Цаг үеийн мэдээлэл

“Дэлхийн тэргэнцэртэй мисс” тэмцээнд Монгол бүсгүй маань амжилттай оролцлоо

Мексикийн нэгдсэн улсад зохион байгуулагдсан “Дэлхийн тэргэнцэртэй мисс” шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Б.Лхамсүрэн маань амжилттай оролцож, шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Тус тэмцээнд Монгол Улс ийнхүү анх удаагаа оролцож байгаа юм байна. Мисс Б.Лхамсүрэнгийн хувьд 2019 онд Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Тэргэнцэртэй сайхан бүсгүй-2” тэмцээний Үндэсний ялагч болж, дэлхийд өрсөлдөх эрхийн эзэн болсон билээ.

Тэрээр тус тэмцээний “Авьяас” төрөлд тэргэнцэртэй бүжиг бүжиглэж, хамгийн өндөр оноог авсан байна. Тийнхүү тэрбээр бүжгийн урлагт дурлаж “тэргэнцэртэй бүсгүйчүүд бүжиглэж чаддаг шүү” гэх сэдлийг олон бүсгүйчүүдэд өгсөн юм.

Тэрбээр 16 жилийн өмнө авто осолд орж, алхаж чадахаа больсон гэнэ. 16 жил гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж байсан түүнийг нэг л өдөр гэрээс нь гаргаж, нийгэм рүү уруу татсан хүн нь “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” улсын анхдугаар тэмцээний ялагч Д.Цолмон ажээ.

Тэрхүү урилгыг хүлээн авч, зөвшөөрөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн нь түүний хань. Энэ талаараа тэрбээр хэлэхдээ: “Цолмон над руу захидал бичсэн “Тэмцээнд орооч ээ” гэж. Тухайн үед өөртөө итгэхгүй, эргэлзээд нэг хэсэгтээ хариу өгөөгүй гэнэ.

Гэтэл нөхөр маань “Ороод үз. Чи чадна” гэж урам өгсөн. Тэр үг надад маш том дэм болсон” хэмээн ярьж байв. Ийнхүү тэр “Хөгжлийн бэрхшээл” гэх үгээр хөгжих боломжоо хаасан олон эмэгтэйчүүдэд урам өгөхөөр “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна.

Монгол түмнийхээ өмнөөс Б.Лхамсүрэн бүсгүйдээ халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилт хүсье.

Түүний хэлэх дуртай “Хөгжлийн бэрхшээл бол өвчин биш” хэмээх үгээр нийтлэлээ өндөрлөе

Эх сурвалж: new.zindaa.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!