9 дүүгээ зөв хүн болгон хүмүүжүүлж тусалсан хүмүүсийнхээ ачийг нь хариулна

С.Ариунболор охины хамгийн том мөрөөдөл бол дүү нараа цуглуулаад хамтдаа элэг бүтэн амьдрах юм. Одоо харин энэхүү хамгийн том мөрөөдөл маань биелчихсэн сайхан байна хэмээн С.Ариунболор охин хэллээ. Ариунболор өнчирч хоцорсон 9 дүүгээ , өөрийн нялх охиныхоо хамт өсгөж буй хэрсүү ээж бас эгч гэдгээр нь олон хүмүүс мэдэх билээ.

Есөн дүүдээ ээжийнх нь оронд ээж , аавынх нь оронд аав болсоор ирсэн. Асрамжинд байсан дүү нараа цуглуулан хамтдаа байх боломжийг түүнд Ангууч буюу Мөнхтөр , Мөнхжин , Даваажаргал нарын залуус байрны урьдчилгааг нь хандивын аянаар бүрдүүлсэн юм. Харин энэхүү сайн үйлсийг “Улаанбаатар групп”-ээс дэмжиж С.Ариунболорыг 9 дүүгийнхээ хамт энэ оны 8-р сард байрандаа орсон юм.

Энэ талаар С.Ариунболор охинтой zarig.mn сайтын хийсэн ярилцлаганаас хүргэж байна.

Сэтгүүлч: Хэзээ байрандаа орсон бэ?

С.Ариунболор: Бид байрандаа ороод 3-4 сар болж байна.

Сэтгүүлч: Өмнө хаана байсан бэ?

С.Ариунболор: Энэ байрны өмнө Viva city-д байр түрээслэж байсан. Мөнхжин , Мөнхтөр ах нар байрандаа ортол байр түрээслэж өгсөн. Одоо энэ байрандаа орчихсон чинь сайхан тухтай байна. Олуулаа одоо ийм сайхан том байранд ирчихсэн чинь олон эрэгтэй дүү нар маань чөлөөтэй бужигналдаж , дураараа хүссэнээрээ тоглоцгоож их сайхан байгаа.

Сэтгүүлч: Дүү нараа хичээл сургуулиас нь авах тэр ажлуудаа хэрхэн зохицуулдаг вэ?

С.Ариунболор: Өдөр хичээлээ тарсанууд нь бусдыгаа хичээлээс нь аваад , олуулаа болохоор дэм дэмэндээ зохицуулчихдаг. Цэцэрлэгийн нэг дүүгээ бол би өөрөө ажилдаа явахдаа хүргээд , ажлаа тарахдаа авчихдаг.

Сэтгүүлч: Дүү нараа хичээлийн хажуугаар дугуйлангуудад явуулдаг юм байна.

С.Ариунболор: Тийм. Бүгдэнг нь Цагаанбарс гээд жудо клубт явуулж байгаа. Олон эрэгтэй хүүхдүүдийг бүгдэнг нь би өөрөө хүмүүжүүлж чадахгүй учраас спортын мөр хөөлгөчихвөл илүү дэгтэй болох байх гэдэг үүднээс спорт сонгосон.

Сэтгүүлч UB группын Ерөнхийлөгч Ц.Батбаатарт хандан: Сая орж ирэхэд олон хүүхдүүд өмнөөс бужигнаад угтаж байна. Энэ олон сайхан хүүхдүүдийг ийм сайхан байранд оруулсан сэтгэгдэлээ хуваалцаач.

Улаанбаатар группын Ерөнхийлөгч Ц.Батбаатар: Сайхан байлгүй яахав. Манай UB группын нэгэн уриа бол эх хүүхдийн төлөө гэсэн уриатай. Тийм учраас Ариунболор дүүдээ болон дүү нартаа ийнхүү тусалсан. Анх бол манай хэсэг бүлэг найзууд 60 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж өгсөн. Харин манай компанийн зүгээс 210 сая төгрөгийн байрыг дүүдээ ингээд хандив болгоод өглөө. Хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл үүний цаана манай компанийн хамт олон байгаа гэсэн үг. Мөн Ариунболор дүүдээ баяр хүргэе. Ариунболор дүү маань энэ олон дүү нараа маш мундаг авч явдаг. Дүү нараа харж хандахын хажуугаар өөрөө ажил хийгээд ингээд бүгдийг зохицуулаад явж байна. Ариунболорын дараагийн 2 том дүү нь бас их мундаг байна. Дүү нараа хичээл сургуульд нь зөөж байна. Дүү нараа үлгэр жишээ өсгөж байгаад нь миний бие их талархууштай байна.

