Цаг үеийн мэдээлэл

ХАЛААСАА ЦООРТОЛ ГАРАА НУУДАГ БАЙЛАА. ТАЕКВОНДО БОЛОН ХҮҮ МИНЬ НАМАЙГ ӨӨРЧИЛСӨН

Өрөг.мн сайтын спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга, Монголын пара спортоос мэндэлсэн анхны эмэгтэй , Гавьяат тамирчин Х.Энхтуяа оролцжээ.

13 настайдаа ахуйн ослоор гараа тайруулсан, бусдаас санаа зовж, өөртөө итгэх итгэлээ алдсандаа халаасаа цоортол гараа нууж явсан үе түүнд бий. Гэхдээ улам хүчтэйгээр өндийн босож, өөртөө итгэлтэй дайчин байсныхаа хүчинд тэрбээр цоо шинэ Энхтуяаг урлаж чадсан ажээ. Үүнд нь таеквондогийн спорт болон хүү нь хамгийн их нөлөөлсөн гэдэг.

Халаасаа цоортол гараа нууж явсан тэрбээр оройтсон гэж бодолгүйгээр 25 насандаа пара таеквондогийн спортоор хичээллэж, олон, олон анхдагч амжилтын эзэн болсоор явна. Дэлхийн аварга болж, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэн, Азийн дэвжээнд дөрвөн ч удаа түрүүлж, Монголын пара спортоос мэндэлсэн анхны эмэгтэй гавьяат тамирчин болж чаджээ.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхтуяа үргэлж ялагч байхын төлөө ямар их саад, бэрхшээлийг даван туулж, өөрийгөө хурцалж яваагаа уншигч тантай ийнхүү хуваалцлаа.

Х.Энхтуяа: Би Архангай аймгийн Ихтамир сумын уугуул. Аав, ээж минь тэнд амьдарч ирсэн. Тал нутагтаа унаж, өсөж өндийсөн. Тал нутгийнхаа нэрийг тив, дэлхийд гаргаад явж байгаадаа туйлын их талархдаг. Тэр тусмаа паралимзмын анхдагч болоод яваа минь хэн ч баллуурдаж, үгүйсгэж чадахгүй түүх байхгүй юу. Хүүхдээ төрүүлж, ээж болчихсон, 25 настай бүсгүй тамирчин болох гээд энэ спортоор хичээллэж байлаа. Багаасаа хичээллэх, 25 настайдаа спортод хөл тавих тэс өөр. Гэхдээ хүний бие организмыг, сайхан, муухай амьдрахыг, амжилтад хүрэх эсэхийг шийддэг ганцхан эрхтэн байдаг. Тэр бол тархи. Тэгээд зүрх, сэтгэл.

Яагаад ч юм бэ, би өөртөө огт эргэлзээгүй. Эргэлзвэл эргэлзэх хэмжээний олон шалтгаан надад байсан уу байсан. Ер нь чадна гэдэгтээ итгэсэн ганцхан хүн байсан нь би өөрөө. Намайг ийм хол явж чадна гэдэгт миний анхны хань, хүүгийн минь аав ч надад итгээгүй. Учир нь спортоор хичээллэх, амжилтад хүрэх тийм амар зүйл биш. Тэр хэрээр надаас асар их тэвчээр, хичээл зүтгэл шаардсан. Би ч бүхнээ зориулаад зүтгэсэн. Өмнө нь хийж байсан ажлаасаа гарсан. Таеквондогоор хичээллэхээсээ өмнөх бүх карьераа золиослосон. Тэгээд спортын карьерыг сонгосон доо.

Энэ спортыг сонгох, амжилтын төлөө зүтгэхэд нөлөөлсөн хамгийн том шалтгаан бол хүү минь. Би 13 настайдаа гаргүй болж, нийгэмшээд амьдарсан. Хүмүүс “Хүрэлбаатар ахын охин Энхтуяа” гэж бус “Хүрэлбаатар гуайн гаргүй охин” гэж дууддаг болсон. Аймар байгаа биз. Овогтой, нэртэй хүн овогтойгоо мөртлөө нэргүй болоод нийгэмд алхах гуниг байгаа биз дээ. Тийм зүйлийг мэдэрч өссөн хүүхэд нас ямар байх вэ.

Хүүхэдтэй болсныхоо дараа “Яана аа, би хүүхэддээ ийм нэр өвлүүлж өгөх нь” гэж айсан. “Гаргүй эмэгтэйн хүүхэд” гээд хүмүүс хэлбэл яах вэ. Хүү минь надаас болж бусдаас ичин, санаа зовж амьдарна гэж бодохоос би аймар санагдсан. Энэ спортыг надад санал болгосон багш минь “Хүмүүс чиний хүүхдийг “Олимпын аваргын хүү” гээд дуудвал гоё биш үү” гэсэн. Тэгж хэлэхэд нь би шууд уйлсан. Нээрэн тэгвэл ямар сайхан бэ, олимпын аваргын хүү гээд хүүхэд минь бусдын өмнө нүүр бардам алхвал хэчнээн сайхан билээ гэж бодсон. Энэ л шалтгаанаар би таеквондогийн спортыг сонгосон. Энэ шалтгаан намайг юунаас ч айлгаагүй, шантруулаагүй. Одоо ч тийм.

