ЭЕРЭГ

Хараагүй ээжийгээ хөтөлсөн өргөмөл Орос хүүгийн гэрэлт түүх

Та бүхэндээ ergelt.mn сайтын “Монгол Улсын гавьяат багш, Хүний их эмч” Л.Галцог гуайтай ярилцсан ярилцлаганаас хүргэж байна. (Сэтгүүлч Б.Гүнжидийн нийтлэл)

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт тун тохитой, эгэл сайхан амьдардаг Л.Галцог гуайн гэрт очиж, түүний гунигтай мөртлөө дайчин амьдралын талаар сонсохыг хүсэхэд “Ээжийнхээ хатан зориг, миний төлөөх зүтгэл, тэвчээрийг л бахархан ярихаас өөрийнхөө тухай яриад байх юм ахад нь байхгүй ээ. Миний ээж бол жинхэнэ монгол эмэгтэй, монгол ээж. Монгол бүсгүйчүүдээс л үрээ гэсэн тийм нандин хатуужил гардаг байх гэж би ойлгосон. Магад миний ээж шиг тэвчээртэй, ухаантай бүсгүй зуунд ганцхан төрдөг ч байж мэднэ” гэсэн билээ.

1946 оны есдүгээр сарын нэгэн өдөр Л.Галцог хүү ангидаа урьдын л адил хичээлээ хийгээд сууж байлаа. Хүү ээжийгээ хараа­­гүй болчихоод, хү­нээр хөт­лүүлээд, бүр ангид нь ороод ирнэ гэж яахан санах билээ. Гэтэл өглөө гэрээсээ гарахад нь зүгээр байсан ээж нь хүнээр хөтлүүлээд ороод ирж. Хүү ээжийнхээ байр байдлаас хараагүй болсныг нь хэнээр ч хэлүүлэхгүй зөнгөөрөө мэдэрч, бусдын өмнө уйлахгүй гэсэндээ ээжийнхээ хацар, га­рыг зөөлөн илчихээд, ангиасаа хөтлөөд гарсан гэдэг. Тэр өдөр тэнгэр цэлмэг, намрын салхи зөөлөн үлээвч тэдний сэтгэлд цасаар шуурч, харанхуйлж байсан байх. Хүү ээжээсээ юу ч асууж зүрхлэхгүй, гэлдрүүлсээр үдшийн бүрийтэй уралдан Сэлэнгэ айм­гийн төв орж, танилындаа хоносон гэдэг. Гэхдээ ээж, хүү хоёул цурам хийлгүй хөрвөөсөөр үүр цайлгаад, айлынхан босохоос өмнө хол замд гарцгаасан байна. 12-хон настай хүүгийн толгойд “Улаанбаатар л орчихвол ээж минь нүдээ эмчлүүлж чадна, хараатай болно” гэх бодол байгаа учир тэд ийнхүү нийслэлийг зорьжээ. Өвлийн анхны цас орох дөхсөн тэр үед хүү ээжтэйгээ хамт үстэй дээл, ноосон малгай, зузаан бээлийгээр дулаалж, “ЗИЛ-130” автомашины тэвшин дээр суугаад, Улаанбаатар хотод ирсэн гэдэг. Хүү ээжийгээ хөтөлсөөр, хүмүүсээс сурагласаар эмнэлгээ олж, үзүүлсэн боловч эмч “Эмчилгээгүй, дахиж хараа орохгүй” гэж. Ингээд Долгор гуайд гэрэлт орчлонг төдийгүй зүрх, сэтгэлийг нь дэвтээдэг, нар нь болсон ганц өргөмөл хүүгээ дахин харах хувь дутаж, хүүгээ сэтгэлдээ ямархан эр болж буйг нь төсөөлж, мэдрэх хатуу хувь заяатай нүүр тулсан аж. “Эмчилгээгүй” гэх эмчийн энэ үг тэдний хувьд сонсмооргүй, сонссон ч итгэмээргүй орчлонгийн хамгийн хатуу үг байв. Гэвч тэд энэ үнэнийг яаж ч өөрчилж чадахгүй учир үнэнтэйгээ, хувь тавилантайгаа эвлэрч, өөдсийн чинээ хүү ээжийгээ хөтлөөд нутаг буцсан гэдэг.

Л.Галцог гуай хэлэхдээ: Ээжийн ярьснаар бол “Миний төрсөн эцгийг намайг төрөхөөс өмнө цэргүүд баривчлаад явсан гэдэг. Харин төрсөн эх минь “Хүүхдээ төрүүлээд чамд өгье. Би нөхөр рүүгээ явахгүй бол болохгүй нь” гэж ээжид минь намайг орчлонд мэндлэхээс өмнө өгсөн юм гэсэн” хэмээн өөрийнхөө тухай сонирхуулав.

