Монгол Жангум: Хүүхдийн баярласан харц миний амьдралын утга учир
“Монгол Жангум” нэрээрээ олон нийтэд танигдсан А.Одончимэгийн хүүхдийнхээ төлөө шантралгүй, тууштай, уйгагүй зүтгэсэн он жилүүдийн хөшүүрэг болсон түүхийг та бүхэндээ хуваалцая.
А.Одончимэг: “Дарханд хүүгээ төрүүлсэн анхны төрөлт минь миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм. Яагаад гэвэл анхны хүүхдийг маань эх баригч хиллэх гэж авч явж байтал нойтон хүүхэд гарнаас нь гулгаад төрөх өрөөний чулуун шалан дээр унагачихсан. Яг төрсний дараа хүүхэд уйлдаг шүү дээ. Гэтэл уйлж байсан хүү минь шалан дээр унаад л чив чимээгүй болчихсон. Тэр үед 4кг 500 гр хүү төрсөн гэж надад хэлж байсан юм. Маш хөөрхөн мантгар цагаан хүү байсан. Хүү минь тэр чулуун шалан дээр унахдаа тархи нугасны маш хүнд бэртэл аваад тархины саажилттай болсон. Би тэр үед юу ч мэдэхгүй хорьхон настай охин байлаа.


Дарханы хамаг л алдартай эмч нар тэр явдлын дараа хүүд минь мэс засал хийсэн. Миний хүүд нийт 6 удаа хагалгаа хийхэд хагалгаа бүр нь амжилтгүй болж байлаа. Тухайн үед аав нь цэрэгт явчихсан байсан учраас би ээжтэйгээ хүүгээ тэврээд л түргэний машинаар хотод ирж байсан. Одоо бодоод байхад тэр эмнэлэг одоогийн Эх нялхасын эмнэлэг байсан юм шиг байгаа юм. Тэр эмнэлэгт очоод сүүлчийн удаа хагалгаанд орсоны дараа хүү минь найдваргүй болсон гэдгийг сонсох үед надад маш хүнд байсан. Тэр хүүхдийн сэхээний эмнэлэг их аймаар газар байсан. Биеийн байдал хүнд хүүхдүүд дээд сэхээний өрөөнд, ээж аавууд нь доор подвольд хүлээдэг. Тэндээ нэг чанга яригчтай. Жоохон байж байгаад л нөгөө чанга яригч “торрр” гээд л дугардаг. Тэгээд “За тэрний ээж аав ороод ирээрэй” гэхэд ээж аав нь пижигнээд л шатаар өгсөөд тэр дээр бөөн орилоон, уйлаан болдог. Хүүхдээ алдчихлаа гээд л ороод ирдэг. Тийм болохоор тэнд байгаа ээж , аавууд бүгд байнгын айдас, түгшүүртэй маш хэцүү байдаг. Чанга яригчны “торрр” гэх чимээг чагнаж тэр подволь дотор аймшигтай 11 хоногийг өнгөрөөсөндөө. Гэхдээ тэндээс би хүүгээ амьд аваад гарсан. Тэгээд л Баянхонгорын Шаргалжуут гээд ой ухаандаа сайн мундаг рашаан байдаг гэж сонсоод хүүтэйгээ явсан. Даанч миний хүүд юу ч тус болж чадаагүй дээ. Ингэж л тархины саажилт гэдэг аюултай өвчнөөр сайхан хүүгээ алдсан. Хүүгээ өөд болсны дараа хүүгийнхээ аавтай хоёр тийшээ болж, хожим хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Тэр үед дахиад л миний амьдралын зам намайг Шаргалжуут руу хөтөлсөн юмдаа.


