Дэлхийн физикийн олимпиадын алт , мөнгөн медальт , улсын 9 удаагийн аварга Б.Түвдэндорж багш
Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн физикийн багш Б.Түвдэндорж энэ жил Дэлхийн физикийн олимпиадад түрүүлж алтан медаль хүртсэн билээ. Тэрээр Монгол Улсын физикийн багш нарын олимпиадад 9 удаа түрүүлж, өнгөрсөн жил Дэлхийн физикийн олимпиадын мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан алтан медаль хүртсэн юм.

Ийнхүү Дэлхийн физикийн олимпиадад хоёр дахь удаагаа орохдоо ийнхүү хоёуланд нь амжилт үзүүлсэн байна. Арван жилдээ физикийн бодлого бодох сонирхолтой, олимпиадад оролцож амжилт гаргах дуртай хүүхэд байсан байна. Олимпиадад амжилт гаргаад явж байхад нь МУИС-иас Физикийн чиглэлээр суралцах урилга өгч байжээ. Сургуулиа төгссөний дараахан түүнд нэг бол Шинжлэх ухааны академид эрдэмтнээр ажиллах эсвэл физикийн багш болох хоёр сонголт гарч ирсэн гэдэг. “Тухайн үед өөрийн эзэмшсэн мэдлэг, боловсролоо бусдад түгээхийг их хүсч байсан. Иймд шууд л багшийн ажлыг сонгосон доо.” хэмээн ярилцаж байсан удаатай.

Тэрээр мөн нэгэн ярилцлагандаа:
Б.Түвдэндорж: “Монгол Улсын Гавьяат багш Р.Бавуудорж намайг анх физикийн бодлогод дуртай болгож, энэ чиглэлээр явахад түлхэц болж өгсөн. Багш маань Монгол Улсын физикийн найман удаагийн аварга юм. Харин би сүүлд багш мэргэжлийг эзэмшээд өөрийн багшийн амжилтыг давж, есөн удаа аваргалжээ.” гэв.

Та физикийн багш болох сонголт хийснээ одоо эргээд харахад хэр зөв болсон байна? хэмээх асуултанд хариулахдаа: “Миний хувьд энэ мэргэжлийг сонгож ажилласандаа огт харамсдаггүй. Хүүхдүүдтэй харилцах, тэдний мэдэхгүй зүйлийг зааж, ойлгуулах нь их сайхан. Гэхдээ мэдээж аливаа зүйлд сайн, муу үр дүн бий. Зарим үед сэтгэл гутрах ч үе ч юм уу , тийм үе байсан. Багшийн цалин амьдралд хүрэлцэхгүй тохиолдол бий. Хэрвээ би өөр чиглэлээр ажиллаж явсан бол арай өөр байж, хийж бүтээж явж болох л байсан. Гэхдээ сургуулийн орчин, хүүхдийн энэ сайхан энерги намайг үргэлж хөглөж байдаг. Би мэргэжилдээ хайртай.” хэмээжээ.

Анх МУИС-ийг 2003 онд төгссөн ба ажлын гараагаа нийслэлийн 73-р сургуулиас эхэлсэн бол үүний дараа Сант, Шинэ Монгол зэрэг сургуульд ажиллажээ. Харин сүүлийн жилүүдэд нэгдүгээр сургуульдаа ажиллаж байна. Нийт 19 жил энэ салбартаа ажилласан байна.

Тэрээр мөн хэлэхдээ: “Одоо ингээд харахад маш олон сайн хүүхдүүд арван жилээ төгсөж байна. Энэ хүүхдүүд бүрэн багш болох бололцоотой. Гэвч тэд багш болохыг ерөөсөө хүсэхгүй байна. Учир нь цалин, хангамж бага шүү дээ. Иймд гадагшаа явах эсвэл хууль, эдийн засгийн чиглэлийг сонгож байна. Бид боловсролоо хөгжүүлье гэвэл сайн багш нарыг олноор төрүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд багшийн ажлыг хясаж биш хүсч сонгож, ажиллах орчинг бүрдүүлэх чухал байна. Ар гэртээ санаа зовохгүй хангалттай сайхан амьдрах бололцоог бүрдүүлчихвэл багш болох хүсэл хүүхэд бүрд байдаг. Багшийн мэргэжилд тодорхой шалгуур тавьж, үүнд тэнцсэн чадвартай хүмүүсээ ажиллуулж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болов уу. Тухайн хүн багш болсноор харамсдаггүй, харин ч бахархдаг ажилдаа ч амьдралдаа ч сэтгэл хангалуун байх ийм бололцоог төр, нийгмийн зүгээс бүрдүүлээсэй гэж хүсч байна. Багш хүн ажилдаа дуртай байж шавь нар нь амжилтад хүрнэ.” хэмээсэн юм.

“Багш хүн мэдлэгээс гадна хүмүүжил олгох ёстой. Хүүхэд бүхэн заавал физикч байх албагүй. Аль ч мэргэжил сонгосон үнэнч, зөв шударга явж амьдрах учиртай. Үүнийг ойлгуулахыг хичээдэг.”гэлээ.
Эх сурвалж: gogo.mn , itoim.mn