Тэрбээр 1934 оны тавдугаар сарын 1-нд Алтанбулагийн эмнэлэгт орос эмэгтэйгээс мэндэлсэн байдаг. Төрүүлсэн ээж нь хүүгээ 10 гаруй хоног хөхүүлчихээд н.Лодон, н.Дол­гор нарт үлдээгээд, нөхрийнхөө араас явжээ. Н.Лодон, н.Долгор нар 1910-аад оны үед гэр бүлж болж, хоёр, гурван хүүхэд төрүүлсэн боловч бүгд тогтоогүй гэдэг. Л.Галцог гуайг өргөж авахаасаа өмнө нутгийнхаа нэг айлаас хүүхэд үрчилж авсан ч мөн бүтээгүй юм билээ. Ингээд тэд орос хүүхэд үрчилж авахаар ярилцсан үед нь Л.Галцог гуай орчлонд мэндлэх дөхсөн байж таарсан гэдэг. Ингээд Лодон, Долгор нар хүүдээ “Содон нэр өгье” гэж ярилцаад Галцог гэх нэр хайрласан аж. Бяцхан Л.Галцог уураг сүүл хөхөж, үнээний сүү ууж хүн болжээ. Харамсалтай нь, түүнийг аав Лодонг 1938 онд, хүүг дөнгөж дөрвөн нас хүрч байхад барьж, хэлмэгдүүлсэн байна.

Хараагүй ээж, орос хүү хоёр умгар бор гэртэйгээ Зэлтэрийн Хулдаа гэх газар зүдрүүхэн зусаж, өвөлждөг байжээ. Тэр үед айл бүр улаан буудай, шар будаа тарьж, намар нь хурааж, ихэнхийг нь хөц будаа хийхээр нөөцөлдөг байсан цаг. Ээж нь хараагүй болохоосоо өмнө хийж байсан бүхнээ хараатай юм шиг л гав шав хийдэг байсан гэнэ. Гэхдээ түүнд ингэхээс ч өөр сонголт байгаагүй биз дээ. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн эрчүүдийг “хувьсгалын эсэргүү” хэмээн баривчилсан учир эмэгтэйчүүд нь гадаа, гэртгүй шоргоолж шиг ажилладаг байсан бас нэгэн хувь тавиланг Долгор гуай үзсэн. Ийм болоод ч тэр үү тэр бүх зүйлийг гардаж, нямбай гэгч нь хийхдээ нэг ч удаа “Ядарч байна. Амьдрал ямар хэцүү юм бэ. Би харах нүдгүй учраас юу ч чадахгүй байна” гэж байгаагүй гэнэ.

Долгор гуай нүүж, суухдаа хүртэл бүхнийг өөрөө гардаж, малын тэжээл бэлтгэх, өвсийг гар хадуураар жигтэйхэн сайн хаддаг байж. Энэ их ажлынхаа хажуугаар тэр үнээгээ өдөрт хоёр удаа саадаг. Тэр бүрд хүү нь ижийгээ үнээний зэлэн дээр хөтөлж очоод, тугалыг нь ивэлгэж өгдөг байжээ. Тэдний үнээнүүд ч ээжээс нь өөр хүнээр саалгах дургүй. Өөр хүн ойртвол толгойгоо сэжилж, бүр мөргөдөг байж. Харин ээжийг нь ойртохоор үнээнүүд нь нэг үнэрлэчихээд хивж, тайвшраад “Хүссэнээрээ саа” гэсэн шиг сайхан ивэлдэг гэнэ. Ээжийнхээ тэгж саасан сүүг сумын төвийн цөцгий, масло үйлдвэрлэх заводод тушаахаар явна. Тэднийх сумын төвөөс 45 километрийн зайтай. Тэр сүүгээ хүргэх замдаа аянга цахилгаантай аадар бороонд шалба норно. Заримдаа халууцна, даарна, өлсөнө, айна. Энэ бүхэн 13 настай хүүд дэндүү ахадсан ажил байсан ч түүнд сонголт байгаагүйг онцлон ярьж байлаа.

Түүний ээж Долгорыг нутгийнхан нь “Өндөр эгч” гэж дууддаг байжээ. Хүүгээ ухаан орсон цагаас л ээж нь өөртөө дээл, хувцас, хүүдээ өмд, бээлий, бойтог, малгай, цамц, оймс, дээл гээд бүгдийг нь гараараа оёдог байж. Хараагүй болсон ч “Ээж нь хүүгээ дулаан явуулна. Ганц дээл оёход юухан байх вэ” гээд л оёод өгдөг байж. Ингээд зогсохгүй хялгас томж, сайхан дээс, бүслүүр хийгээд нутгийнхандаа өгдөг гэнэ. Бас хоол, цайгаа өөрөө хийж, бүр боорцог хайрдаг байсан нь бусдын гайхшралыг барж, хайрыг татдаг байсан. Бас маш сайхан дуулдаг, тайван дөлгөөн зантай, тэсвэр тэвчээртэй эмэгтэй байсан хэмээн ярихдаа үйлдэл бүрийг нь нэхэн харж буй мэт байлаа.

Хэсэг чимээгүй сууснаа Л.Галцог гуай “Ээж минь ихэвчлэн улаан хүрэн, хөх цэнхэр даалимбан дээл өмсөнө. Хараатай, хараагүй он цагтаа яг л түүгээрээ гоёдог байлаа. Илүү дутуу юм юу ч хүүгээсээ нэхэхгүй, байгаагаараа болгоод л байна. Би юу ч нэмж авчраагүй байхад манай юм ер дуусахгүй. Ээж минь тийм арвич бас бүтээгч эмэгтэй байсан” хэмээв.

