Өөд болсон эхнэрийнхээ хүслийг биелүүлж хадам ээждээ машин бэлэглэжээ
Эхнэр нь хүнд өвчинөөр өвдөж эхнэрийнхээ эмчилгээний төлбөрийг олохын тулд тэрээр 2019 онд өөрийн сошиал сүлжээнд ийнхүү бичиж байжээ. “Өрхийн тэргүүний үүрэг гэр бүлээ бүрэн бүтэн байлгах. Тийм болхоор ханийнхаа эмчилгээний мөнгийг бүрдүүлэхийн тулд шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Эко гар утасны тавиар минь бэлэн боллоо. Нэлээн ажиллагаа бас орж байна шүү олон тоогоор захиалга авч таны хүссэн лого нэр бичиж болно. Цэвэр дүбэ мод будаг, лак,лазур, өнгөлгөөтэй” хэмээн бичиж байжээ.



Харамсалтай нь хайртай гэргийгээ алдаж 3 хүүхэдтэйгээ үлдсэн ч Б.Батзориг амьдралд бууж өгөлгүй , сөхрөлтгүй хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө эхнэрийнхээ нэгэн томоохон хүслийг биелүүлж хадам ээждээ машин авч өгчээ.

Энэ талаараа өөрөө хэлэхдээ: “Боломжиндоо тааруулж ханийнхаа ярьж байсан нэг хүслийг биелүүлж бидэн дөрөв нь эмээдээ машин бэлэглэлээ. Эмээ нь одоо хүссэн үе дээрээ хүүхдүүд дээрээ ирж байх боломжтой боллоо. Сайхан байна аа” хэмээжээ.

Тэрээр мөн эхнэрийнхээ талаар хэлэхдээ : Эхнэр маань өвдөлтөө надаас нууж уйлна, би тэрийг нь мэдчихээд мэдэгдэхгүй гэж нулимсаа нууж арчина” хэмээн уйлан ярьж байжээ. Гурван хүүхдийнхөө төлөө амьдралын төлөө зүтгэж яваа энэ сайхан сэтгэлтэй залууд сайн сайхан бүхнийг хүсье.