С.Зориг: Ард түмнээс үнэнийг нуух хэрэг ерөөсөө байхгүй

С.Зориг гуайн нэгэн ярилцлаганаас хүргэж байна.

С.Зориг: Ард түмнээс ерөөсөө үнэнийг нуух хэрэг байхгүй. Үнэнийг нь л хэлэх хэрэгтэй шүү дээ.

Сэтгүүлч: Та халширч байна уу?

С.Зориг: Тийм халшрах ажил ч одоо юу байхав. Улс орны байдал маань л их хэцүү байна даа. Одоо энэ шилжилтийн үеийг л давах хэцүү байна. Тэрийг яаж давах вэ гэсэн асуудал хамгийн хүнд асуудал болж байна. Аа гэхдээ энэнд бол Засгийн газар тохирох байр суурь эзлээд хөтөлбөр гаргаад явна байх. Би яахав дээ Засгийн газрын гадна байгаа учраас гаднаас нь ажиглаад “Юу болж байна? “, “Зөв алхам хийж байна уу, буруу алхам хийж байна уу?” , “Яах ёстой байсан юм” тэр талаар , алдаа хийвэл зөвлөж өгөх ч юмуу , за тэгээд ер нь болох чиглэлээр нь тэрэнд нь тусладаг хүн болохыг оролдоно.

С.Зориг: Тэр нэг жишээ хэлэхэд: Америкт нэг пүүс байдаг юм байна л даа. Тэр бол зөвлөлтийн дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг. За нэг удаа Зөвлөлтийн нэг том нэгдэлийн дарга , Аж үйлдвэрийн нэгдлийн дарга нь очоод шалгасан байгаа юм. Тэр хүний оюуны чадавхыг нь тестээр шалгаад үзсэн чинь их өндөр гарч. За энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна гэж дүгнэсэн. Тэгээд л 4-5 үйлдвэр орсон чинь ажилд аваагүй байгаа юм. Тэгээд нөгөө хэд нь сандараад , юу болсон юм бол гээд. Шалтгааныг нь аваад үзсэн чинь нэг л асуултанд буруу хариулж байсан байна. Та зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирдаж байсан бэ гэдэг асуулт байсан байгаа юм. Тэр хүний нэгдэл бол 5000 хүнтэй байсан. Би 5000 хүн удирддаг гэж хариулсан. Тэгээд л тэр хариултаас болж ажилд авахгүй байсан байгаа юм. Яагаад гэвэл Америкийн  удирдлагын системээс энэ бол утгагүй зүйл. 5000 хүнийг нэг хүн хэзээ ч удирдаж чадахгүй. Аа гэтэл зөвлөлт үнэхээр удирддаг байсан. Тийм учраас тийм 5000 хүн удирддаг , хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг ийм тогтолцоонд бол тийм замбараагүй байдал бий болж байгаа юм. Тэгээд тэр эдийн засаг бол уналтанд орж байгаа юм. Америкууд яагаад ойлгоогүй вэ гэхээр тэнд нэг том үйлдвэрийн дарга 4 хүнийг л удирддаг байсан. Дөрвөн орлогч бүгдээрээ яг үүргээ мэддэг , байраа мэддэг. Тэгэхэд бол хүнд амар. Хүн бол дөрвөн хүнээ удирдаж чадна. Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм. Хараахан бас бүтэхгүй байна. Яагаад гэхээр хүн болгон үүргээ ойлгоод , тэрэн дээрээ ажиллаж чадахгүй учраас дөрөв биш арван хэд ч юмуу , хорь гуч болчих гээд байна.

С.Зориг: Улс төрөөр оролдож байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн их байх ёсгүй. Шүлэг бичдэг хүн бол асар их сэтгэлийн хөдөлгөөний өндөр түвшинд тэр нь гарч ирээд оргилж байх үед бичдэг. Харин бид бол сэтгэлээ барих ёстой хүмүүс. Сэтгэлээ бариад , оюундаа сэтгэлээ захируулах ёстой юм.

С.Зориг: Хүнд итгэх явдал хамгийн чухал. Анх харангуутаа л “Өө энэ чинь яасан нүдэнд хүйтэн нөхөр вэ” гээд анхнаасаа сэтгэл нь өөр болчихдог, аа үгүй бол “манай хүмүүс гэж авах юм байхгүй” , “аан энэ нь ингэсэн тэр нь тэгсэн” гээд л. Ер нь хүнд итгэж сурах хэрэгтэй. Аа ялангуяа Монголчууд бид цөөхөн. Тийм учраас энэ байгаа хэдхэн хүн дотроо бие биедээ итгэж байж бие биенээ татаад , баяжуулж байж энэ чинь хөгжинө шүү дээ. Ерөөсөө итгэл шүү дээ” хэмээн хэлж байсан ярилцлаганаас хүргэлээ.

Эх сурвалж: tug.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.