Л.Галцог гуай 1949-1954 оны намар хүртэл ээжийгээ асарч, хань бараа болж, хэдэн малаа хариулж байхдаа нутгийнхаа хүмүүст кирилл буюу шинэ үсэг заах үүрэг авчээ. Тухайн үед тэдний баг 20-30 өрхтэй. Багийн 40-50 хүнд хоёр, гурван жил шинэ үсэг заахад түүний шавь нарын хамгийн муу нь нэрээ бичдэг, уншдаг болсон байж. Дараа нь тэрбээр сумынхаа засаг, захиргааны бүх албан бичгийг шинэ үсэг рүү хөрвүүлж, сум, орон нутагтаа үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Ингээд 16 настайдаа намын ухуулагчийн семинарт сууж, 20 настайдаа намын ухуулагч болоод 1954 оны УИХ-ын сонгуулийг орон нутагтаа зохион байгуулж байсан түүхтэй. Түүний дараа Намын дээд сургуульд сонсогчоор 10 сар сурч, албан ёсоор намын хорооны мэргэжилтэн болж, Сэлэнгэ аймагт ирсэн боловч тэр үед нь тус аймаг татан буугдсанаар чөлөөлөгдсөн гэдэг. Тэр үед ээж нь хүүгээ сургуульд явж, эрдэм, номтой хүн болохыг ятгахад нь “Ээжийгээ ганцааранг нь яаж үлдээх билээ, явахгүй” гэсэн ч “Надад санаа зовох зүйлгүй. Чи сурахаа сураад ир. Тэгээд би чамтай хот явна” гэсээр сургуульд явуулсан байна. Ингээд Л.Галцог гуай Улаанбаатар хотод сургуульд элсэж, хүний их эмч мэргэжилтэй болсон байна. Тэр багаасаа хичээлдээ сайн. Багшийн, бусдын ярьсан бүхнийг “уудаг цаас” шиг хүлээн авч, тогтоодог ой сайтай хүү байж. Түүнийг онц сурдаг учир ээж нь ийн сургуульд явуулсан хэрэг. Хүүгээ эмч болоход ээж нь хачин их баярлаж байсан гэнэ. Энэ тухай Л.Галцог гуай “Би ээжийгээ гоёж, гангалж чадаагүй. Амттай, сайхан зүйлс ч идүүлж амжаагүй дээ. Гэхдээ онц сурч, хүссэн мэргэжлээ эзэмшээд ирэхэд ээж минь их баярласан. “Миний ганц хүү эмч болоод ээждээ хүрээд ирэх гэж” гээд уйлж байсан. Ээжийгээ би уйлуулахгүй юм сан, ядарлаа гэж хэлэхийг нь сонсохгүй юм сан гэж их боддог байлаа. Ээж минь ядарлаа гэж байгаагүй ээ. Бас би санааг нь зовоож, уйлуулж байгаагүй. Гэсэн ч ээжийгээ олигтой жаргааж чадаагүй л хүн” хэмээн уртаа гэгч санаа алдаад суудлаасаа босон, цонхоор юу ч юм ширтэн хэсэг зогслоо. Тэгснээ “Миний ээж 30 гаруй жил хараагүй амьдарсан. Гэхдээ амьдралыг хэзээ ч сохроор харж байгаагүй гэж би бардам хэлнэ. Ээжийн минь хэлсэн бүхэн үнэн байдаг байсан. Хийсэн бүхнийг нь би давж хийж үзээгүй. Тийм ажилсаг, ухаантай хүн…” гээд сандалдаа буцаж суулаа.

Л.Галцог гуай одоо 88 настай. Тэрбээр Монгол Улсын гавьяат багш, хүний их эмч. Амьдралынхаа дийлэнх хугацааг бусдын эрүүл энхийн төлөө зориулсан тэрбээр өдгөө ээжийнхээ хийдэг байсан бүхнийг мартахгүй гэсэн шиг тарьсан жимс, ногоогоо хураах, хашааныхаа өвсийг хадах тэргүүтэй өөртөө бий болгосон ажлуудаа жаргалтай гэгч нь хийгээд, үр, ач нараа тойруулан элэг бүтэн, өнөр өтгөн амьдарч байна…

Эх сурвалж: ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ч.Уранхолбоо: “Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь”

Дуучин Ану гэх нэрээр бидний илүүтэй мэдэх Ч.Уранхолбоо маань хэдийнээ […]

Ж.Энхцэцэг: “Би чинь өөрөө их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрөө мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсан.

Анагаах ухааны доктор , профессор , Эх барих , эмэгтэйчүүдийн […]

Өнөөдөр Анугийн нөхөр төрсөн өдрийн баярт нь зориулж далайн эрэг дээр оройн зоог бэлдүүлжээ

Өнөөдөр бол Ану буюу Ч.Уранхолбоогийн маань төрсөн өдөр билээ. Тэрээр […]

error: Content is protected !!