ГОО БҮСГҮЙЧҮҮД

Фитнесс модел “Anuxai”

“Anuxai’s fitness show” нэвтрүүлгээрээ илүүтэй олонд танигдсан Фитнесс багш Анухай буюу Н.Анужингийн талаар энэ удаагийн нийтлэл дээрээ онцоллоо. Учир нь түүний “Anuxai’s fitness show-2” тун удахгүй буюу 2022.11.15-нд эхлэх гэж байна.

Биеийг урлахуйн спортоор хичээллэж, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцон Монголынхоо нэрийг цуурайтуулж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн Н.Анужингийн 2 жилийн өмнө gogo.mn сайтад өгсөн ярилцлаганаас хүргэж байна.

Тэрээр фитнессийн спортыг анх сонирхож эхлэхдээ л амжилт гаргах ёстой шүү гэж өөртөө амлалт өгч байжээ. Жирэмсэн байхдаа 16 кг жин нэмсэн ч амаржиж эмнэлэгээс гараад 7 хоногийн дараа л бэлтгэлээ эхлэн, 45 хоногийн дотор буцаад хэвийн жиндээ орж, тэмцээнд хүртэл оролцож байжээ. Залууст өөрөөрөө үлгэрлэн, фитнессийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй хөдөлмөрч бүсгүйн ярилцлагыг хүлээн авна уу.

Сэтгүүлч: Урин дулаан цаг ирж, нимгэн хувцсандаа орох үе дөхөөд ирэхээр хүмүүс гоо сайхан, бие галбиртаа илүү их анхаарал хандуулдаг юм шиг санагддаг?
Н.Анужин: Сүүлийн үед хүмүүс заавал урин дулаан цаг гэлтгүй улирал хамаарахгүйгээр гоё байхыг хичээдэг болсон. Өвөлдөө шинэ жил, цагаан сар гэх мэт тэмдэглэлт өдрүүдэд их ач холбогдол өгч, бэлддэг болжээ. Мөн хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилж байгаа юм шиг санагдаж байна.

Сэтгүүлч: Биеийг урлахуйн спорт гэгддэг фитнессийг хэзээ сонирхож эхлэв? Хэрхэн анх энэ салбарт хөл тавьж байсан бэ?
Н.Анужин: 2013 оны арванхоёрдугаар сард анх фитнессээр хичээллэж эхэлсэн. Ингээд сарын дараа шууд сонирхогчийн үүднээс тэмцээнд орсон. Харин 2015 оноос мэргэжлийн түвшний тэмцээнд оролцож, амжилт үзүүлж байлаа. Хамгийн анх фитнессийн хаалгаар орохдоо л энэ спортоор заавал амжилт үзүүлэх болно гэж өөртөө амласан.

Сэтгүүлч: Манай уншигчидтай гаргасан амжилтуудаасаа хуваалцвал?
Н.Анужин: Улсын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс 1 алт, хоёр мөнгө, Хонг Конгийн олон улсын цомын тэмцээнээс 2 алт, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, ДАШТ-ээс 2 алтан медаль тус тус хүртэж байсан.

Сэтгүүлч: Эмэгтэй хүн хэтэрхий булчинлаг байх дэмий, тийм ч сайхан харагддаггүй гэсэн үзэлтэй хүмүүс байдаг. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?
Н.Анужин: Энгийн хүмүүс фитнессээр хичээллээд заавал булчинтай болох шаардлагагүй. Заримдаа эмэгтэйлэг байх дуртай ч гэсэн миний хувьд мэргэжлийн тамирчин учраас булчингаа хөгжүүлэх шаардлагатай. Би фитнесс модель ангиллаас спорт модель ангилалд шилжсэн. Тиймээс бүр ч их булчиндаа анхаарах хэрэгтэй. Би ийм биетэй байхдаа дуртай, бүр дасчихсан. Зарим хүн “Яасан муухай эрэгтэй хүн шиг юм бэ, трансжендр юм уу” гэх мэт элдэв бусаар хэлдэг ч одоо тоохоо байсан. Би чинь хүүхэдтэй эх хүн. Хүмүүсийн сөрөг хандлагыг эерэгээр тусгаж авдаг.