Эх хүний сэтгэлд анхны хүүхэд , анх удаа ээж болсон тэр мэдрэмж хэзээ ч мартагдахгүй шүү дээ. Тиймдээ ч анхныхаа хүүхдэд эх хүн маш харамч байдаг юм билээ. Хүүгээ олон ч жил сэтгэлдээ тээж явлаа, одоо ч тээсээр явна. Тиймдээ ч геологич байсан би хүмүүнлэгийн ажил хийх болж, амьдралынхаа замыг өөрчилсөн юм даа. Шаргалжуутад очсон цагаасаа эхлэн хүүтэйгээ ижилхэн эмгэгтэй төрсөн хүүхдүүдэд тусалъя гэж шийдсэн. Тэнд яг миний хүүтэй адилхан өвчтэй хүүхдүүд маш их ирдэг. Тэнд байхдаа би Улаанзагалмайн Л.Одончимэд агсантай танилцаж, тэр хүн миний нүдийг нээж өгсөн дөө. Баянхонгорын Шаргалжуутад очсон тархины саажилттай хүүхдүүдийн 70%-д нь эдгэрэлт өгдөг тийм мундаг рашаан гэж надад хэлж өгсөн. Нэг очсон хүүхэд 3 жил дарааллаж очих ёстой байдаг юм билээ. Тэгээд би эгчийн зөвлөснөөр хүүгийнхээ нэрээр “Халуун Болор” гэдэг нэг хүний төрийн бус байгууллага байгуулаад хүмүүнлэгийн ажлаа эхэлсэн. Тухайн үед надад мөнгө төгрөг юу ч байгаагүй, бөөн сэтгэл л байлаа. Шаргалжуутын рашаанд ирсэн саажилттай хүүхэдтэй ээжүүдэд би варианы шилэнд шинэ хонины махаар үнэгүй бантан хийж өгдөг байлаа. Тэрийгээ үүрээд л рашаан дундуур явж байдаг байлаа. Тийм хүүхэдтэй ээжүүд маш өрөвдмөөр. Ихэвчлэн нөхөртөө хаягдаад ганцаараа үлдсэн, тэр рашаан дундуур хүүхдээ аваад явахдаа даахгүй, арай гэж ганцаараа өргөөд л явж байдаг. Ийм хүүхэдтэй ээжүүдийн зовлонг хэн ч хэзээ ч ойлгодоггүй. Хамгийн аймшигтай нь манай Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хамт хань ижилдээ хаягдсан хүнтэй дахиад хэн ч хэзээ ч гэрлэдэггүй. Энэ зовлонг ойлгосон хүний хувьд эгч нь геологийн мэргэжлээ хаяад энэ ээжүүдэд л тусалъя гэж сэтгэл шулуудсан юмдаа.


Би өнгөрсөн 25 жил Шаргалжуутын рашаан сувилал дээр олон хүүхдийг тэргэнцэртэй болгосон. Тэргэнцэртэй болгоно гэдэг нь хүүхдээ ганцаараа үүр дүүрч яваа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжийн хувьд хань ижилтэй болгож өгч байгаагаас бараг ялгаагүй дээ. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө эгч нь 33 дахь ээжийг гэртэй болголоо. Өөрийнхөө хийж борлуулж буй бүтээгдэхүүнийхээ орлогын 30%-ийг зарцуулж гэртэй болгож өгсөн юм. Ийм ээжүүд бол “би муу хүүтэйгээ өөрийн гэсэн орох оронтой л болчихмоор байна” гэж ярьдаг байхгүй юу. Гэхдээ миний хамгийн том мөрөөдөл биелээгүй. Юу вэ гэвэл би хорьхон настай жоохон Одноо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үүрчихээд явж байхдаа Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй, ийм хүүхдүүдэд зориулсан сувилал байгуулна гэж мөрөөдөж явлаа. Ванн нь гэхэд л ухаад доош нь суулгачихсан, шалтайгаа чацуу, хүүхэд өнхрөөд л ванн руугаа орчихож болохоор тийм ваннтай. Японд л гэхэд бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн машин байна шүү дээ. Хөл гаргүй хүүхэд эрүүгээрээ дараад л удирдаж, явж болохоор. Шат, гудамжны гэрэл, дуут дохио гээд л иж бүрэн сувилал байгуулчихъя гэж зорьсон боловч өнөөдөр би 55 настай, мөрөөдлөө биелүүлж чадаагүй л байна. Би МУ-ын Засгийн газарт 15 удаа өргөдөл өгч байсан. Миний өргөдөл нэг ч тоогдоогүй. Дандаа очоод л хасагддаг. Бүр анх 1993 онд арван тавхан сая төгрөгийн өртөгтэй, 2 давхар байшингийн зураг хийлгэж байлаа шүү дээ. Даанч биелүүлж чадаагүй явна даа.


Хүүгээ ой гарантай болсны дараа алдаж, салах ёс хийж байхдаа ээж нь хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган хүүхдэд тусалж, энэ амьдралаа зориулна гэж сэтгэлдээ амласан юм. Баянхонгор аймгийн Шаргалжуутын халуун рашаанд тархи мэдрэлийн хамгийн сайн рашаан байдаг гэж сонсоод хүүгээ сувилуулж байсан тэр л өдрүүд түүнийг энэ л газарт үлдээх шалтгаан болсон аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ажил хийх боломж гардаггүй, үр хүүхдээ асарч, нойр хоолгүй шахам зүдэрдэг зовлонг Одноо хамгийн их мэдэрсэн.


