ГОО БҮСГҮЙЧҮҮД

“Эх дэлхийн мисс-2022”-т Монгол улсаа төлөөлөн оролцож буй С.Нандин

“Эх Дэлхийн Мисс- 2022” тэмцээн Филиппин улсын Манила хотод 11 дүгээр сарын 12-29 өдрүүдэд болно. Дэлхийн миссийн тэмцээний гуравт эрэмбэлэгддэг энэхүү тэмцээний зорилго нь байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн боловсролыг олгохыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Тэмцээн цахим хэлбэрээр 10.24-нөөс эхэлж хийгдсэн байна. Монгол Улсыг төлөөлж энэхүү тэмцээнд Үндэсний ялагч Сэргэлэнийн Нандин оролцохоор Филиппиний Манила хотыг зорьсон юм.

Дэлхийн дулаарлын эсрэг Монгол эх орноо төлөөлөн өөрийн дуу хоолойгоо өргөж буй С.Нандин нь байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж иржээ. Тэрбээр гэр бүлээрээ олон жилийн турш зуу, зуун мод тарьж ургуулж өдгөө 3000 гаруй мод, бут тарьжээ. Энэ зун гэхэд 600 ширхэг бяцхан гацуур тарьсан байна. Энэ жилийн тэмцээнд 120 гаруй улсын гоо бүсгүй оролцож байна.

Тэрбээр С.Нандин маань 18 настай бөгөөд саяхан Гүржид болсон дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчийн тэмцээнээс Гранпри шагнал энэ жил хүртсэн юм.

Түүний аав П.Сэргэлэн нь Кувейт улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа тул Кувейтийн “БСК” дунд сургуулийн 12 дугаар ангид суралцах болсон байна. Харин ээж Б.Байгалмаа нь Гоёл-94 наадмын шилдэг шагвар өмсөгчөөр шалгарч байсан нэгэн билээ.

Өдрийн сонинд өгсөн С.Нандин-н ярилцлаганаас хүргэж байна.

“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсанд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу?

Юуны өмнө намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нийт монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Намайг Сэргэлэнгийн Нандин гэдэг. Би 18 настай. Миний хувьд өнгөрсөн тавдугаар сард Гүрж улсын Тбилиси хотод зохиогдсон Дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээнээс “Шилдэг үндэсний хувцас” болон Гран При шагнал хүртсэнээр “Эх дэлхийн Мисс-2022” тэмцээнд оролцох эрх авсан. Тайзнаа Монгол Улсынхаа нэрийг дуудуулахад маш их сэтгэл хөдөлж, бахархалтай гоё мэдрэмж төрдөг юм байна лээ. Мөн намайг энэ тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн ойр дотныхон, богино хугацаанд дээл хувцсыг минь оёж урласан хумүүсийн нөр их хөдөлмөрийг бодохоор огшоод тайзнаас буугаад би уйлж байлаа. “Эх Дэлхийн Мисс-2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох болсондоо туйлын баяртай байна. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад чиглэсэн энэхүү тэмцээнд оролцож эх орныхоо дуу хоолойг дэлхийд таниулан авьяас чадвар, ухаанаа уралдуулах хариуцлагатай үүрэг ирж байгаад талархалтай хүлээж авсан. “Эх дэлхийн мисс-2022” тэмцээн аравдугаар сарын 24-ний өдрөөс цахим хэлбэрээр эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 12–29-ний өдрүүдэд Филиппин улсад хүрэлцэн очиж тэмцээндээ үргэлжлүүлэн оролцоно. Тэмцээний бэлтгэл ажил нэлээд ихтэй байсан, одоо үндсэндээ хангадаж дуусч байна.

Тэмцээнд үндэсний ялагчийг шалгаруулахад төсөл их чухал үүрэгтэй байдаг шүү дээ. Өөрийнх нь хувьд ямар төсөл танилцуулсан бэ?

Байгаль эх бол хүний бие организмтай адил өөрөө өөрийгөө хамгаалж тэнцвэржүүлж байдаг гайхамшигтай зүй тогтолцоотой. Энэ гайхамшигт амьдралын тогтолцоог хүн төрөлхтөн бид хөндлөнгөөс хүчээр өөрчилснөөс үүдэн маш их сөрөг нөлөө үүсээд байгаа нь нууц биш юм. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хотжилт, үйлдвэржүүлэлтийн улмаас манай эх орон төдийгүй дэлхий нийтээрээ экологийн тэнцвэрт байдлыг эвдэхэд хүргэж буй нь харамсалтай. Тиймээс нийтээрээ байгаль орчноо аварцгаая. Үүний тулд бид дуу хоолойгоо нэгтгэж, сайн үйлсийн төлөө улс үндэстнээрээ гар нийлэх ёстой.

Өөрийнхөө гэр бүлийн гишүүдээ танилцуулахгүй юу?

Миний аавыг П.Сэргэлэн гэдэг. Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд, эдийн засагч, багш мэргэжилтэй, дипломатч. Монгол Улсын манлай уяач. ОУХСМастер. Ээжийг минь Б.Байгалмаа гэдэг. Хувцас загварын “Гоёл-94”, Хаврын “Гоёл-95” тэмцээнүүдэд Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан топ модель. Багш, орчуулагч мэргэжилтэй. Би гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Мөн Лео нэртэй 10 настай нохойтой.