Сэтгүүлч: Фитнесст явж “нүд хийнэ” гэх зэрэг хэллэг бий. Ер нь фитнессийн орчин ямар байдаг вэ. Тодорхой зарчим, соёл үйлчилдэг үү?
Н.Анужин: Фитнессийн багш нарт ёс зүйн зарчим бий. Харин хичээллэгч нарын хувьд өөрсдийн сонголт. Ганц бие охид, залуус нэгнээ шохоорхох, хостой болох зорилготой байж болно. Бааранд танилцсанаас фитнесст танилцсан гэвэл дараа нь ярихад ч дээр шүү дээ. Харин багш бол хувцаслалт, харилцаа, үг ярианаасаа эхлээд ёс зүйтэй байх хэрэгтэй. Би цахим сүлжээгээ чөлөөтэй, хөгжилтэй байдлаар хөтөлдөг ч зааланд орохоор чанга багш болчихдог.

Сэтгүүлч: Хүний биеийн хамгийн хурдан хөгжих боломжтой булчин юу бол. Булчинг хэрхэн ангилдаг вэ?
Н.Анужин: Булчингийн хөгжлийг хүний генээс хамааралтай гэж үздэг. Зарим охин байгалиасаа маш гоё өгзөг, шилбэтэй байдаг. Анх намайг фитнессээр хичээллэж эхлэхэд хэвлийн булчин маш сайтай гэдэг байсан. Өгзөг бол том, цул булчин учир хурдан засал авдаг. Харин эмэгтэй хүн шилбэ, мөр зэрэг нарийн булчинг хөгжүүлэхийн тулд нэлээд хугацаа, хүч шаарддаг. Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм, амралт, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ зөв системтэй хэрэглэж чадвал маш хурдан өөрчлөгдөж болно.

Сэтгүүлч: Хүүхдээ төрүүлэхдээ хэдэн кг жин нэмж, хэрхэн хэвийн жиндээ буцсан бэ?
Н.Анужин: Жирэмсэн байхдаа 16 кг жин нэмсэн. Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ дунджаар 10-15 кг нэмдэг. Би Монгол ээжүүдийн адил төрснийхөө дараа 45 хоног гам барьсан. Хүмүүс хөхөндөө сүү оруулна гээд хуурай идэх юм их хэрэглэдэг. Харин би эсрэгээрээ хүмүүсийн авчирч өгсөн гурилан бүтээгдэхүүнүүдийг идэлгүй нуудаг байсан. Далайн замаг, үхрийн махтай шөл, гурвалжин будаа иддэг байсан. Ингээд 45 хоногийн дотор 16 кг хассан. Эмнэлгээс гараад 7 хоносны дараа бэлтгэлээ хийж эхэлсэн. Ингэхдээ өдөрт хүүхдээ салхилуулангаа 2 цаг алхдаг байсан. Ээжүүд төрсний дараа бэлтгэл хийх гэдгийг хүнд тусгаж авах нь бий. Гэтэл алхах гэдэг чинь төрсөн ээжүүдийн хувьд бэлтгэл. Ер нь аливаа зүйлийг хүндээр тусгаж авах шаардлагагүй. Хоолны дэглэм гэхээр л дэглүүлээд өлсөөд байх юм биш. Эрүүл мэндээ бодоод зөв хооллож байгаа хэлбэр.

Сэтгүүлч: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн булчингийн хөгжлийн гол ялгаа нь юу байдаг бол?
Н.Анужин: Эрчүүд байгалиасаа булчинлаг байдаг. Харин эмэгтэйчүүд тийм биш. Зарим эмэгтэй эрэгтэй хүн шиг булчинлаг байх нь бий. Гэхдээ эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хэд дахин илүү бэлтгэл хийж өөрчлөгддөг. Эмэгтэй хүн хэт булчин, шөрмөстэй муухай харагдаад байна гэдэг ч үүний ард нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, хугацаа ордог. Би бэлтгэл, хоолны дэглэмдээ дасчихсан. Хөдөлгөөн, фитнесс бол миний хамгийн чухал, таашаал авдаг зүйл. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт бэлтгэл хийхээр эрчүүд ичээд, бэлтгэлээ хийхгүй буланд очоод суучих гээд байдаг. Олон эмэгтэй дунд ганцаараа байх эвгүй санагдсандаа л тэр байх.

Сүүлийн үед өөрөө хичээллээд 10-20 кг жин хассан ээж нар нөхрүүдээ дагуулаад их ирэх болсон. Эрчүүдийн сэтгэлзүй жаахан хүүхдийнх шиг. Хоолныхоо дэглэмийг барихгүй, бэлтгэлээ тасална, заримдаа найзуудтайгаа уулзаж байна гэх зэрэг шалтгаанаар ирэхгүй. Эмэгтэйчүүд харьцангуй чих зөөлөнтэй, хариуцлагатай санагддаг.

