Уурхайн ээлжнээсээ буугаад хувцасаа сольж амжилгүй хүүтэйгээ цуг шууд тэмцээн үзэхээр явжээ
Саяхан сошиал сүлжээнд Кентуккигийн их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тоглолтын үеэр дарсан нэгэн гэрэл зураг интернэтэд үнэхээр од боллоо. Гэрэл зураг дээр хүүгээ дагуулсан нэгэн хөгжөөн дэмжигч харагдана. Тэгэхдээ тэр хөгжөөн дэмжигч эрийн хувцас нь бохир заваан, гар, нүүр нь нүүрсний тоос шороонд дарагдаж халтартсан байв. Энэ зураг чухам яагаад алдаршив…?

Уг гэрэл зургийг дэргэд нь сууж байсан хөгжөөн дэмжигч бүсгүй дарсан бөгөөд мөн Kentucky Wildcats багийн ахлах дасгалжуулагч Жон Калипари шейрлээгүй бол анзаарагдахгүй өнгөрөхийг үгүйсгэхгүй юм. Энэхүү ахлах дасгалжуулагч Жон гэрэл зураг дээр юу болсныг илүү тодорхой тайлбарласан байв. Тухайн тайлбартаа: “Энэ эр ээлжнээсээ буугаад тэмцээн үзэхээр шууд яаран ирсэн бололтой. Тэр хүүтэйгээ цуг тоглолт үзэхийг ихэд хүссэн нь тодорхой. Даанч шүршүүрт орж хувцсаа солих цаг түүнд олдсонгүй. Тийм учраас л ийм байдалтай тэмцээн дээр иржээ” хэмээн тайлбар хийн сошиал орчинд тараасан ажээ.

Дасгалжуулагч эр энэхүү аавын хүсэл сонирхлыг үнэлж дараагийн тэмцээн үзэх VIP тасалбарыг гэр бүлд нь гардуулж өгөхөө амласан байна.
Энэхүү гэрэл зураг алдаршсан тул зурган дээрх эрийн эхнэр нь ч илүү дэлгэрэнгүй тайлбар хийхээр шийджээ. Эхнэрийг нь Молли гэх бөгөөд энэхүү гэрэл зураг дээр нөхөр Майкл Макгуайр, түүний гурван настай хүү Истон нар байсныг тайлбарлав. Аав нь хүүгийнхээ анхны сагсан бөмбөгийн тэмцээнийг цуг үзнэ гэж амласан байжээ. Уурхайчны ээлж их орой тарсан тул Молли хүүтэйгээ цуг хоёулаа спортын ордонд очиж дараа нь аавтайгаа уулзсан байна. “Тэмцээн эхлэхээс өмнө нөхөр маань хүүтэйгээ цуг байх нь түүний хувьд хамгийн чухал зүйл байсан юм” гэж эхнэр нь бичсэн байв.

Гадаад байдлаараа бусдаас ялгарах энэ эрийн гэрэл зургийг Кентукки багийн үнэнч хөгжөөн дэмжигч Сью Киннер дарсан төдийгүй сэтгүүлчид өгсөн ярилцлагандаа: “Хувцас нь бохир, нүүр нь тоос шороо болсон , их ядарсан болов уу гэмээр царайтай, гэхдээ хүүгээ харах бүрдээ инээмсэглэл тодруулна. Харин хүү аавынхаа өвөр дээр эрхлээд л. Тэд үнэхээр аз жаргалтай харагдсан юм” хэмээн Сью сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сошиал сүлжээ хэрэглэгчдэд энэ эрийн түүх ихэд таалагджээ. Хүнд ажлын дараа ядарсан ч гэлээ хүүтэйгээ цуг сагсан бөмбөгийн тэмцээн үзэх цагийг гаргаж чадсан эцэг хүнээр хэн ч бахархана.
“Тэр энэ дэлхий дээрх хамгийн шилдэг аав” гэж эхнэр нь хэлсэн юм.

Макгуайрыг ажлаас нь гэнэт дуудахад буруу зүйл хийсэн юм биш байгаа гэж санаа зовсон гэнэ. Тэгээд ажил дээрээ явж ороход хамт олон нь алга ташин угтан авчээ.
Зураг цахим ертөнцөд тархсанаас хойш Макгуайрлуу буудлуудаас утасдаж үнэгүй өрөө санал болгож, ресторануудаас залгаж оройн хоолонд урьж, бүр машины дилерүүд машин бэлэглэе гэж хүртэл утасдсан гэнэ.
Эх сурвалж: news.xorom.com