Uncategorized

МУГЖ, Дуучин Л.Болдбаатар: Амьдрал яг л тэгшрээд ирэхэд ээж минь яваад өгсөн дөө.

“Хар нүдэн бүсгүй” дуугаараа ард түмний хайрт дуучин болсон Лосолын Болдбаатартай ярилцсан сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

:-Эх орны маань баруун хязгаарт өдийд гурван ес тачигнаж байгаа. Та төрж, өссөн нутгийнхаа талаар бидэнд зураглавал?

:- Ер нь бол баруун хязгаарт, нутагт маань нуурын жавар ороод мод нь цантчихсан, уулын оройд будан татчихсан байгаадаа. Бага байхад Орос тэрэгний тос царцаад явдаггүй гэж сонсдог байсан. Тийм л газар өсөж, торнисон доо. Цаашаа Увс аймгийн Тэс суманд тэрнээс ч хүйтэн байдаг. Тийм ч учраас их л өлчир өссөн дөө. Одоо ингээд бодоход хүн паартай машинд явж, паартай байшинд амьдрахаар их бээрэг болчихдог юм байна. Эргээд харахад хүүхэд насанд байсан үе маань бас л хэцүү юм байна лээ.

:- Дуулах дуртай хүүхэд “Би дуучин болно” гэж зорилгоо хараахан тодорхойлж чадахгүй шүү дээ. Тэгвэл тэр үед дуучин болоход ийм шат дамжлагыг давж, ингэж дуучин болно шүү гэж зөвлөж байсан хүн байгаа юу?

:- Мэдээж 10-н жилийн дунд сургуулийн дуу хөгжмийн багш нар маань байгаа. Мөн миний аав, ээж хоёр маань байна. Багаасаа Цэрэнчимэд агсан, Адарсүрэн агсанг сонсож өсөөд, тэр хүмүүсийг дуурайж дуулдаг, дууны сайхан амт шимийг хар багаасаа мэдэрсэн юм шиг санагддаг шүү. Эргээд бодоход аав, ээж нөлөөлсөнөөс гадна өөрөө маш их чармайлт гаргасан. Би ер нь “Дуучин болъё”, “Ард түмний хүү болъё” гэсэн зорилготой маш удаан явсан. Хүн урдаа зорилго тавиад явбал хүрэхгүй газар байдаггүй юм болов уу даа гэх бодол их төрж байгаа. Одоо ингээд харахад анхны уран бүтээлийг маань ард түмэн маань маш сайхан хүлээж авсан. Тэрэнд их урамшиж, сэтгэл их хөдөлсөн. Тэгээд л цааш үргэлжлүүлэх итгэлтэй болж авсан даа. Хэрэв эхний дууг маань хүмүүс хүлээж аваагүй бол би магадгүй нутаг руугаа буцах байсан. Тэгэхээр алсын баруун хязгаараас ирсэн хэрэг минь ингэж бүтсэн.

СУИС-ийн дуурийн дуулаачын ангийг төгссөн. Тэр үед багш нар маань надад “Эсвэл мэргэжлийн дуулаачаар яв, эсвэл нийтийн дуучин бол” гэж надад хэлж байсан. Нийтийн дуунаас холдъё гэвч миний сэтгэлд нэг л бууж өгөхгүй байсан. Эхний жилдээ сэтгэл хоёрдож байсан боловч хоёр дах жилээсээ дуурийн дуу руу шимтэн орж, хажуугаар нь сэтгэлийг минь татаад байсан нийтийн дуугаа орхихгүйг хичээж багш нараасаа нууцаар дуулж их явдаг байлаа. Тэгээд нийтийн дуу дуулж, дуулж ирээд дуурийн дууны дасгал уншихаар өөр дуу дуулсаныг минь багш нар маань мэдчихдэг байсан. Заавал аль нэгийг нь сонгох шалгуурын өмнө багш намайг зогсоогоод, цаашид яаж ажиллах талаараа шийдэх хэрэгтэй болсон юм. “За би нийтийн дуунаасаа холдмооргүй байнаа багшаа” гэж хэлээд одоогийн замналдаа орсон. Ганхуяг багш минь сонголтыг минь ойлгож, хүндлээд “Хоолойны чинь диаффазоныг би мэдье, урсгал чиглэлээ чи өөрөө мэд дээ” гэж хэлэхэд нь маш их баярлаж байлаа. Тэгээд л би нийтийн дуундаа орсон.

:- Яг өнөөдрийн Болдбаатар хэмээх дуучны өнгө аяс, бусдаас ялгарч байгаа онцлогоо та сургуулиар заалгасан уу, Аль эсвэл өөрт чинь байдаг уу?

:- Сургуулиас сурсан гэхээс илүү өөрт минь байсан байх /инээв/. Дуу дуулна гэдэг бол цэвэр мэдрэмжийн асуудал. Дуулж байна гээд хаа хамаагүй орилоод байвал их өрөөсгөл шүү дээ. Тэгэхээр тухайн дууг сонсож, мэдэрч байж түмэн олны чихэнд хүргэнэ. Иймээс бас их мэдрэмж шаардлагатай гэж би боддог. Биднийг бага байх үед маш их тэмцээн, уралдаан болдог байсан. Түүнд багаасаа оролцсон, одоо мундаг дуучид болсон Р.Дэлгэрмаа, Б.Банзрагч, Д.Бурмаа нараас эхлүүлээд олон бий. Би нэг ч тэмцээнд шагнал авч үзээгүй ээ, дандаа “үзэгчдийн шагнал” авдаг байсан даа /инээв/.

