Uncategorized

Монгол улсын төрийн дуу хоолой , Хаан дуут , МУСГЗ Г.Чулуунбат бурханы орныг зорилоо

Байгаль эхийн онцолж оноосон давтагдашгүй нэгэн дуу хоолой, МУСГЗ , Монголын радио, телевизийн нэрт нэвтрүүлэгч Гончигжавын Чулуунбат бурханы оронд дэвшлээ. Үг бүрийн үнэ цэнийг мэдэрч , үнэлж уншдаг уран бүтээлч, зөвлөгч, жинтэйхэн нэгэн ахмад байлаа.

Монголчууд түүний дуу хоолойгоор өглөө сэрж, үдэш нойрсож, их баяр наадмаа эхэлж, хүнд хүчир цагт урам зориг авсаар өдийг хүрсэн билээ. Түүний хүчирхэг, бат түшигтэй дуу хоолой бидний зүрх, тархинд үүрд мөнх орших болно.

Нэвтрүүлэгчийн дуу хоолой авъяас чадварыг байгалиас заяадаг , Г.Чулуунбат бол ясны сайн диктор гэж өөрийнх нь амидаа буюу Батмөнхиин Чулуунбат нэвтрүүлэгч хэлсэн байдаг …. Үнэхээр ясны сайн диктор байлаа та минь…

Тэрбээр 1942 онд Улаанбаатар хотноо төрсөн бөгөөд 1959 онд Политехникумийн радиогийн ангид элсэн суралцаж, 1963 онд төгссөн цагаас эхлэн Монголын радиод насан эцэстлээ ажилласан. 1967 оны есдүгээр сарын 27-нд нэвтрүүлэгч Б.Хишгээгийн хамт Монгол Улсад телевизийн анхны мэдээг дамжуулсан байдаг билээ.

Г.Чулуунбат нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн тулгын чулууг тавилцан хэвлэл мэдээллийн салбарт 61 жил хөдөлмөрлөж, олон мянган нэвтрүүлэг, реклам сурталчилгаа, зуу зуун баримтат киноны тайлбарыг ард түмэндээ хүргэжээ.

Мөн төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд хөтлөн явуулж, салбарын олон арван алдартныг бэлтгэн төрүүлсэн, телевиз, радиогийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад үнэтэй хувь хэмрээ оруулсан уран бүтээлч байлаа.

Тэр 61 жил, төдийгөөс өдий хүртэл Монгол Улсад болсон, болж байгаа асуудал, улс орны уналт босолт, өрнөл хөгжил, өөрчлөлт шинэчлэл, үйл явдал бүхнийг дуу хоолойгоороо дамжуулан, түгээсэн. Монгол хүн сансарт ниссэн, Монгол Ардчилсан улс болсон , Эрдэнэт, Оюу толгойн орд нээгдсэн, 10 мянган морины жагсаал, 3000 морь уралдсан, Гиннесийн номд бичигдэх болсон гээд тоо томшгүй том түүхүүд түүний төрмөл сайхан дуу хоолойгоор урсаж, радио, телевиз, киноны мянга мянган хальснаа мөнхөрч, эх орны “Алтан түүх” болсны учир түүний авьяас билэг, агуу дуу хоолойг “Монголын түүх” гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх бизээ.

Москвагийн радиод нэвтрүүлэгчээр ажиллаж байхдаа дэлхий дахинд Монгол ардчилсан улс болсныг зарлан тунхаглаж, анхны нэвтрүүлэгч байсан. Тэр түүхийг мөнхлөгч баримтат киноны тайлбарыг хэдэн зуугаар уншсан, Монгол Улсад телевиз үүсэн байгуулагдахад анхны нэвтрүүлэгч нь байж, 40 гаруй жил төрийн их баяр наадмыг хөтөлж айл бүрийн хойморт олон жил тухалж, бас он удаан жил радиод ажиллаж төр түмэндээ танигдсан “Төрийн дуу хоолой” мөнөөс мөн билээ. Монголын радио хөгжөөд 85 жил болоход 61 жилд нь түүхийг нь бичилцсэн эрхэм билээ.

Тэрээр Зууны мэдээ сонины нэгэн ярилцлагандаа: “Багадаа радио их сонсдог байлаа.Тэр үед дугуй цагаан, том радио байдаг байсан юм. Бүр бага байхдаа олон хүн яаж энэ дотор багтдаг юм бол гэж гайхдаг байсан. Сүүлдээ өнөөх радиог чинь задалж хүртэл үзсэн юм даг. Тэр үедээ л радио гэдэг ямар гоё юм бэ. Радиогоор ярих юм сан. Кино шиг харагддаг байвал бүх зүйл гарах нь ээ гэж боддог байлаа. Ингээд радиод ажиллаж үзэхийг мөрөөддөг болсон. Миний хүсэл мөрөөдөл биелсэн шүү. Ээж минь их сайхан хоолойтой хүн байсан” хэмээн хуучилж байжээ.

Политехникумийн радиогийн ангид 1959 онд элсэн орж суралцаад 1963 онд төгсчээ. Тухайн үед дандаа зөвлөлтийн мэргэжилтнүүд багшилдаг байсан бөгөөд курсийн ажлаараа өөрсдөө завсрын өсгөгчгүйгээр хүлээн авагч хийгээд түүгээрээ радиогийн нэвтрүүлэг сонсдог болоод сэтгэл нь радио руу тэмүүлж эхэлсэн гэдэг. Ингээд радио техникч гэсэн мэргэжлээр суралцан төгсчээ.

