ЖИНХЭНЭ АЙМШИГ ГЭЖ ЮУ ВЭ?

Хэдхэн жилийн өмнө Хан-Уул дүүрэгт хойд аавдаа байнга зодуулж , доромжлуулдаг байсан жаалхан хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Ээждээ хүү нь “Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа хэрэлдэж , зодолддог шүү дээ” гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж үхлийг сонгосон хүүгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шүүх үед эхийн амнаас “Би гомдолгүй ээ” гэсэн үг унаж билээ. Халуун хэвлээсээ унагаж амьдрал бэлэглэсэн үрээ алдчихаад , хар элгийн эр өмөөрч зогссон эхийн сэтгэл шиг хатуу юм энэ орчлонд байдаггүй юм билээ.

1990 оны намар 6 настай Н гэх охиныг хойд эцэг нь гэр цэвэрлэсэнгүй хэмээн хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байв. Улмаар талийгаач Н гэх охиныг төрсөн ээж нь нөхөртэйгөө нийлэн чемоданд хийж газарт булаад , бичиг баримтыг нь шатаасан байсныг цагдаагийн байгууллагаас хожим нь илрүүлж байжээ. Энэ хэргийн тухай баримт “Ардын эрх” сонинд нийтлэгдэж , нийгэм нэг хэсэгтээ л жигшиж байсан.

Хөвсгөл аймагт сураггүй алга болсон жаахан хүүг эрлийн групп газар сайгүй хайж, олчих санаатай өдөр шөнөгүй мацаж явахад нь “Гомдолгүй ээ, одоо эрлээ зогсоо, зогсоо” гэж хэлэх эх хүн бас байсан л юм.

2019 оны 12-р сарын 20-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд нэг ой 3 сартай болон 2 настай ах дүү хоёр хойд эцэгтээ зодуулж , ах нь амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Хойд эцэг нь жилийн өмнө хорих ангиас суллагдсан байсан бөгөөд хэрэг үйлдэгдэх үед төрсөн эх нь хойд эцэгтэй нь хамт архидан согтуурсан байсан нь тогтоогдсон.

Хөдөө алт ухахаар явахдаа гурван жаахан хүүхдээ гэртээ нь үлдээгээд долоо хоног сураггүй алга болчихоод эргээд ирэхэд нь хүүхдүүд нь өлссөндөө зурагтаа ломбарданд тавиад талх боов авч идсэний төлөө зодож гэмтээсэн байсан.


“….Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг толгойтой
Хөгшин муу хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр минь …” гэж шүлэглэдэгсэн яалаа. Эх үрийн цагаан сүүгээр хэлхсэн нандин холбоо, эцэг эхийн элбэрэл хайрыг зөвхөн шүлэг найраг, үлгэр домогт үлдээмээргүй байна.
Амьдрал хэцүү байгаа, бүгдээрээ мэднэ. Тэглээ гээд энхрий үрсээ хайхрахгүй хаяж, амь насыг нь бүрэлгэж болно гэж үү. Амьдралын зовлон бэрхшээл бидний хүнлэг сэтгэл , хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм гэж үү… Энэ бол жинхэнэ аймшиг


Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.