Монголын сайхан залуучуудын нэг болох “Хасар” Жагаа
Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайханын нэгэн ярилцлаганаас хүргэхийн зэрэгцээ түүний залуу насны сайхан зургуудаас хуваалцая.

Б.Жаргалсайхан: “Би хувь хүнийхээ хувьд Драмын театртаа илүү хүч хөдөлмөр, цаг заваа шингээх зорилготой. Драмын урлагт тайз, үзэгч хоёрын хооронд амьд харилцаа үүсдэг учир их сайхан байдаг юм. Мөн уран бүтээлч хүний гол шалгуур, чадвар тайзан дээр харагддаг гэж боддог. Өдөр бүрийн бэлтгэл, хөдөлмөр шаарддаг тайзандаа илүү хайртай.”

Б.Жаргалсайхан : “1987 онд сургуулиа төгсөж ирээд театрт жинхэнэ алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллаж байсандаа талархаж явдаг. Хөдөлмөрийн баатар агуу Г.Гомбосүрэн гуай, Ц.Гантөмөр гуай, Л.Жамсранжав гуай, З.Жарантав ах гээд л олон сайхан уран бүтээлчидтэй нэг тайзан дээр ажиллаж байлаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглохоос өмнө Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн “Алтан шонхор” кинонд тоглоход Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай, нэрт найруулагч Л.Эрдэнэбулган гуай, ардын жүжигчин Г.Равдан ах, дуурийн дуучин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай гээд л Монголын сор болсон уран бүтээлчидтэй нэг гэрт амьдарч байсан минь бас нэгэн олз байсан. Тэр чадварлаг, сайхан хүмүүсээс олон зүйл надад өвлөгдөж ирсэн. Жүжигчдээс гадна киноны ард ажиллаж байгаа зөвлөх, найруулагчид гээд баг хамт олны хэлж байсан бүхэн дараагийн уран бүтээл, амьдралд маань маш том сургамж болж үлдсэн. Тэдний хоорондын яриа, хандлага, камерын өмнө ажиллаж байгаа байдал бүхэн захиас мэт санагддаг байлаа.”

Б.Жаргалсайхан: “Анх жүжигчин болох тухай бодол байгаагүй. Тухайн үед спортоор хичээллэдэг, спортын л хүн болох байх гэж боддог байсан. Яагаад ч юм миний толгойд “Амьд явах хугацаандаа алтан Москва гэдгийг нь л үзчих юмсан” гэж боддог байлаа. Хотод шилжиж ирээд аравдугаар ангиа төгсөхөд драмын театраас 20 хүүхэд шалгаруулж Москвагийн театр, урлагийн дээд сургуульд сургана гэсэн юм. Намайг МУГЖ З.Жарантав ах “Өндөр нуруутай хүү байна, алив шалгалт өгөөд үз” гэхэд би их дургүй байлаа. Тэгсэн надтай хамт шалгалт өгсөн ангийн хүүхэд “Жагаа чи юу яриад байгаа юм бэ, очоод шалгалт өгөөд үз. Хэрвээ тэнцчих юм бол хүсээд байгаа Москвагаа үзнэ” гэж хэлсэн. Тэгээд л нээрээ тэгэх ч юм билүү гээд шалгалтандаа их хичээсэн. Ер нь Москваг үзэхийн тулд л тэр шалгалтыг сайн өгсөн юм шиг байгаа юм (инээв). 600 гаруй хүүхэд шалгалт өгснөөс эхний тавд жагссан. Тэгээд л алтан Москвагаа үзэж, Улаан талбайд очиж дэвсэж үзлээ. “Одоо яах вэ, за суръя даа” гээд л жүжигчин мэргэжлээр сурсан юм даа. Анатолий Дмитриевич Папанов гэж гайхалтай багш намайг болон миний ханийг эргэлт буцалтгүйгээр урлагийн ертөнц рүү оруулсан. Тэр үеэс хойш театртаа тасралтгүй 36 жил ажиллаж байна. Одоо театр минь яг л миний гэр шиг санагддаг.”


Эх сурвалж: dnn.mn