Б.Энгүүнбат хүү өсөлтийн хоцрогдол , харааны бэрхшээлтэй ч гэсэн компьютер дээр хичээлээ бичдэг , цаашид одон орон судлахаар англи хэл сайн сурахаар төлөвлөж байна
Эх сурвалж: ETV
Өсөлтийн хоцрогдол , харааны бэрхшээлтэй Б.Энгүүнбат хүү өөрийн хүсэлтээр тусгай сургуулиасаа шилжин энгийн сургуульд 3 дахь жилдээ суралцаж байна. Брайль үсгээр хичээллэж байсан Энгүүнбат хүү ангийнханаасаа хоцрохгүйн тулд зөөврийн компьютер дээр арван хуруугаараа хурдан шивж сурсан байна.

Б.Энгүүнбат: Өмнөх тусгай сургуульд зааж байсан хичээл нь их хоцрогдолтой , би маш амархан бодчихдог байсан болохоор би энэ сургуульд арай л түрүүлж яваад байна гэсэн ойлголттой болоод тэгээд би өвөө эмээ , ээж аав нараасаа гуйж байгаад энэ энгийн хүүхдүүдийн сургуульд орсон. Өсөлтийн хоцрогдол , харааны бэрхшээлтэй л болохоос биш миний оюун ухаан бол энгийн хүүхдүүдийнх шиг учраас одоо энэ энгийн сургуулийн ангидаа хүүхдүүд мүүхдүүдээс асуухгүй хичээлүүдээ ойлгоод хийгээд явдаг. Бас компьютер дээр 10 хуруугаараа шивээд сурчихсан. Энгийн сургуульд суралцаж ангийнхнаасаа хоцрохгүйн тулд би зөөврийн компьютер дээр 10 хуруугаараа хурдан шивэхийг 3 долоо хоногийн дотор сурсан. Жишээ нь би одоо компьютер дээрээ “Монгол хэл” гэж бичээд харуулъя л даа.

Сэтгүүлч: Компьютер дээр шивж сурахад ер нь хэр хүндрэлтэй байсан бэ?
Б.Энгүүнбат: Сурахад амархан байсан. Компьютерийн кэйбоард дээр 10 хурууны байршил гэж байдаг. Кейбоардын голд тэмтрэхэд мэдрэгддэг тэмдэг байдаг тэрэнгээрээ баримжаа аваад 10 хуруугаараа шивдэг.

Өгүүлбэртэй бодлого бодоход ширээний найз нь Энгүүнбатад уншаад өгсөн тохиолдолд Энгүүнбат ямар ч асуудалгүй бодлогоо бодчихдог байна. Ангийнхан маань намайг шилжиж ирсэн цагаас хойш дэмжиж , цүнх болон зөөврийн компьютерийг хүртэл үүрч явж явдаг. Намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгалгүй , ойлгож явдагт баярладгаа ч хэлж байлаа.

Б.Энгүүнбат: Миний ард сууж байгаа Элбэгзаяа гээд охин ойрхон гэртэй учраас намайг гэрээс маань ирж авдаг. Анги хамт олон маань гадуурхаж харьцдаггүй , зүгээр хүүхдүүдтэй харьцаж байгаа шигээ л харьцдагт нь талархдаг.

Сэтгүүлч: Ангийнхаа хүүхдүүдийн ойлгохгүй байгаа зүйлийг чи зааж өгдөг үү, чамд бас хүүхдүүд зааж өгдөг үү?
Б.Энгүүнбат: Ангийнхаа хүүхдүүдийн ойлгохгүй байгаа зүйлийг зааж өгдөг. Жишээ нь: Үдшийн гялаа гэж юу вэ? гэж асуухад би хэлэхдээ энэ бол “Сугар гараг” гэж хэлж өгдөг ч юмуу иймэрхүү байдлаар тусладаг. Би өөрөө ч ангийхнаасаа бас тусламж авдаг.

Сэтгүүлч: Байгаль орчины хичээлдээ их дуртай юмшиг байна тэ?
Б.Энгүүнбат: Байгаль орчин, сансар судлал одон оронг маш их сонирхож судалдаг.
Сэтгүүлч: Яагаад сонирхдог вэ?
Б.Энгүүнбат: Одон орон судлал хэзээ ч дуусна гэж байдаггүй , шинэ мэдээлэл гарч ирсээрл байдаг нь таалагддаг. Дээрээс нь гаригуудын үүсэл , яаж үүссэн нь их сонирхол татдаг. 3-р ангиасаа буюу энэ сургуульд орж ирсэнээсээ хойш дуртай болсон.

