Манай аав ээж одоог хүртэл намайг урлагт ажиллахыг хүлээн зөвшөөрдөггүй

“Эмоци” продакшны жүжигчин Т.Бадамжавтай newspress.mn сайтаас ярилцаж байсан ярилцлаганаас хүргэж байна. Үзэгчдийн дунд Жерри гэх нэрээрээ танигдсан тэрээр “Рекит”, “ТҮЦ-ний охид”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Aldar+Jerry” гэх зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн авьяаслаг залуу жүжигчдийн нэг билээ.

Намайг Тогтохбаярын Бадамжав гэдэг. Хүмүүс Жерри гэдгээр нь илүү мэдэх байх. Би Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Таван настай байхдаа аав, ээж, ахын хамт Улаанбаатар хотод ирж одоог хүртэл амьдарч байна. Дээрээ ахтай болоод ч тэр үү багадаа их эршүүд хүүхэд байсан. Усаа зөөх, нүүрс түлээгээ бэлдэх зэрэг ажлыг ахтайгаа ээлжлээд л хийдэг байлаа. Манай аав ээж хүүхдээ багаас нь ажил хийж сургах ёстой гэж үздэг хүмүүс. Тэр ч утгаараа би их ажилсаг.

Би бүжиглэх их дуртай, бүжгийн урлагт хайртай хүүхэд байлаа. Бүжгийн урлагаар хичээллэж гурван ч удаа улсын аварга болж байсан удаатай. Тэгэхдээ намайг бүжгээр хичээллэхэд аав ээж маань тийм ч дуртай байгаагүй. Гэрээ цэвэрлэх, хувцасаа угаах, хоолоо хийх гээд бүгдийг нь “төгс” хийчихээд л нүүр бардам болчихоод л дугуйландаа явдаг байсан даа.

Манай аав ээж одоог хүртэл намайг урлагт ажиллахыг хүлээн зөвшөөрдөггүй. Эмэгтэй хүүхдэд ахадсан, хүнд мэргэжил гэж боддог хүмүүс. Хэдий наанаа боль, орхи гэдэг ч гэсэн миний хамгийн үнэнч шүтэн бишрэгч, шүүмжлэгч, дэмжигч бол аав, ээж хоёр минь юм. Оройтоод ирэхэд хоолыг минь бэлдээд хүлээнэ, кинонд хэрэг болсон бүх зүйлийг маань авч өгнө гээд л. Би аав ээждээ маш их баярладаг гэдгээ хэлмээр байна.

Би телевизээр гардаг нэвтрүүлэгч эсвэл сэтгүүлч болно гэж хүсдэг байлаа. Өөрийгөө жүжигчин болно гэж бодож байсангүй. Дунд сургуулиа төгсдөг жил сургуулиас маань биднийг театрт жүжиг үзүүлдэг байсан юм. Нэг удаа “Парисын дарь эхийн сүм” жүжгийг үзээд “Тайзан дээр бүжиглэж, жүжиглэж, дуулж болно. Миний хийхийг хүсдэг бүх зүйлийг энд зэрэг хийж байна. Би яагаад жүжигчин болж болохгүй гэж” гэсэн бодол орж ирсэн юм.

Тэгээд л сэтгүүлч биш жүжигчний мэргэжлийг сонгосон доо. СУИС-ийн жүжигчний ангид орчихоод “Би кинонд тоглоно ч гэж юу байхав дээ” маягийн юм бодоод хичээлээ хийгээд л явдаг оюутан байсан даа. Өөртөө итгэх итгэлгүй байсан гэхүү дээ.

СУИС-ийн оюутнууд төгсөөгүй байхдаа дүрийн санал ирвэл хүлээн авч болдоггүй журамтай. Надад кино, реклам, клипэнд тоглох санал багагүй ирж байсан ч тоголж байгаагүй. Харин хоёрдугаар курст байхдаа “NTV” телевизийн бүтээсэн олон ангит кинонд тоглоод амжсан шүү. “Guys” хамтлагийн дуучин Б.Төгсбаяр ахын “Улаанбаатар би чамд хайртай” олон ангит киноны гол дүр бол миний анхны дүр юм. Хүслэн нэртэй зураач охины дүр байсан. Мэдээж анхны гол дүр учраас айж сандрах зүйл бишгүй л байлаа. Кино багийн хамт олон надад бүх зүйлийг зааж, сургадаг байсан учраас тэр хүмүүсийн хайр халамжинд “сайн” тоголж чадсан гэж боддог.

