжийн газрын систерүүд нь их мундаг хүмүүс байдаг юм байна. Систер гэж куб хүн байдаг юм байна. Тэр хүн миний байдлыг ойлгоод сайн сонссон. Миний бие өмнө нь доогуураа юу ч байхгүй юмшиг юу ч мэдэрдэггүй гулжигнаад байсан чинь одоо ингээд энд ирээд асрагч нарын буянгаар нуруу муруу сайхан мэдээ орж байна.
Ахмадын баяраар асрамжийн газрыхнаараа хамтдаа хоолонд орж бас кино үзсэн талаараа ярихдаа Б.Алтанчимэг эгч нүүрэндээ инээмсэглэл тодруулжээ. Кино театр кино үзэхдээ амьдралын маань сайхан мөчүүд бодогдоод уйлсан талаараа ч нулимс унагаан ярьжээ
Сэтгүүлч: Сая 10.01-нд ахмадын баяраар асрамжийн газрыхантайгаа гарцгаасан юм байна тэ?
Б.Алтанчимэг: Тэгсэн. Ёстой гоё байсан. Өдөржингөө сайхан сандал дээр суугаад. Эрүүл хүншиг сайхан мэдрэмж төрсөн. Кино үзээд, хоолонд ороод ёстой сайхан байсан. Өмнө охинтойгоо Өргөө кино театрт хамтдаа маруужин идээд кино үзээд явж байсан тэр жаргалтай үеээ санаад уйлсан. (уйлав). Хүнд даанч өвчин хэлж ирэхгүй хийсэж ирэх юм. Би уг нь ерөөсөө өвдөж хавддаггүй хүн байсан. Энэ өвчин надад хийсээд л хүрээд ирсэн. Өчигдөр тэгэхдээ их сайхан байсан. Бүгдээрээ бүжиглээд. Би эд нар шиг бүжиглэх юмсан гэж бодоогүй өөрийн мэдэлгүйл суудал дээрээ биеэ хөдөлгөөд бүжиглэсэн.

Амрамжийн газар ирээд анхандаа уйлж байсан ч одоо дасчихсан хэмээн ярьж байлаа. Асрамжийн газрых нь эрхлэгч Б.Алтанчимэгийг том охинтой нь утсаар яриулсан ба охин нь миний ээж жаахан тэсчихвэл охин нь хөлөө олчоод өөр дээрээ авна хэмээн ярьсан байна.
Б.Алтанчимэг: Олуулаа бужигнаад , инээлдэхдээ инээлдээд , муудалцахдаа муудалцаад одоо ер нь дасаж байгаа. Эхэндээ ирээд хэсэг дасахгүй уйлсан. Том охин маань надтай ярьсан. Миний ээж сэтгэлийн тэнхээтэй байгаарай, битгий өвдөөрэй, охин нь олон зүйл бодож байна , одоо байр түрээслэж байгаа болохоор таныг авч чадахгүйн , охин нь өөрийн гэсэн байртай болчоод таныгаа авнаа гэсэн. Охин нь өглөө ажилдаа 8 гэж яваал орой ажлаасаа 10 гэж ирээл ажлын төлөө зүтгэж байгаа. Би үргэлж энэ чигээрээ байхгүй шүү ээжээ , таныхаа төлөө бодсон зүйл байгаа шүү гэж охин маань хэлсэн. Өчнөөн олон хүмүүс надад сэтгэлийн дэм өгсөн. Надад сэтгэлийн тэнхээ өгч байгаа олон түмэндээ талархаж байна. Мөн энэ Тереза асрамжийн газрын хүмүүстээ их баярлалаа. 60, 70 тай гялалзсан эмээ нар энд байдаг. Би тэгж насалмаар байна. Би хоёр охин төрүүлсэн юмчинь ач гучаа үзнэ гэж бодож байгаа. Ямар ч л байсан хөл дээрээ босохын төлөө тэмцнээ хэмээн ярилцлага өгчээ

Өнгөрсөн хугацаанд өөрт нь тусалсан Батсайхан гэгч хүнийг онцлон ярилцлагын туршид хэлж байжээ. Б.Алтанчимэгийн амьдарч байсан гэр түрээсийнх байсан учраас гэрийг нь буулгажээ. Түүнд цаашид БЗД-ийн 24-р хорооны туслалцаа хэрэгтэй. Учир нь ар гэрээс нь асран хамгаалах боломжгүй гэдэг тодорхойлолт шүүхийн шийдвэрээр баталгаажиж улсын асрамжийн газарт байх эрх нь үүсэх ажээ.
Эх сурвалж: zarig.mn