Сэтгүүлч: Чи ер нь ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
Би мэргэжлүүдийн талаар нилээд бодсон. Би хөгжимчин юмуу эсвэл технологийн салбарт ордог юмуу гэж боддог.

Түүний юм хүлээж авахдаа сайн , суралцахдаа хурдан , хичээмтгий зан чанарыг багш нь ч магтдаг. Ирсэн цагаасаа хойш хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлсэн ангийн багш нь түүний хөгжлийн талаар ийнхүү ярилаа.
Нийслэлийн 50-р сургуулийн 5Г ангийн багш Х.Түвшинжаргал: Манай анги нийт 44 хүүхэдтэй. Энэ сурагч маань өөрөө сурах хүсэл эрмэлзэл ихтэй , аливаа юмыг их хурдан тогтоох ойлгох чадвартай учраас ерөнхийдөө боломж их өндөр байгаа. Би хичээлээ самбар дээр тайлбарлаж байх үед сонсохын зэрэгцээ давхар бичээд явдаг. Бусдад их заах , зөвлөх дуртай. Өөрийх нь сонирхол одон гараг, байгалийн ухаан талдаа сонирхолтой учраас тэр тухай мэдээллээ ангийхандаа ярих тохиолдол их элбэг байдаг.

Тусгай сургуульд сурахаар би хоцрогдоод байна гэж ээждээ хүсэлт гаргаж ийнхүү ээж нь түүнийг энгийн сургуульд оруулсан байна. Хувийн сургуульд хандсан ч хүлээж авах хувийн сургууль байдаггүй юм билээ гэр ярих тэрээр хүүдээ компьютер дээр хурдан шивэх дасгал зааж өгсөн байна. Хүү харааны бэрхшээлдээ эмзэглэдэггүй ч өсвөр нас эхэлсэнтэй холбоотой өсөлтийн хоцрогдолдоо бага зэрэг эмзэглэдэг талаар ээж нь хэлж байлаа. Харин харааны бэрхшээлтэй гэх мэдээллийг төрсөн аав нь эмзэг хүлээж аван хоёр тийш болсон ч одоо төрсөн ааваас дутахааргүй өөрийг нь хүлээн зөвшөөрсөн аавтай болжээ.

Б.Энгүүнбатын ээж Н.Энхзаяа: Төрсөн аав нь бол бүр нялх байхад нь салсан. Анхнаасаа танай хүүхэд хараагүй юм байна гэсэн мэдээллийг сонссоноос эхлээл цаашаа оршин тогтнох , хамт байх боломжгүй болсон. 1-рт тэр мэдээг яаж хэлж байгаа эмчийн ёс зүй муу байсан. Залуу гэр бүл энэ мэдээг яаж хүлээж авах уу , өмнө нь удамшлийн харааны бэрхшээлтэй хүн байна уу үгүй юу гээд тэр гэр бүлийг судалсан зүйлгүй , залуу гэр бүлд энэ мэдээг сонсгоход сэтгэлзүйн хувьд яах уу гэх мэт хандлага байхгүй зүгээр л унтуулгатай оношилгоонд ороод гараад ирэхэд пал хийтэл хэлээл , тэгээд л эх нялхасын хаалгыг саваад гарсан. Тэгээд л тэр гэр бүл цаашаа явах боломжгүй болсон. Тэгэхдээ бол одоо аавтай. Аав нь 1-р ангид нь байхаас эхлээд л Энгүүнээ хүүг маань дагаж явсан. Бүр ажлаасаа гараад л , хажууд нь туслах багшийг нь хийгээдл . Хүмүүс бүр гайхдаг. Төрсөн төрөөгүй хамаагүй хүүхдийг хүлээн зөвшөөрч , байгаагаар нь хүнийг хайрлана гэдэг маш агуу юм байдаг. Би хүртэл өөрөө хүүхдээ байгаагаар нь хүлээж авах гэж бараг л хоёр жил болсон.

Б.Энгүүнбат хүү маань том мөрөөдөлтэй . Одон орон судлах дуртай тэрээр англи хэл сурч байж энэ салбарынхаа шинэ мэдээллээс хоцрохгүй тиймээс англи хэлийг сайн сурах хэрэгтэй байна хэмээн ээждээ хандаж болжээ.

Эх сурвалж: ETV