
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгслөө
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Ухнаа гуай өнөөдөр өглөө таалал төгсжээ.

Тэрбээр Улсын Хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж байжээ.

Мөн 4500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд ихээхэн үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нар , ойр тойрныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: ikon.mn