Солонгост хэлний бэлтгэлд байхад Монголоос “Рекит” киноны санал ирсэн. Зохиолоо уншихад надад үнэхээр таалагдаж тоглохоор болсон юм. Надад ирсэн дүр бол Тамираа буюу тарган, эрэгтэйлэг, хайнга охины дүр байсан. Дүрээ бүтээхийн тулд таргалах хэрэгтэй болж нэг сарын хугацаанд 10 кг жин нэмсэн. Ямар ч дэглэмгүйгээр хүссэн бүхнээ идсэн дээ. Монголд ирсэнийхээ дараа шууд кино зургандаа орж, нуруу давсан урт үсээ тайрч халимаг болгоод зөндөө уйлсан. “Рекит” кинонд тоголсон маань мэргэжлийн хүнээс маш их золиос гарах ёстой гэдгийг надад хүлээн зөвшөөрүүлж чадсан кино юм.

Надад архи, тамхи болон өөр ямар нэгэн муу зуршил байхгүй. Би харин амттай хоолноос таашаал авч амьдардаг. Сайхан амттай, гоё хоол идэх их дуртай.

Би “жүжигчний” мэргэжилдээ хайртай. Бүр өвчилчихсөн гэж хэлж болно. Миний бодлоор энэ мэргэжилд хайргүй, мөн чанарыг нь мэдрээгүй хүн урлагт удаан тэсэхгүй гэж боддог. Зөвхөн би гэлтгүй монголын тайз , дэлгэцийн урлагт байгаа бүх жүжигчин мэргэжлээрээ өвчилсөн байдаг байх. Би жүжигчний ажлаа хэзээ ч хаяхгүй, урлагаас хэзээ ч гарахгүй гэж боддог. Харин ирээдүйд найруулагч, эсвэл продюсер, зохиолч болохыг үгүйсгэхгүй.

Би “Эмоци” продакшнд жүжигчнээр ажилладаг. Продакшны ах, эгч нараасаа алхам бүртээ шинэ зүйл сурч байдаг. Энэ том өрх айлын гишүүн болсон учраас хаана ч байсан нэрийг нь сэвтээхгүй байхыг хичээдэг дээ. Гадуур явж байхад таарсан зарим нэг хүн “За ганц инээлгэчих” гэдэг. Тэр болгонд нь би эмзэглэдэг. Учир нь бид нягтлан бодогч найзыгаа “За чи энэ бодлогыг бод” гэдэггүй шүү дээ. Мэргэжлээрээ бахархдаг хүний хувьд мэргэжлээ хэн нэгэнд таагүй байдлаар хэлүүлэхийг хүсдэггүй.

Зарим хүмүүс бодохдоо жүжигчний мэргэжлийг амархан гэж боддог байх. Камерны урд гараад үг хэлээд эсвэл инээгээд л болоо юм шиг. Гэтэл яг камерны урд гараад чадахгүй байх үе олон бий. Тэр үед “Яах гэж би энэ мэргэжлийг сонгов доо, энэ киног дуусгаад өөр чиглэлээр суръя” гэх бодол, шантрах үе их гарна. Өөрийгөө голох ч үетэй тулгарна. Кино проб өгөхөөр очиход “Намхан юм байна, царай нь болохгүй байна” гээд хэлэх төдийд л сэтгэлээр уначихна. Тэр болгонд уйлж өөрийгөө тайвшруулдаг. Дараа нь юун дээр алдсанаа ухаараад илүү сайн хичээдэг.

Жүжигчин бүрийн сэтгэлд тоглож үзэхийг хүсдэг дүр байдаг байх. Би ихэвчлэн хөгжилтэй, жоохон хүүхдийн дүр бүтээдэг. Би бодохдоо өөрийн хэв маягийг эвдсэн, тэс ондоогоор өөрийгөө харуулж, хувирсан дүрд тоглохыг хүсдэг. Магадгүй хэлгүй охин, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй нэгний дүрд ч юмуу. Өмнө нь ажиллаж үзээгүй дүрд тогловол сонирхолтой байх. Нэмж хэлэхэд би түүхэн кинонд тоглож үзээгүй. Чингис хааны үеийн ч юмуу түүхэн кинонд шивэгчний дүр бүтээх юмсан гэж бодоод байдаг юм. Цаашдаа энэ дүрүүдээ бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Эх сурвалж: newspress.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.