Цаг үеийн мэдээлэл

Борхүүг маргааш Богдхан ууланд нутагшуулахаар болжээ

Борхүүг маргааш буюу 2022.11.17-нд Дархан цаазат Богдхан ууланд нутагшуулахаар болжээ. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар 5-р сард осгосон байсан бугийн элийг тэжээн өсгөж Борхүү хэмээн нэрийдсэн байдаг билээ. Тэгвэл өнөөдөр Борхүү маань 3 нас хүрчээ.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл 3 нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах , идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна. Тэгвэл Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэрийг ийнхүү гаргажээ.

Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ны талбайд эхлээд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулах юм. Борхүүд хүрээлэн буй орчиндоо дасган зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ын зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж, бэлчээрлүүлэх , идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах юм.

Борхүүг 2022.11.17-ны өдөр Богдхан уулын Тайны аманд “Мөнгөн эгшиг” ХХК-ын бэлчээрийн талбайд нутагшуулан хүлээлгэн өгөх юм. Уг үйл ажиллагаа олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй бөгөөд цагийг маргааш зарлах гэнэ.

Эх сурвалж: Байгаль орчин , аялал жуулчлалын яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!