Түүнийг хоёрдугаар курст байхад нь кино үйлдвэр филармоны байранд “Баримтат киноны тайлбар унших авьяастаныг хайж байна. Сонирхсон хүмүүс ирж шалгуулна уу” гэсэн зар гаргасан байж. Тэгэхээр нь Г.Чулуунбат яваад очиж л дээ. Очтол 3-4 настайвтар хүн байсан байна. Хожим мэдэх нь ээ дууны алдарт найруулагч Найдан, Гаваа, Чойжилсүрэн, Дэмид гуай нар байсан аж.

“Тэгээд тэдэнд шалгуулчихаад, яваад өгсөн. Түүнээс хойш жил орчмын дараа Спортын ордонд болсон шинэ жилд оролцож, сүлд модны наадам болоод, залуучууд бүжиглээд л жигтэйхэн гоё. Гэтэл өнөөх кино үйлдвэрт байсан дууны оператор залуу тааралдаад “Хүүе чи энд явж байна уу. Чамайг эрээд олдоггүй” гэдэг юм. Тэгээд ирэх долоо хоногт ирээрэй гэсэн. Ингээд л кино үйлдвэр дээр очсон. 1961 оны үе шүү дээ. 1961 оны кино сэтгүүл 19 гэдэг дугаарыг хийх гэж байсан юм. Намайг тэр дугаар дээр ажиллана гэсэн. Ингээд “Кино сэтгүүл 19“-ийг уншсанаар ажлынхаа гарааг эхэлсэн дээ” хэмээн хуучилж байжээ.

Ингээд 1963 онд сургуулиа төгсөөд холбооны яаманд хуваа­рилагджээ. Монголын радиогоос Ж.Дамиранжав гэж нэрт нэвтрүүлэгч, н.Ёндонсамбуу гэж Боловсролын хэлтсийн дарга нь түүний сургууль дээр нь очоод Холбооны яамнаас Мэдээлэл радиогийн хэрэг эрхлэх газрын радиод нэвтрүүлэгчээр шууд авчээ. Ийнхүү 1963 оны долдугаар сарын 1-нээс Монголын радиод ажиллаж эхэлжээ.

1961 оноос радиод ажиллаж эхэлсэнээс хойш энэ хүртэлх хугацаанд нийгмийн бүх салбарыг хамарсан нэвтрүүлгүүдийг хийсэн нь түүнд асар их мэдлэг өгч, мэдлэг боловсролоо тэлэхэд том нөлөө үзүүлсэн хэмээн ярьж байжээ. “Надад боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй юм байна гээд 1972 онд ажлынхаа хажуугаар оройгоор сэтгүүлчээр суралцаж төгссөн” хэмээжээ.

“1967 оны есдүгээр сарын 27-нд Үндэсний телевиз нээлтээ хийхэд радиогоос Б.Хишгээ бид хоёрыг сонгож албан ёсоор нээлтээ хийж байлаа. Тэр үед анхны телевиз нээгдэж байсан бол өдгөө асар олон телевиз, асар олон радио бий болжээ. Хөгжил дэвшилд хүрчээ” хэмээн бодлогоширов.

Намайг ажиллаж байхад улс төрийн тайлбарлагч Озеров, дэлхийн домог Юрий Левитан нар ажилладаг байсан. Юрий Левитантай цайны газар таарч кофе ууж, хэдэн үг солих хувь заяа надад тохиож билээ хэмээн дурсан ярина.

Олон олон нэвтрүүлэгчдийг нэрж, хөтлөгчдийг хөглөж, уран бүтээлийнх нь урт замыг гэрэлтүүлсэн сайн багш бол Г.Чулуунбат гуай байлаа. Тухайлбал Гавьяат нэвтрүүлэгч Ж.Батбаяр, С.Батцэрэн, Г.Отгон, Ц.Цэцгээ, Гавьяат сэтгүүлч Ш.Гүрбазар, Ш.Ёолк, Г.Агааноров нар цөм л гарынх нь шавь ажээ. Мөн Өвөр монголд 300 гаруй шавь нь хот, тосгон суурин бүрт бий. “Одон” телевизийн урдаа барьдаг хэд хэдэн нэвтрүүлэгч түүний шавь юм.

Хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбар, Монгол Улсын хөгжлийн түүх Г.Чулуун­бат гэж хүнтэй зайлшгүй холбоотой. Мон­голын радиог сонсоогүй, Монгол телевизийг үзээгүй нүд, чих гэж байхгүй

Монгол Улсын төрийн дуу хоолой “Хаан дуут”  Г.Чулуунбат ийнхүү тэнгэрийн оронд дэвшлээ. Таны хүчирхэг, бат түшигтэй дуу хоолой бидний зүрх, тархинд үүрд мөнх орших болно.Гэр бүл, хамтран зүтгэгчид, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье!

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

А.Цэгмэд: Хань маань бурхан болоход миний нэг хэсгээс суга татаад аваад явчих шиг л болсон

Монгол Улсын Гавъяат Жүжигчин А.Цэгмэд zogii.mn сайтад дараах ярилцлагыг өгчээ. […]

М.Эрдэнэцэцэг: Согтуугаар жолоо барьсан эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс их байна гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгээд бас энэ эмэгтэйчүүд хүний нөхөртэй их явалдаж байна

zarig.mn сайтын “Хоёр тал” нэвтрүүлэгт оролцсон Хувиараа гоо сайхны салоны […]

error: Content is protected !!