:- Зорьж ирсэн сургуульдаа тэнцээд, их хотод хөл тавихад хэр өөр ертөнц угтсан бэ?

:- Би 1994 онд “шилдэг сурагч” хүртэж, “Олон улсын Найрамдал” зусланд 21 хоног амарч байлаа. Гэрээ маш их санадаг байсан. Тэр үед бол тэс өөр ертөнц байлаа. 9 дүгээр ангид аав минь бурхан болж, өсвөр насны хэдий ч айлын том хүү учраас өрх гэрээ толгойлж явах үүрэг надад ирсэн юм. Гэхдээ хүний амьдрал яг л зурсан зургаараа явдаг гэж би боддог. Эцэг эхдээ эрх танхи өссөн хүүд амьдрал үзүүлье гэж ийм хатуу явдал тохиолдсон юм байхдаа гэж ойлгосон. Миний амьдрал бол бусад хүмүүсийн л адил өгсөж, уруудаж, эрээнтэй бараантай, гэрэлтэй гэгээтэй явсан. Тэр үед ааваасаа салах надад маш хэцүү байсан. Ээж минь “За миний хүү одоо ингээд 2 дүүгээ, ээжийгээ, гэр орноо авч явах цаг нь ирлээ” гэж хэлэхэд тухайн үедээ нэг их юм бодоогүй. Аргагүй шүү дээ, нялхаараа шахуу байлаа. Одоо бодохнээ маш том хариуцлага хар толгой дээр минь гэв гэнэтхэн буугаад л ирсэн байсан.

Дуучин Л.Болдбаатар “4000 ногоон тэжээл хандивлав” – tac.mn
Эх сурвалж: tac.mn

1998 онд ээж минь намайг хөтлөж СУИС руу оруулж өгөөд “Миний хүү одоо энд сургуульд сурна, ээж нь ингээд 2 дүүтэй нь цуг нутаг буцлаа” гэж хэлэхэд нь надад үнэхээр хүнд туссан. Хүүгээ өрөвдсөн үү яасан ээж, дүү нар маань хотод суухаар болж, айлын хашаанд гэрээ барьж амьдардаг болсон доо. Тухайн үед СУИС хамгийн өндөр төлбөртэй сургууль байлаа. Муу ээж минь хичээсээр байгаад л намайг төгсгөсөн. Энэ сургуулийг төгсгөөд, дуучин болгочихвол миний хүү амьдралаа аваад явах хэмжээнд хүрнэ гэж ижий минь алсыг харсан байх гэж боддог.

:- Айлын том хүү байна гэдэг таны хувьд?

:- Айлын том хүү байна гэхээсээ илүү хүн байна гэдэг маш нарийн зүйл байдаг. Хүн дуртай зүйлдээ үнэнч байж чадвал амьдрах арга нь заавал олддог. Хэрэв тэр үед ээж маань намайг амьдрал хэцүү, урлагийн хүн хоолоо олж идэж чадахгүй гээд өөр сургуульд, өөр мэргэжлээр сургасан бол би өдийд ингэж яваа ч уу, үгүй ч үү. Ижий минь асар их ухаантай хүн учраас хүүгээ хүсэл, сонирхолых нь дагуу өндөр төлбөртэй ч байсан хамаагүй сургаж төгсгөөд өөрөө бурхны оронд заларсан. Амьдрал яг л тэгшрээд ирэхэд ээж минь яваад өгсөн дөө.

Аав минь миний дуучин болохыг үзэж чадаагүй, ээж минь зах зухаас нь мэддэг болсон болохоор сэтгэл нь амарсан болов уу гэж боддог. Ээж минь нэг удаа “Чи дандаа аавын тухай дуу дуулах юм. Ээжийн тухай дуулахгүй байна” гэж надад гомдоллов. Бодоод үзсэн чинь нээрээ л би ээжийн тухай дуу дуулаагүй юм байна. Тэгээд Цэн.Эрдэнэбатад “Би ээжийн тухай дуу дуулмаар байна” гэдэг саналаа хэлээд Мөнхцэцэгийн шүлэг “Амь халуун” гэх ээжийн тухай цоо шинэ дуутай болж авав. 2009 онд тоглолтон дээрээ ээжийгээ индэр дээр суулгаж байгаад нөгөө дуугаа дууллаа. Сэтгэлээсээ дууллаа. Ээж маань ч их баярласан. Гэтэл тэр тоглолтоос сарын дараа ээж минь өнгөрсөн /уйлав/. Тэгээд л надад энэ бодол төрсөн дөө. “Хүнд дуу зориулж бүтээж болохгүй юм байна” гэж. Ээжийн минь сэтгэл нь ханаад л яваад өгсөн байх гэж боддог. Уншигчдад аа хандаж хэлэхэд амьд сэрүүн хүнд дуун хөшөө гэж мөнхийн хөшөөг босгож хэрэггүй байдаг юм байна лээ шүү /уйлав/.

:- Аавынхаа тухай сайхан дурсамжаа хуваалцаач?

:- Манай аав тээврийн жолооч хүн байсан. 81-14 УА дугаартай тэрэг барьдаг байлаа. Энэ машины кабинд ч би их цагийг өнгөрөөсөн дөө. Энэ кабинд анх дуучин болох эхлэлээ тавьж, тээврийн замд аавдаа дуулж өгдөг байлаа. Тэр машин миний амьдралын их замыг нээж өгсөн байх гэж би одоо боддог /уйлав/.

Аавын хүү ч аргагүй АВЬЯАСТАЙ юмаа...
Хүү Б.Ганбаатарын хамт

:- Бидэнтэй ярилцсанд баярлалаа таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье!

:- Баярлалаа. Түмэн олондоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!