Хүн чанаргүй автобусны жолооч
Нэгэн иргэн сошиал хуудаснаа ийнхүү бичжээ.
2022.11.09-ны оройн 23:23 цагт…
Туул өртөө буюу Баянзүрх товчоо өнгөрөөд нилээн явж байтал замын хажууд хоёр жаахан юм гар өргөж байна. Хурдтай явсан учраас нилээн өнгөрөөд зогсвол гүйгээд ирж байна аа. Цүнх үүрчихэж.
Нусаа шор шор татна, бээрчхэж….
Хаа хүрч яваа юм гэж асуухад “харих гэж явнаа” гэнэ. Гэр нь хаана вэ гэхэд “энүүхэнд хонхорын наад буудал” гэнэ. Яагаад ингэж оройтож байгаа юм гэхэд “хичээл тараад” гэнэ. Юу гэсэн үг юм. Шөнө болсон хойно тардаг хичээл гэж хаана байна гэлээ. Тэгэхэд өмнөөс “байгаа шүү дээ ахаа” гэлээ. Хаана аль сургууль вэ гэхэд “Улаанхуарангийн…”.
Юу хийлгэдэг юм. Багш нар чинь та хоёрыг ийм хол гэртэйг мэддэг үү? гэхэд “Мэднэ , мэднэ” гэлээ. Багшийн чинь утас байна уу гэлээ. Тэгсэн өмнөөс “Яах юмбэ ахаа, Бид хоёр дандаа ингэж оройтдог юм. Сурчихсан юмаа. Зүгээр зүгээр” гэлээ. Та хоёр хэддүгээр анги вэ? Би 9 , энэ манай дүү 8-р анги гэлээ.
Танай цаад Хонхорт сургууль байдаггүй юмуу? “Байхгүй шүү дээ ахаа”
Аав ээж, ах эгч нар чинь та нарыг тосдоггүй юмуу? гэхэд “Бид өөрсдөө оччихно оо гээд утсаар яриад зохицуулчихсан” гэлээ. Мөн зохицуулваа, хэрвээ машин зогсохгүй бол яах юмбэ та хоёр? “алхчихна шүү дээ” . Хэдэн цаг алхах вэ? “Гайгүй ээ , 2 цаг хавьцаа. Уг нь автобус явдаг юм”
Шөнийн 12 болох гэж байхад ямар юмных нь автобус байдаг юмбэ. Сүүлийн автобус хэдэн цагт зогсдог юмбэ? гэхэд “10 цагт зогсдог. Уг нь бид хоёр сүүлчийн автобусанд амжаад суусан юм. Тэгсэн жолооч ах Туулын гүүр гарсанаа ХҮНГҮЙ БАЙНА, БИ БУЦЛАА гээд бид хоёрыг буулгачихаад буцчихсан” гэлээ.
Тэгээд та хоёр 10 цагаас хойш алхсан байхнээ. “Гараа өргөөд л зам дагаад алхсаар энд ирсэн”гэлээ. Манай гэр энэ , тэр ногоон хаалга гээд бууцгаав. Тэгээд буугаад чихээ дараад гүйлдчихэв. Хоёр нөхөр тоглож наадаж яваад л оройтсон байх. Учир нь багштай чинь яръя гэхээр учиргүй сандарсан. Энэ хоёр ийм хүйтэнд шөнө оройн цагаар цаг гарантай алхжээ. Тэр автобусны жолоочийг бодохоор л…ХҮН ҮҮ? МАЛ УУ? Автобус компанийн удирдлагууд нэг юм бодно байгаа! хэмээн бичжээ.

Хүмүүс энэхүү үйл явдалд дараах сэтгэгдэлтэй байна.
Сэтгэгдэл 1: Ямар өөдгүй жолооч вэ? Хүүхдүүдийг гэрт нь ойрхон сургуультай болгоё оо Хотын даргаа , Боловсролын сайд аа! Сургуулийн автобусаа захын дүүргүүдэд хангалттай болгоё оо.

Сэтгэгдэл 2: Пээ, ямар хөгийн юм бэ. Японд ганцхан сурагчийн төлөө бүхэл бүтэн төмөр зам, галт тэрэг явж байхад ядаж шугамынхаа явах ёстой чиглэлээр нь хийх ёстой ажлаа хийгээд дөхүүлээд өгчихгүй ямар хогийн жолооч вэ?

Сэтгэгдэл 3: Японы нэгэн алслагдмал тосгонд хүрдэг галт тэрэг хэдий ганцхан зорчигчтой ч зорчигч охиныг ахлах сургуулиа төгстөл нь түүнд зориулж шугамандаа явдаг байсан тухай нэг нэвтрүүлэг үзэж билээ. Манай нийгэм хэзээ нэг хүмүүнлэг энэрэнгүй болно доо. Улам л дордоод байх шиг.

Сэтгэгдэл 4: Хувийн сургуулийн хүүхдийг автобусны шалан дээр суулгаж тээвэрлэсэн гээд сурвалжлаад байсан сурвалжлагч нар борчуудын хүүхдийг нийтийн автобуснаас харанхуй шөнө буулгасан, бас улаанхуарангийн сургуулийг сурвалжлах болов уу?

Сэтгэгдэл 5: Нийтийн тээврийнхэнд лекц уншиж толгойд ЧИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮН ямарч нөхцөлд ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ хүндлэх ёстой байдгийг ойлгуулж өгмөөр юм даа АРАЙ Л БАЙНА ШҮҮ