“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар шалгарахад өөрт нь ямар зан чанар тус болсон гэж бодож байна вэ?

Би зорилгодоо хүрэхийн тулд биеэ дайчилж чаддаг тууштай зан чанартай. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө тал бүрээс нь судалж байж хийхийг эрмэлздэг, хийж бүтээж байгаа бүхэндээ чин сэтгэлээсээ ханддаг.

Анх хэдэн настайдаа загварын тайзан дээр гарч байсан бэ. Хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн загварын тайз, шоу гэвэл ямар тайзыг хэлэх вэ?

2022 оны хавар “Queen model Agency”-н Х.Энхмаа багшийн удирдлага дор загвар өмсөгчийн сургалтаа дүүргээд Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулагдсан Дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээн болох “World Teen Model of the Planet” тэмцээний тайзнаа гараагаа эхэлсэн. Миний оролцсон загварын шоу болгон тус бүртээ өөрийн гэсэн онцлогтой бөгөөд бүгд л сэтгэлд минь сайхан дурсамжуудыг үлдээсэн. Хамгийн сүүлд дэлхийд алдартай Филиппиний загвар зохион бүтээгч Майкл Синкогийн загваруудаас Арабын загварын долоо хоногийн үеэр толилуулснаар тус шоунд оролцсон анхны монгол загвар өмсөгч болсоноо онцолмоор байна. Майкл Синко загвараа толилуулахдаа орчноо төгс бүрдүүлсэн байсан нь үзэгч олонд төдийгүй оролцож байгаа хүмүүстээ сэтгэл хөдлөм байсан. Тийм гоё шоунд оролцож Монголынхоо нэрийг гаргасандаа баяртай байна. Энэ дашрамд загвар өмсөгч болох гарааг минь эхлүүлж өгсөн Х.Энхмаа багшдаа болон “Miss Mon­golia Tourism Association”- ний Б.Гантогоо захиралдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоо аль сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

Би энэ хичээлийн жилээс Кувейт улсын BSK дунд сургуулийн 12 дугаар ангид суралцаж эхэлсэн. Монголдоо Сант сургуульд 11 дүгээр ангиа дүүргээд гэр бүлээрээ Кувейт улсад нүүж ирсэн. Ирээдүйд Биохимич мэргэжлээр сонгон суралцах сонирхолтой.

Загварыг ямар учраас сонирхож хичээллэхээр болсон бэ?

Би бүр бага байхаасаа л загвар өмсөгч болох хүсэлтэй байсан. Ээж минь загвар өмсөгч болохоор надад үлгэрлэж, зааж зөвлөдөг. Мөн чөлөөт цагаараа хуучин хувцас болон даавуу ашиглан гараараа хувцас урлах дуртай, өөрөө моделио хийдэг байсан маань алсдаа загвар өмсөгч болоход нөлөөлсөн гэж бодож байна.

Амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

Гүрж улсад зохион байгуулагдсан “World Teen Model of The Planet” тэмцээний “Шилдэг Үндэсний Хувцас“ болон Гран При шагнал хүртсэн. Мөн Каннын Кино Фестивалийн хүрээнд зохиогддог улаан хивст загварын шоунд урилгаар оролцсон. Мөн Парисийн загварын долоо хоног, Арабын загварын долоо хоногт урилгаар оролцсон анхны монгол загвар өмсөгч болсон.

Төгөлдөр хуур дарж, балетаар хичээллэдэг гэсэн үү?

Тийм ээ, би чөлөөт цагаараа балетаар хичээллэж, төгөлдөр хуур дардаг. Анх таван настайгаасаа төгөлдөр хуур заалгаж сурч эхэлсэн. Энэ ярилцлагаараа дамжуулан Д.Долгоржав, МУГЖ С.Саянцэцэг багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Балетаар сүүлийн дөрвөн жил хичээллэж байна. Энэхүү урлагт намайг дурлуулсан МУГЖ Х.Манлай багшдаа болон СТА Х.Ганбат багшдаа баярлаж явдгаа илэрхийлье. Мөн волейболын спортоор тавдугаар ангиасаа эхлэн Ирээдүй клубт Б.Уранчимэг багшийн удирдлага дор хичээллэсэн.

Таны өндөр, биеийн жинг тодруулж болох уу?

Миний биеийн өндөр 182 см, жин 54 кг.

Амьдралдаа ямар зан чанарыг, юуг чухалчилдаг вэ?

Үнэнч зан чанарыг эрхэмлэдэг. Мөн хүнлэг, нинжин сэтгэлтэй байж аливаад зөв хандлагатай байх нь чухал гэж боддог.

Цаашдын зорилго төлөвлөгөө, мөрөөдлөөсөө хуваалцаач?

“Эх дэлхийн мисс-2022” тэмцээндээ амжилттай оролцож Монгол Улсдаа миссийн титмийг авч ирэхээр зорьж байна. Би дэлхийн дулаарал болон байгаль экологид тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хүн бүр өөрийн зүгээс чадах бүхнээ хийж байгаасай гэж хүсдэг. Загвар өмсөгчийнхөө карьерыг өсгөж дэлхийн загварын ертөнцийн тайзнаа алхахыг зорьж байгаа. Дунд сургуулиа амжилттай төгсөөд хүссэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж, ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсдэг дээ.

Эх сурвалж: toim.mn , hardnews.mn , ugluu.mn , Өдрийн сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!