МУГЖ Т.Баясгалан ээжийнхээ хойтын буянд зориулан “Дүнчүүр маани”-г 70 бадаг бүтнээр нь хөгжөөжээ

МУГЖ , Дуучин Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандулам бурханы оронд залраад удаагүй байгаа билээ. Дуучин Т.Баясгалан хайрт ээжийнхээ хойтын буянд зориулан “Дүнчүүр Маани”-г 70 бадаг буюу бүтнээр нь хөгжөөн дуулжээ.

Тэрээр цахим хуудаснаа энэ талаараа: “Хайрт ээжийнхээ хойтын буянд зориулан “Дүнчүүр маани-г 70 бадаг бүтнээр нь хөгжөөн билэгт сайн өдөр та бүхэндээ хүргэж байна. Хамаг амьтан цаг үргэлжид амгалан жаргалтай, энх тунх , элбэг сайхан байх болтугай” хэмээжээ.

Түүнчлэн Дуучин бүсгүй маань хайрт ээжийгээ сүүлчийн замд нь үдэж ийнхүү бичжээ: “Алаг эрээн сүлэлдсэн хүний амьдралд жаргал зовлон ээлжилж насыг элээх нь үнэн. Туулж барах тавилан заяаг сөрж чадах нь хэнсэн билээ.

Хайртай ээжийнхээ сүүтэй энгэрт нүдээ нээсэн цагаасаа хайр уяралд нь эрхэлж нялхарч энэ хүртэл явжээ. Ижий минь намайг багад “Цуутын цагаагч гүү”-ний тухай үлгэрийг ярьж өгдөг байж билээ.

Эрчлэн довтлох шувуун сүргээс эцсийн мөч хүртэл унагаа хамгаалан тэмцдэг тэр л гүүний цолмон цоохор унагыг өрөвдөн уйлдагсан. Өнөөдөр охин нь өөрөө цолмон цоохор унага шиг торойн үлдлээ.

Ижий минь охиныхоо амьдрал туршид Цуутын цагаагч гүү шиг үрээ хамгаалжээ. Хайртай ижийгээ өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Хүнд бараан өдрүүдэд минь нөмөр хань болж байсан эрхэм дотны ахан дүүс , найз нөхөд 1-р эмнэлэгийн эмч , ажлын хамт олон та бүхэндээ чин сэтгэлээсээ Баярлалаа.

Зовох цагт хүний чанар танигддаг хорвоод зомгол шиг урсаад явчихгүй тэсч үлдэх нөмөр нөөлөг минь Та нар байлаа. Харуусал гунигийг минь хуваалцан буй Та олондоо талархая.

Ижий минь сайн төрлийг саадгүй олох болтугай , хайртай шүү ээжээ. Насан туршдаа санан дурсана” гэжээ.

Дуучин Т.Баясгалангийн хөгжөөсөн “Дүнчүүр Маани”-г доор видьёогоор орууллаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.