13 настайдаа анх ахуйн ослоор гарны бэрхшээлтэй болоод, хэдэн жил эмнэлгээр тасралтгүй явсан. Сургуульдаа явах гэтэл цагаан цамц хар болчихсон байв. Гаргүй, юу ч хийж чадахгүй гэсэн сэтгэхүйтэй байгаа хүн ээжийгээ л гуйна шүү дээ. Гэтэл ээж түмпэн дотор ус хийж өгчихөөд гараад явчихдаг юм даа. Хүлээлээ, орой боллоо. Ээж ирдэггүй ээ. Би унтахаасаа өмнө цамцаа угаах хэрэгтэй байв, маргааш хичээлтэй. Яг тухайн үед ээжийн хийсэн үйлдэл намайг өөрөө цамцаа угаагаад тавих зориг өгсөн. Ээж намайг загнасан бол би уйлах байсан. Ээж намайг өрөвдөөд угаагаад өгсөн бол би тэрнээс хойш дандаа юм болгоныг хүнээр хийлгүүлдэг сэтгэхүйтэй, биеэ даах чадваргүй амьдрах байсан. Ээж минь орой болтол хаана байсан бол. Хаа нэг газар уйлаад сууж байсан ч юм бил үү.

Ээжийг орж ирэхгүй байхаар нь би түмпэн дотор хөлөө хийгээд, өвдөгнийхөө энд цамцаа мушгиад, нэг гараараа угаагаад тавьчихсан. Тэрийгээ харах надад хичнээн гоё байсан гэж санана. “Би чадчихлаа шүү дээ. Би хэнийг ч гуйхгүй, өөрөө хийж чадах юм байна” гэдэг итгэл төрсөн. Яг тэр мэдрэмжийг ээж өгч, хатуу хандсан. Яг үүнийх нь ачаар би өнөөг хүртэл амьдарч, өөрийгөө хурцалж өдий хүрлээ.

Жаахан байхад хүүхдүүд гар руу муухай харахаар нь чулуу авч шидээд, зодолдоод гараад ирдэг байлаа. Маш хөдөлгөөнтэй, морины дэл дээр давхиж өссөн. Нийтэч, аливаа юманд оролцох дуртай, зоригтой хүүхэд байлаа. Яг тийм зоригтой, өөртөө итгэлтэй байдал маань 13 насанд, гаргүй болсны дараа алга болчихсон. Тэрнээс хойш зоригтон байж чадахгүй байлаа. Бусдын өрөвдсөн харц эвгүй санагддаг, хүнд тусдаг шүү дээ. Би ажлын байран дээр гарах, өөрийгөө ялах хүртлээ тийм байсан. Халаасаа цоортол нь гараа чихдэг, нуудаг байсан. Огт ил гаргахгүй, бусдаас нуугаад явдаг байлаа. Гарны бэрхшээлтэй хүүхэд бүхэнд тийм бэрхшээл тулгарч байгаа. Хүн хараад айчих вий дээ, уурлачих вий дээ гэж санаа нь зовдог байхгүй юу. Мөн хязгаарлагдмал бэрхшээлтэй хүмүүст зөвхөн өөрт нь хэцүү байдаггүй. Эргэн тойрон, ээж аав, үр хүүхэд, харилцах гээд намайг зорьж байгаа, миний амьдрал руу, тойрог руу орох гээд, хайрлах гээд ирж байгаа хүн бүхэнд хэцүү байдаг. Яаж харилцах вэ, гомдоочих вий гэж боддог байхгүй юу.

Яг өнөөдрийн Энхтуяаг бий болгоход, өөртөө итгэлтэй амьдрахад хүү минь л нөлөөлсөн. Би гараа нуугаад, бусдаас дөлөөд амьдарвал хүүд минь л хэцүү. Хүү минь ч гэсэн “Миний ээж гаргүй” гэж хэлэхээс ичнэ, бусдаас нууна. Тиймээс би хүүгээ бусдын өмнө эвгүй байдалд оруулахгүйн тулд байгаагаараа амьдарсан. Мөнгөө цуглуулан, цуглуулан байж авсан хиймэл гараа сугалаад шидсэн. Тэгснийхээ хүчинд би өөрийгөө олсон, байгаагаараа бусдад хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо би өөрийгөө гаргүй гэж боддог ч үгүй. Би бусадтай л адилхан хүн.

Зүрхний цохилт дээд түвшиндээ хүрээд, дахиад дээшээ гарчихаад “Больё оо” гэж мэдрэгдэхэд болихгүй гүрийгээд бэлтгэлээ дуусгах юу ч биш. Ингэж бэлтгэл хийж байгаад үхчихвэл яана аа гэж бодох үе байдаг уу, байдаг. Гэхдээ энэ бол ер зовлон биш. Энэ байтугайг даван туулж байж л амжилтад хүрнэ, зорилгынхоо эзэн болно шүү дээ.

Эх сурвалж: urug.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МУГЖ И.Одончимэг өнөөдөр Сити Их Сургуулиас Урлаг судлалын МАГИСТР зэрэг цолоо хүртэн авч байна

МУГЖ И.Одончимэг өнөөдөр буюу 2023.01.28-нд Сити Их Сургуулиас Урлаг судлалын […]

Сэрэмжлүүлэг: “Ээжийгээ хайж гэрээсээ гарсан 4 настай хүүхэд хоёр хөлөө тайруулахад хүрчээ”

Өчигдөр харгалзах хүнгүйгээр гэртээ байсан дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч […]

error: Content is protected !!