Ариунболор дүү нараа хөл бөмбөг , жудо , сагсны дугуйланд явуулдаг. Учир нь спорт хүнийг төлөвшүүлж , сахилга баттай нэгэн болоход тусалдаг хэмээн ярив. 

С.Ариунболор: Манай дүү нар олуулаа учраас зарим нь медаль авна , зарим нь авахгүй барьцана. Жишээ нь сая манай 2 дүү Эрдэнэтрүү тэмцээнд яваад нэг нь медаль аваад нөгөө нь аваагүй ирсэн. Тэгээд би дүү нартаа хэлсэн юм: “Заавал хүн медаль авахдаа биш , ямарваа нэг юманд оролцож үзээд өөрийгөө сорьж байна гэдэг нэг түвшин ахиж байна аа гэсэн үг. Тийм учраас заавал би медаль авах ёстой гэсэн үүднээс юманд хандаж хэрэггүй”гэж зөвлөдөг. Медаль авч байгаа дүү нарынхаа бүх медалийг гэртээ өлгөчихөөр манай гэрт нэг цойлоод байдаг нэг дүү маань байдаг учраас түүний медаль ихдээд байдаг. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх мэт санагдсан. Аа энэ дандаа ингэдэг, тэр тэгдэг гэсэн үзэл бодол бий болчино гэж бодсон

С.Ариунболор: Одоогийн байр маань хамгийн захын учраас хөршүүддээ дуу чимээ ихтэй асуудал үүсгэх нь харьцангуй гайгүй байгаа. Бас тоглоомын талбайруугаа харсан цонхтой учраас дүү нараа цонхоороо хараад хянаж болоод байдаг. Өмнөх түрээсийн байранд манайд 5 давхарт амьдардаг байхад би дүү нартайгаа тоглоод пижигнэлдэхэд цагдаа ирж байсан удаатай. Орилж чарлалдаж , пижигнэлдэж тоглож байгааг хөрш маань сайн ойлгоогүй , хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гээд цагдаа дуудсан байсан хэхэ.

Ц.Батбаатар: Удахгүй хотхон нь евро стандартын хөл бөмбөгийн талбайтай болж байгаа, бас сагсан бөмбөгийн талбайтай болно. Дүү нар нь спортод их дуртай. Тэгэхээр дүү нар нь хотхоноосоо гарахгүйгээр спортоор хичээллээд , чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломжтой болж байгаа.

С.Ариунболор: Манай ээж миний хоёр охин чинь хаана ч явсан хэдэн дүү нараа газардуулахгүйдээ гэж их хэлдэг байсан. Миний нэг аз гэж хэлмээр юмуу , эсвэл өмнө насны буян маань  ч байж магадгүй хаана ч очсон дандаа зөв хүмүүстэй учирч  , таарч явдаг. Би өсвөр насандаа хүүхэд асрагч хийж байхад тэр айлуудын хоёр эгч зоригтой , тууштай зан чанарыг маань  зааж өгсөн. Би дүү нартаа зөв сэтгэлтэй , зөв хүн байх гэж хичээгээрэй , тэгвэл амьдрал та нарыг шагнана шүү гэж захидаг.

С.Ариунболор: Ийм сайхан дулаан , тухтай гэр оронтой , элэг бүтэн амьдраасай гэж хүсэн тусалж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дүү нараа зөв хүн болгон хүмүүжүүлж ачийг нь хариулнаа гэж хэлмээр байна.

Ц.Батбаатар Ариунболорт хандан: Хүмүүс хандив өгсөн гээд , манай компаниас байр өгсөн гээд миний дүүгийн хувдьд бид нарт өр байхгүйшүү. Бид аав ээждээ, энэ улс эх орондоо л өртэй. Тэгэхээр ахын дүү дүү нараа их сайхан хүмүүжүүлж, Монгол улсын сайн иргэн болгож хүмүүжүүлвэл энэ бүх хүмүүсийн тусыг сэтгэлийн хариу өглөө гэсэн үг юмшүү.

Эх сурвалж: zarig.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.