Дахин хоёр дахь амьдралаа эхлүүлж, хэдийн гурван хүүхдийн ээж болсон түүнд гар дээр нь бэлэн таван төгрөг ч байсангүй. Хүмүүнлэгийн тусламжийн байгууллага гэдэг санхүүжилт сайтай байх ёстой болохоор сайн санаат хүмүүс болон албан байгууллагаас дэм тусламж олох ажил түүнд ундрав. Үүний сацуу Шаргалжуутын рашаанд амарч сувилуулж байгаа иргэдийн дунд нийтийн бүжиг зохиож, өөрөө дуулж хөөрхөн тоглолт хийчихдэг байв. Бага залуудаа Бүх ард түмний урлагийн наадмаас энэтхэг, казак бүжгийн зургаан удаагийн алтан медальт, “Дружба” хамтлагийн гишүүн, орос дууны мастер адтай охин байсан тэрбээр тоглолтынхоо орлогоор хонь авна аа. Тухайн үед ямаа 10 мянган төгрөг, хонь 25 мянган төгрөг байсан. Өдөрт 40-50 хүнд 500 төгрөгийн билетээр тоглолт үзүүлчихэд нэг хонины мөнгө олчихдог байжээ. Өдөр бүр хонь гаргаж, ядарсан биетэй хүүхдүүдэд шинэ шөл уулгах нь түүний зорилго байлаа. Тэр үед хүний газар ирсэн түүнд гэр орон ч байсангүй. Хоршооноос цуу ямбуу ууттай, ясан цагаан гурил зээлээр авч амрагчдад сэвсийсэн хөвсгөр орос булычка хийж зарсаар байгаад, 17 ширхэг гурилын уутаар майхан хийж оёж, толгой хоргодох болжээ. Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд тоглолт хийж өгөхөд нь тэд талархсан сэтгэлийн хариу болгож хийсэн гэрээсээ хоёрыг бэлэглэж анх гэртэй болж байжээ. Л.Одончимэд гуай “Улаан загалмай” нийгэмлэгээс дөрвөн гэр бэлэглээд гэнэт л зургаан гэртэй болжээ. Зургаан гэртээ жилдээ 500 гаруй саажилттай хүүхдүүд хүлээн авсаар, он цагийн эрхээр гэрүүд нь ч хуучрав. Нутаг орны өрх толгойлсон, орон гэргүй ядарсан хүмүүст гэрээ хандивлаж буян болсон доо. Харин өдгөө тэрбээр 10 ханатай өргөө цагаан гэртэй болсон. Түүнийг 21 аймагт танихгүй хүн гэж үгүй. Шаргалжуутад сувилуулж байсан хүмүүс түүний өндөр ээж шиг өглөг буянтай сэтгэлийг нь өдгөө хүртэл үлгэр домог шиг ярьсаар буй.


Одончимэгийн Монголд анх удаа нутгийн ардын дунд санаачилсан нэгэн том баяр бол “Сарлагийн наадгай” бөгөөд өдгөө болтол 15 жил тасралтгүй явагдаж иржээ. Хэлэлцсэн юм шиг сарлагийн баярт нь хөл, гаргүй хөгжлийн бэрхшээлтэй нэг хүний сарлаг 10 жил дараалаад түрүүлчихжээ. Түрүүлсэн байг шагнах мотоциклоо худалдаж авахын тулд Одноо бүтэн жил хөдөлмөрлөж мөнгөө хураадаг. Сүүлдээ шагналынхаа мотоциклыг зарсаар байгаад мөнөөх хөгжлийн бэрхшээлтэй эр мал хуйтай болоод авч. “Чиний хүчинд би ийм их малтай боллоо, энэ жил надаас өвлийн идшээ аваарай” гэх нь эргэх хорвоо ээлж дараатайг харуулах шиг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор тархины саажилттай 2227 хүүхдийг өдрийн гурван удаа үнэгүй хооллож, ундалж ирсэн. Үүний зэрэгцээ, хувцас хэрэглэл, тоглоом бэлэглэж, 700-аад хуучин тэргэнцэр цуглуулж өгчээ. “Учир нь манай улсад тэргэнцрийн үйлдвэр байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдэд тэргэнцэр гэдэг хамгийн том бэлэг. Хуучирсан тэрэгнүүдийг нөхөртэйгөө нийлж сэлбэж засаад хүүхдээ өргөж даахаа больсон, чадал нь барагдаж, гар нь мухардсан эцэг эхчүүдэд өгөхөд маш их баярладаг” гээд харц нь гэрэлтээд ирэх.


Хүн хүмүүнлэгийн ажил хийхэд заавал тэрбумтан байх албагүй, хүнд ганцхан сэтгэл л байхад болно гэж тэр хэлээд ажилдаа яаран одлоо. Тун удахгүй түүний хүсэл биелж, сувилалынхаа цонхоор инээмсэглэн ширтэж зогсох бизээ.
Эх сурвалж: tugch.com, news.zindaa.mn