“Гарын таван хуруу” киноны Гэрлээ, Идэр хоёр маань 39 жилийн дараа

“Ээж ээ, та энэ зангиаг Шагдар ахад өгсөн юм уу? Тэр зангианаас аавын минь үнэр үнэртдэг юм аа.” хэмээн өгүүлэх охины дүр “Гарын таван хуруу” киноны нэгэн утга санааг гайхалтайгаар зангидаж чаддаг билээ. Гэрлээ хэмээх охины дүрд аравхан настайдаа тоглож, урлагийн замналд хөл тавьсан нэгэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа юм.

Уг кино дэлгэцэнд гарсны дараахан , үеийнх нь хүүхдүүд түүнийг “Хулгайч аа, хулгайч аа” гэж шоолдог, шоолохоор нь их ичдэг байсан гэдэг. Энэ талаараа ярихдаа:“Хүүхэд л болсон юм хойно тэд нар кинонд итгээд үнэхээр л айлын хүүхдийн аавыг хулгайлсан гэж боддог байсан байх, их л гэнэн байж дээ” гээд инээн энэхүү талаараа хуучилж байсан удаатай.

Б.Гантигмаа арван жилээ төгсөөд СУИС-ийн “Жүжигчний анги”-д Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан, Б.Навчаа, Н.Ялалт, Ж.Баясгалан тэргүүтэй өнөө цагийн урлаг, соёлын салбарын оргилуудтай нэг ангид элсэн суралцаж байжээ. Дарханы радио, телевизийн редакцад нэвтрүүлэгчээр ажиллаж байсан ээжээсээ суралцаж , нэвтрүүлэгч байхын сайхныг мэдэрч, улмаар энэ мэргэжилд дурласан Б.Гантигмаа 2-р курсээсээ “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид шилжсэн ажээ. Ийнхүү Үндэсний радио, телевизийн алтан босгоор  арван есхөн настайдаа алхан орж байжээ.

Тус киноны хамгийн бага хүү буюу хэвлүүхэн яриатай , хөөрхөн Идэр хүүгийн дүрийг бүтээсэн уран бүтээлч бол Нямдаваагийн Бат-Амгалан юм. Хүүхдийн киноны найруулагч, жүжигчдийн гэрт өссөндөө ч тэрүү түүнд багагүй авьяас байжээ. Аав нь олон кинонд найруулагчаар ажилласан бол ээж Ш.Цэцэг Гавьяат жүжигчин юм. Мөн бид түүний ах Бадралыг “Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрээр мэднэ.

Урлагийн гэр бүлд өсөн хүмүүжихдээ олон киноны дүрд тоглосон ч өдгөө “Тогооч”-оор ажиллаж байгаа ажээ. “Ховор хүмүүс”, “Тэмцэл”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлснөөс гадна “Гарын таван хуруу” киноны Должин, “Өглөө” киноны Оюундараар олны танил болсон Гавьяат жүжигчин Ш.Цэцэг бол Н.Бат-Амгалангийн ээж билээ. Тэрбээр Н.Бат-Амгалан нь ээжийнхээ гэдсэнд байхаас л кинонд тоглож байжээ. Н.Бат-Амгалангийн анхны дүр “Чимгээгийн төрсөн өдөр” кино ажээ. Энэ кинонд тэрбээр эмээгийнхээ хамтаар тоглосон юм. Тухайн үед найман сартай Н.Бат-Амгалан эмээтэйгээ хамт дүрээ мөнхөлсөн юм.

1997 оноос зах зээлийн шуурганд Кино үйлдвэр хаалгаа барьж, олон уран бүтээлч хувийн салбарт ажиллаж эхэлсэн. Түүний нэг нь Н.Бат-Амгалан юм. Тэрбээр 1998 онд Кино үйлдвэрийн дээд сургууль байгуулагдахад анх багшаар очиж байсан бөгөөд хожим буюу 2005-2015 он хүртэл тус сургуульд багшилжээ. Гэхдээ зах зээлийн давалгаанд тэр бусдын адил БНСУ-д ажиллаж, өөрийн сонирхол болсон тогоочийн ур чадварыг эзэмшээд иржээ. Тэрбээр тогооч болох хүсэлтэй байжээ. Үүнийгээ гадаадад байх хугацаанд хэрэгжүүлж чаджээ. Түүний сонирхол энэ байсан учраас өдгөө “Сод Монгол” групп-д “Тогооч”-оор ажиллаж байгаа ажээ.

Ийнхүү 39 жилийн өмнө тус кинод тоглож байсан Гэрлээ, Идэр хоёрын дүр маань ийнхүү хамтдаа зургаа авхуулжээ.

Эх сурвалж: ser.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.