Сэтгүүлч: Фитнессээр хичээллэе гэж боддог ч зориг нь хүрэхгүй хүмүүс бий. Тэд сэтгэлзүйгээ хэрхэн удирдаж, чадна гэх итгэлийг олж авч болох вэ?
Н.Анужин: Яг ийм байдалд байгаа хүмүүс эхлээд мэргэжлийн багштай уулзах хэрэгтэй. Би энэ спортыг сонирхож эхлээд эхний хоёр жил сайн багштай болж чадаагүй. Өөрийгөө, дангаараа бэлтгээд явахаар амжилт гаргах нь бага. Харин ажлаа сайн мэддэг мэргэжлийн багшийн туслалцаагаар хурдан шат ахих боломж бүрдэнэ.

Сэтгүүлч: Хүмүүс фитнессээр хичээллэж үр дүнгээ хурдан харахыг хүсдэг юм шиг санагддаг?
Н.Анужин: Хурдан үр дүн гардаг гэж хэлж болно. Би ч өөрөө хүмүүст хурдан үр дүн гаргахад тусалдаг. Жин хасахад заавал 6 сараас нэг жил шаардагддаг зэрэг хэвшмэл ойлголт бий. Гэтэл хүний бие цаг тутамд, өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг зүйл. Фитнессээр хичээллээд долоо хоноход л гэдэс багасаж, үр дүн мэдэгдэж эхэлдэг. Нэг сарын дотор харагдахуйц өөрчлөлт гарна. Би олон хүнтэй ажилласан тул үүнийг баттай хэлж чадна. Хүмүүст өөрийгөө өөрчлөхөд нь тусалдагтаа туйлын баяртай байдаг.

Миний нэг үйлчлүүлэгч эгч анх 90 гаруй кг жинтэй байсан. Дөрвөн хүүхэдтэй, энэ жинтэй 10 жил болсон, өөрийгөө өөрчлөх хүсэлтэй байна гэж надад хандсан. Түүнтэй тулж ажилласны үр дүнд 3 сар 20 хоногт 24 кг жин хассан. Энэ хугацаанд бид хоёр эгч, дүүс, найз нөхөд шиг дотно болсон. Эгчийн нөхөр Солонгост ажилладаг. Би эгчтэй хамт явж, даашинз сонгоод нүүр, үсийг нь янзлуулсан. Ингээд эгч Солонгос руу нөхөр рүүгээ очсон чинь нөхөр нь эхнэрээ танихгүй зөрөөд өнгөрсөн гэсэн. Энэ мэт эерэг сайхан өөрчлөлтүүд олон бий. Хүмүүсээс олон талархлал сонсдог. Үүнээс л урам авдаг. Сүүлийн үед залуус эхнэрээ танай хөтөлбөрт хамруулах гэсэн юм гээд холбогдох болж. Эхнэрээ урьдных шигээ гоё болоход нь нөхрийн зүгээс дэмжлэг хэрэгтэйг ойлгосон гэж хандах нь бий.

Сэтгүүлч: Та ямар тамирчдаас үлгэр дууриал авдаг вэ?
Н.Анужин: Монголынхоо тамирчдыг хүндэлдэг. Г.Гансаруул, Г.Угалзцэцэг эгч, дасгалжуулагч Б.Түвшинтогтох багшаасаа урам зориг авдаг. Тамирчны амьдралаар сайхан амьдарч болдгийг олон хүн харуулж байна. Өмнө нь тамирчид гэхээр боломж тааруу мэт төсөөлөлтэй байлаа. Харин одоо тамирчид өөрсдөө зардлаа даан, олон улсын тэмцээнд оролцож, амжилттай сайн явж байна. Фитнессийн спорт хоол унднаас эхлээд зардал өндөртэй.

