Цаг үеийн мэдээлэл

Дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ нэг жилийн өмнө болсон олон улсын хуралд оролцсон үеийн бичлэг нь цахим орчинд тархаж, нилээд шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ асуудалд Б.Болор-Эрдэнэ сайд тайлбар хариулт өгөхдөө: Жилийн өмнөх миний оролцсон хурлын бичлэгээс тастаж авсан хэсгийг олуулаа ярилцлаа. Би энэ талаар өөрийн байр суурь илэрхийлж, бодит үнэнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярилцсан юм. Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн байсан юм. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдхэн секундийн яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна. Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр жишээ боллоо гэж бодож байна.” хэмээн тайлбар хэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр уг асуудалтай холбогдуулан дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон талаараа өөрийн цахим хуудаснаа ийнхүү мэдэгдлээ. Үүнд:

Б.Болор-Эрдэнэ: “NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа. Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна. Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, харлуулах технологи, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ. Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ! Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно. Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн та бүхэнд баярлалаа.” хэмээн бичжээ.

Тэрээр энэхүү мэдэгдэлд хүмүүсийн сэтгэгдэлээс хуваалцвал:

Сэтгэгдэл 1: Яаая их олон залуучуудын нурууг авлаа даа. Олон залуучуудад урам өгч байсан шүү. Харь орны соёлоос суралцаад эх орондоо, тэр тусмаа төрийн албаны хүнд хэцүү ажилд нухлагдах зориг гаргасан цөөн залуусын төлөөлөл шүү дээ. Уул нь тэсээд үлдсэн бол хэрэгтэй л байсан юм даа. Сошиалаар ажил хийдэг Засгийн газартай болсон юм биздээ. Харамсмаар…

Сэтгэгдэл 2: 100 жилийн түүхтэй коммунист нам шүү дээ. Хэн ч орсон хуучны системийг дийлэхгүй. Заримынх нь иддэг хоолыг нь цахим болгочихоор, нуудаг мэдээллийг нь ил болгочихоор олон дайсантай болох нь аргагүй. МАН-аас тусдаа байж л өөрчилж чадна

Сэтгэгдэл 3: Харамсалтай байна. Зөвхөн татварын ерөнхий газраас тодорхойлолт авах гэж УБ хот зорьдог байсан. E-mongolia гарч ирснээр заавал хот орж зардал чирэгдэл учрахгүй хоногийн 24 цаг хэзээ ч авах боломжтой болсон. Нүүр тулсан харилцаа, хүнд суртал тодорхой хэмжээнд арилах тал дээр дэвшил гарсан Энэ наад захын жишээ. Залуу дайчин үлгэр дууриалалтай мэдлэгтэй эмэгтэй төрийн албанд ажиллаж өөрчлөлт авчрахыг хичээж байгааг хараад бахархаж бна. Битгий шантраарай амжилт

Сэтгэгдэл 4 : Энэ хүртэл явж байгаа амжилтыг нь харж бахархдаг дэмждэг. Гэхдээ бурууд буруугаа шударгаар хүлээж сур бүсгүй минь. Магадгүй шалихгүй хэлний мэдлэгтээ эрдэлгүй, төрийн сайд хүний хувьд монголоороо ярьсан бол ийм алдаа гарахгүй байсан байх. Гадаад улсад өөрийн ажиллаж буй монгол төрийг доромжлоно гэдэг урвалт, төрийн эсрэг гэмт хэрэг шүү дээ. Гадаад харилцааны мэдлэггүй байж болно, тэгэхдээ төрийн сайдын хувиар төрийн ёслолын албанаас зөвлөгөө авч болно шүү дээ. Үүндээ зөв уучлал гуйхын оронд тэмцэнэ, ганцаардлаа гэнэ үү, тэгж ярьвал чам шиг ганцаардаагүй, их дэмжлэгтэй яваа хүн байхгүй шүү. Үүлэн дээр хөвөөд байлгүй, бодит хөрсөн дээрээ буугаад зөв уучлал гуйгаад явчих, тэгвэл бүгд дэмжинэ. Өөрийгөө дөвийлгөх гэж эргэн тойрноо хэмлэх чинь арай биш шүү. Мууг нь хэлчихсэнд уучлаарай. Бусдаар бол чам шиг олон хүүхнүүд төрд орж ажиллах нь зүйтэй л байна.

Сэтгэгдэл 5: Яагаад залуухан царайлаг ухаантай эмэгтэйд бүгд дургүй юм бэ? Ялангуяа эмэгтэйчүүд бид өөрсдөө яагаад шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ дэмждэггүй юм бэ хамгийн муухай үгийг эмэгтэйчүүд эмэгтэй хүндээ хэлдэг юм бэ?

Сэтгэгдэл 6: Чи энд дахиад л алдаа гаргаж бна. Шинэ хуучин үе зөрчилдөөд байгаа юм биш ээ, та нарын сандал ширээний тэмцэл л явагдаж бна. Чиний хэлж байгаагаар пс мэддэггүй жирийн нэг хөгшин жилийн өмнөх бичлэгийг чинь гаргаж тавиагүй! Тэгээд ч ахмадынхаа үг зөвлөгөөг залуус сонсож, амьдралын туршлагаас нь суралцаж явах нь нийгмийн хөгжлийн зайлшгүй процесс гэдгийг ч чамд хэлэх хэрэг бна уу да…албан тушаалд хорогдох биш шүү, хоргодох гэж бичнэ…

Сэтгэгдэл 7: Өө намын ах нарынхаа трол армид л гомдох хэрэгтэй. Жирийн иргэд e mongoliasaas авхуулаад, авлига болоод төрийн албаны хүнд сурталтай мэргэжилтэнгүүдээс, дарга нараас залхаж шинэчлэлт хүсэж байгаа. Жирийн иргэд лав өөрийг чинь солихийг хүсээгүй.

Сэтгэгдэл 8: Төрийн түшмэл сэнтийд заларсан хүн Хаана хэзээ хэнд юу ярих вэ гэдгээ ухаж тунгаа Хэт оодрох таатай бус

Сэтгэгдэл 9: Зөв ч бай буруу ч бай! Алаг эрээн амьдралыг туучаад ирсэн Ахмад үе рүүгээ нулимж, доромж байдлаар хандсан нь буруу лдаа. Гэхдээ нөгөө өнцөгөөс нь харахад энэ бүсгүй ил цагаан хэлж байгаа болохоос далд газар Ахмад үеэ жинхэнэ мад тавиад нулимаж ирсэн.  Би энэ бүсгүй буруутгаж доромж үг хэлэхгүй! Залуу хүний омголон зан… ажлаа хийж байгаа хүн алдаа гаргадаг.
Хүчтэй зоригтой бас далдхан санаатай байгаарай! Хөөрхөн хүсэл тэмүүлэлтэй дайчин бүсгүй минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!