Ижил он, сар , өдөрт төрсөн , ижил нэртэй хос

Хэн нэгэн гэр бүл өөрсдийгөө ижил онд , ижил сард тэр тусмаа ижил нэг өдөр төрөөд тэгээд бүр адилхан нэртэй гээд танилцуулвал уншигч та итгэх үү? За үгүй байлгүйдээ гээд итгэхгүй хүн олон байх болов уу. Ер нь та ийм ховор тохиолдлын эзэдтэй өмнө нь учирч байсан уу. Маш ховор болов уу.

Тэгвэл ийм ховор хувь заяаны эзэд Увс аймгийн Тэс суманд амьдарч байна. 1948.05.03-нд төрсөн тэднийг Даваагийн Мягмар, Жамаагийн Мягмар гэдэг. 2020 оны байдлаар Монгол Улсад ижил нэртэй 360, нэг өдөр төрсөн 1996 хос байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Харин яг тэдэн шиг ийм ижилхэн он, сар, өдөрт төрсөн, адилхан нэртэй хос маш ховор гэнэ.

Өдгөө 74 настай буурлууд маань гал голомтоо бадраагаад 57 жил болж байгаа ажээ. Бага наснаасаа бие биедээ ижилдэн дасаж, олон жилийг хамтдаа элээж яваа тэднийг жинхэнэ заяаны ханиуд гэлтэй. Тэд багадаа нэг ангид сурдаг байсны сацуу саахалт айлын хүүхдүүд байсан гэнэ. Хамтдаа хичээлдээ явж, хамтдаа хонь, хургаа хариулж явдаг байсан гэнэ.

17 насандаа гал голомтоо бадраасан хосууд маань 12 хүүхэд төрүүлж өсгөжээ. Долоон хүү, таван охин төрүүлсний отгон хоёр нь ихэр охид гэнэ. Түүнчлэн анхны ач нь ихэр охидтой нь нас чацуу гэнэ шүү. Бас л ховорхон тохиол биш гэжүү. Үр, ач олонтой өнөр өтгөн буурлууд маань одоо өсөж, төрсөн өлгий нутаг Увс аймгийн Тэс суманд малаа маллан сайхан амьдарч байна.

Ийнхүү ховорхон заяаны эзэн Даваагийн Мягмар гуайтай eguur.mn сайт 2020 онд ийнхүү ярилцлага хийж байжээ.

Ижилхэн нэртэйгээс гадна адилхан жил, сар, өдөр төрсөн нь та хоёрт онцгой санагддаг уу? Эсвэл энгийн зүйл гэж хүлээж авдаг уу?

Багаасаа л нэг нэгнээ мэддэг байсан учир бид хоёр нэг их онцгой гэж бодож байсангүй. Гэхдээ бас энгийн явдал биш байх шүү. Хувь тавилан гэдэг л энэ байх даа.(инээв)

Та хоёр шиг адилхан жил, сар, өдөрт төрсөн өөр хос байдаг болов уу?

Манай нутагт өмнө нь ижил нэртэй хоёр хөгшин байсан. Гэхдээ нэг он, сар, өдөр төрсөн эсэхийг нь мэдэхгүй юм. Их л ховор байдах байх даа. Сонирхож байгаагүй юм байна шүү.

Адилхан нэртэй, ижилхэн он, сар, өдөр төрснийг нь хүмүүс их гайхдаг байх. Санаанаас тань гардаггүй хөгжилтэй үйл явдлаас хуваалцахгүй юу?

Залуу байхад хөгтэй явдал их болно оо. Айл саахалтын хүмүүс “Мягмар гуай” гээд л дуудахад нэр нэгтийн чих нэг гэгчээр хөгшин бид хоёр хоёулаа эргэж хардаг. Ах аа, эгч ээ гэж ялгаж дуудаж бай гэж их хэлдэг юм. Одоо ч нас өндөр болсон тул өвөө, эмээ гэж дуудах нь элбэг болж. Хүмүүст тэр болгон ижил он, сар, өдөр төрсөн гэж хэлээд байдаггүй. Гэр бүл, үр хүүхдүүд минь л мэднэ дээ.

Үр хүүхдүүд тань хаана амьдардаг вэ. Та хоёр хэн , хэнтэйгээ хамт амьдарч байна?

Хүүхдүүдийн маань ихэнх нь Улаанбаатарт ажиллаж, амьдарч байна. Отгон хүү маань гэр бүлийн хамт хөгшин бид хоёртой хамт амьдардаг юм. Хүүхдүүд маань амралт, баяр ёслолоор нутагтаа ирчихээд буцдаг даа.

Хүүхдүүддээ юу гэж захиж, сургадаг вэ?

Хүн хамгийн чухал нь эрүүл энх явах. Эрүүл энх байваас бүх зүйл сайхан болно шүү дээ. Мөн ажилсаг, хичээнгүй байж олондоо тустай яваарай гэж үр хүүхдүүддээ захидаг даа

хэмээн ийнхүү ярилцлага өгч байжээ.

ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.