Сэтгүүлч: Фитнесс хоолонд юу, юу багтдаг вэ?
Н.Анужин: Жингээ хасахыг хүсэж буй хүмүүс 2-3 сар хатуу дэглэм барих шаардлагатай. Ингээд жингээ буулгаж чадвал дараа нь хуучин иддэг байсан хоолоо зохицуулаад идэхэд таргалахгүй. Хүмүүс насаараа фитнесс хоол идэх юм шиг боддог. Хэдхэн сар л тэсвэл ахиж идэх шаардлагагүй ч байж болно. Арван кг хасах гэж байвал 2 сар, хорин кг хасах гэж байвал 3 сар гурил, тос, давсаа тодорхой хэмжээнд хасна. Фитнесс хоол гэдэг нь өөхгүй үхрийн мах, тахианы цээж мах, загасны мах байж болно. Нүүрс усаа гурвалжин будаа, овьёос, жигнэсэн ногоонуудаас авна. Интернетэд маш олон фитнесс хоолны санаа, зөвлөгөө, мэдээлэл бий. Монголчууд шөлтэй хоол идвэл турна гэж ойлгодог. Гэхдээ фитнесс хоолонд шөл бараг байдаггүй. Хуурай хоолнууд түлхүү бий. Шөлтэй хоол байнга идлээ гээд жин буурахгүй, гэдэс цэрдийдэг. Үүний оронд мах ногоо жигнэж идээд байвал маш хурдан жин буурна.

Сэтгүүлч: Хорио, цээртэй энэ үед цахим сургалтууд эрчээ авч байна. Та цахимаар хичээл заадаг “Фитнесс эженси”-г нээсэн байсан энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгвөл?

Н.Анужин: “Фитнесс эженси” үйлчлүүлэгч төвтэй үйл ажиллагаа явуулдаг. Фитнессээр хичээллэхийг хүсэж буй хүмүүс юунаас эхэлж, хэнд хандах, аль фитнесст очих вэ зэрэг асуулттай тулгардаг. Нэг ёсондоо намайг анх хичээллэж эхлэхэд ямар хүндрэл үүсэж байсан, тэдгээрийг бусад хүнд хялбар аргаар шийдэж өгнө л гэсэн үг. Манай сургалтыг дэлхийн өнцөг булан бүрээс авах боломжтой. Ази, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлж байсан туршлагатай багш нар хичээл зааж, зөвхөн танд зориулсан сургалт, хоолны дэглэмийн хөтөлбөр гаргаж өгнө.

Сэтгүүлч: Та дасгал хийж байхдаа эрч хүчээ хадгалж, урам зоригтой байхын тулд юу хийдэг вэ?
Н.Анужин: Би саундклауд их ашигладаг. Хэрэгтэй подкаст, эрч хүч өгөх орчин үеийн шинэ дуу, заримдаа хуучны дуу ч сонсох дуртай.

Сэтгүүлч: Таны амжилт гаргаж, урагшлахад чинь нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл юу вэ?
Н.Анужин: Миний хүү миний урам зориг, хичээх ёстой шалтгаан маань юм. Би хүүхэд төрүүлээгүй байхдаа хариуцлага гэдэг зүйлийг мэддэггүй байлаа. Мөнгөтэй болбол үрчхээд л санаа амар явдаг байсан. Гэтэл одоо өөрөөсөө гадна хүүгийнхээ ирээдүйн төлөө хичээх хэрэгтэй. Надаас шалтгаалах маш олон зүйл миний нуруун дээр байна. Гэхдээ өөрийнхөө дуртай, дурласан зүйлээ хийж байгаа учраас надад амар байдаг.

Сэтгүүлч: Та цахим хаягуудаа хэрхэн хөгжүүлдэг вэ?
Н.Анужин: Цахим хаягуудаар дамжуулж өөрийнхөө дотор хүнийг нээхийг хүсдэг. Хөгжилтэй пост оруулж, нийгэмд гэрэл нэмэх дуртай. Цахим орчин бол миний ажлын нэг хэсэг. Би үйлчлүүлэгчдийнхээ үр дүн, биед гарсан өөрчлөлтийг харьцуулсан зургаар харуулж нийтэлдэг. Энэ нь ч хүмүүст сонирхолтой, урам зориг өгөхүйц сайхан санагддаг юм билээ.

Сэтгүүлч: Хоёулаа ярилцлагаа өөрийгөө өөрчлөхөөр зэхэж буй хүмүүст “ташуур” болох зүйл хэлж өндөрлөе?
Н.Анужин: Өөртөө амлаад, өөрийгөө өөрчилнө гэж бодож байтал баяр ёслол таарчихдаг. Тэгээд түүний дараа больё гээд хойшлуулна. Гэтэл баяр ёслолууд хэзээ ч дуусахгүй. Иймэрхүү зүйлээс шалтгаалж амлалтаа бүү зөрчөөрэй. Зоригтой алхам хийж, зорьсноо биелүүлмээр санагдсан бол шууд хийж эхэл. Маргааш гэж хойшлуулбал хэзээ ч дуусахгүй. Мөн мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч, зөв аргаар эхлээрэй гэж хэлмээр байна.

Эх сурвалж: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!