Талийгаач охины аав: Уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх гэж 17 жил явахдаа өөртөө үхэж болохгүй шүү гэсээр салгалж ирлээ
Малайзад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт алтан амиа онц хэр.цгийгээр алдсан. Тодорхой хэлбэл, Малайз цагдаа нар бүсгүйн толгой руу буу.даж, биед нь “С4” нэртэй тэс.рэх бодис зүүж дэл.бэлснийг шинжээчид тогтоосон. Хэргийн анхан шатны шүүх хурал тус улсад 2022.12.16-нд болж, дараах шийдвэрийг гаргасан байна. Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хө.нөөсөн Малайз улсын цагдаагийн хоёр ажилтан болон Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэр.цгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингитийг (1.1 сая орчим ам.доллар) нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэжээ.16 жилийн дараа шийдвэрлэгдэж буй хэргийн шүүх хуралд талийгаачийн аав, нэхэмжлэгч С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Б.Баяр, К.Сангийт, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Өргөмжит консул А.Рейнолдс нар цахимаар оролцов гэж ГХЯ-наас мэдээллэсэн юм.

Тэрбээр талийгаачийн аав өнгөрсөн хугацаанд 12 удаа Малайз руу явж, удаа дараагийн шүүх хуралд оролцжээ. Талийгаачийн аав С.Шаарийбуу хэлэхдээ: “Миний өмнөөс хэн ч уйлахгүй, хэн ч дуулахгүй. Энэ хугацаанд Эмнэсти, ХЭҮК, НҮБ-ын Хүний эрхийн хороо, ГХЯ, ХЗДХЯ гэх мэт байгууллагуудад нийт 300 гаруй өргөдөл бичжээ. Монголын бүх Хуулийн сайд, Гадаад харилцааны сайд нартай уулзаж, тэднийг тусална л гэж бодож явсан. Өнөөдрийг хүртэл би үхэж болохгүй шүү гэсээр салгалж ирлээ. Ганцхан “Уучлаарай” гэдэг үгийг л хэлүүлэх гэж зүтгэсэн. Гурав хоногийн өмнө хэлүүлсэн.

Охины минь хүү хөгжлийн бэрхшээлтэй байсан. Уйгагүй зүтгэсээр хүүгээ хана түшээд алхдаг болгосон. Хүүгээ бусдын адил гүйдэг болгоно гээд Малайзыг зорьсон. Үнэндээ мөнгөний төлөө явсан. Би жирийн л багш хүн. Социализмын үед хөрөнгө хурааж чадсангүй, хоёр өрөө байр л байсан. Тиймээс охиндоо санхүүгийн хувьд тусалж чадаагүй. “Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуулын эмэгтэйг устгах хэрэгтэй” гэдэг үүрэг өгсөн байгаа юм. Би охиныхоо хэргийг илрүүлэх гэж арай л өөрийгөө ломбардсангүй. Өнөөдөр өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал л үлдлээ дээ. Гэхдээ, амьд байгаа хойно. Амьдарна даа” гэсэн юм.

Талийгаачийн аав С.Шаарийбуу: “Миний охиныг онц хэр.цгийгээр хөнөөсөн. Асуудлын гол нь энэ хэргийг захиалагч нь хэн бэ? гэдгийг тогтоох ёстой байсан. Энэ бараг боломжгүй юм билээ. Энэний төлөө олон жил явлаа. Анх удаа гурван хоногийн өмнө захилагч нь Р.Багинда гэдгийг тогтоолоо. Одоо Р.Багиндаг шийтгэхгүй байх л даа. Цаана нь эрх мэдэлтнүүд нь байгаа. Гэхдээ тэр захиалагч нь мөн. Энэ үнэнийг тогтоох гэж 17 жил явлаа. Үнэнийг тогтоож чадахгүй байх гэж бодсон. Хууль чаддаг юм байна. Би ганцхан зүйлд хариу нэхсэн “Уучлаарай” гэдэг үгийг хэлүүлэх гэж 17 жил явлаа. Асуудал ингээд дуусчихгүй. Давж заалдах эрх нь тэдэнд байгаа. Шударга үнэний төлөө хүчтэй шүгэл үлээгч нь байна. Хэрэг яагаад илрэх болсон бэ гэдэг дараагийн асуудал. Охин минь баригдахын өмнө өдөр мэдүүлэг өгсөн байдаг. “Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хэрвээ ямар нэгэн асуудал болбол Р.Багинда үүнийг шийднэ. Түүнээс л асуудлыг тавиарай” гэж компьютер дээр шивж үлдээсэн байдаг. Энэ улсаас гарах гарц байдаггүй. Энэ замаар маш олон Монголчууд Малайз улсад хэлмэгдсэн. Баривчлагдсан Монголчууд хүйтэн цементэн шалан дээр өвдгөө цоортол сууж, Малайзын төрийн дууллыг уншдаг юм билээ. Ийм олон хүн байгаа. Надтай уулзсан хүмүүс ч бий. Шүүхийн шийдвэрт хүрч, нөхөн олговор олгосон тухай хэдэн тоонд битгий анхаарлаа хандуулаарай. Би баярлахгүй байна. Хүний амь гэдэг иймхэн юмаар дуусдаг юм биш. Үр хүүхэд гэдэг эцэг хүн, төрөл садан, хэнд ч дахиад нөхөх боломжгүй. Харин Малайзын шүүх хэзээ нэгэн өдөр ийм шийдвэрт хүрнэ гэдэгт өдий хүртэл итгэж байсан” гэв.

Амьдралаа сайжруулахын тулд харь оронд хөдөлмөрлөхөөр яваад алтан амиа алдсан охиныхоо хэргийг шударгаар шийдүүлэхийн тулд үхэх ч эрхгүй зүтгэсэн аавын өмнө шударга ёсонд итгэдэг Монголчууд толгой бөхийн, хүндэтгэж байна.

Эх сурвалж: ikon.mn , zogii.mn , cbnewstime.com