ЭЕРЭГ МЭДЭЭ

Дүү бид хоёр дундаа нэг гуталтай

Жаахан хүүхдүүд даарахаа ч мэдэхгүй гүйж явдаг. Тэдэнтэй автобусанд, аль нэг дэлгүүрийн үүдэнд төвөггүй таарна. Тэгтлээ даарсан хэр нь куртикныхаа цахилгааныг татчихгүй “Зүгээр ээ, даарахгүй байна” гээд нусаа татна.

…Хуучин гутлаа ууталж, шинэ гутлаа хөлдөө жийж аваад гудамж уруудан тэд гүйлээ. Бас багахан бэлэгтэй. Тэдний уруудсан гудамжнаас төд удалгүй хүүхдүүд хоёр, гурваараа цуварсаар ирж “Бэлэг тарааж байгаа юм уу” хэмээн асууна. Манай хүн хариад хөршдөө гутлаа гайхуулж, зар тараажээ. 20 литрийн гурван ч савтай ус тэргэн дээр тавьж, хажууд нь нэг шуудай нүүрс бас багтаасан эгч хэсэг чимээгүй харж зогссоноо “Үнэгүй өгч байгаа юм уу. Би гурван хүүхэдтэй, гутал авч болох уу” гэж асуув. “Хүүхдэд нь өөрт нь өгнө өө эгч ээ” гэж хэлэхэд тэр ууртай ч юм шиг огцом эргээд цааш явлаа.

Ингэж гудамжны үзүүрт нэг бужигнаж аваад цааш хөдөллөө. Зам зуурт түрүүчийн эмэгтэйд яагаад тэгж хатуурхсан тухай асуухад: “Яг хүүхдэд нь өгөхгүй бол өө нөгөө гутлыг маань зарна гээд дэлгүүрт барьчихсан зогсож байх аав, ээжтэй таарсан шүү дээ. Үнэгүй гэхээр л би авах ёстой гэж дайрах хүмүүс байна аа” гэж “Дулаан гутал” аяныг санаачлагч, арван жилийн турш арванхоёрдугаар сард гудамжаар, гэр хорооллоор, хөдөө орон нутгаар явж хүүхдүүдэд гутал тарааж буй эмэгтэй ярив.

Нэг удаа есөн настай охин ирээд “Эгч ээ, та манай дүүд нэг гутал өгөөч. Дүү ханиад хүрсэн гэртээ байгаа, бид дундаа нэг гуталтай” гэжээ . Үнэгүй гэх сургаар арга саам хайж шунах хүмүүстэй цөөнгүй таардаг тул охиныг анзаарсан ч үгүй, бусдын асуултад түүртэж “Дүү нь өөрөө ирж авах учиртай, өгч явуулж болохгүй” гээд хэлчихжээ. Хэсэг хугацааны дараа харваас сайнгүй царайтай, халуурч байна уу гэлтэй сул биетэй охин “Эгч ээ, би гуталгүй юмаа” гэсээр яаран гүйж иржээ. Эгч нь хариад халуунтай дүүдээ бушуухан гутлаа тайлж өмсүүлээд нааш ийнхүү дэгдүүлжээ. “Бид охинд таарах гутал, куртик, малгай, ороолт, оймс, цамц гээд аль байгаагаар нь хувцаслаж байх зуур нулимс дүүрэн харцаар баярлалаа, баярлалаа” гээд л эгчийнхээ гутал куртик хоёрыг торондоо хийгээд буцаад гүйсэн дээ” гэж тэр ярилаа.

Тэд хорооноос зорилтот айлын хаяг заалгадаггүй. Танилаасаа тэднийх ч, эднийх ч гэж зовлон сонсдоггүй. Гутлаа ачаад хүн бүр мэдэхгүй, гэхдээ л энэ хотод амьдарч буй айлын, хүүхдүүдийн эрэлд гарч уул, толгодоор давхидаг.

Арван жилийн турш үргэлжилсэн энэ аяныг мэдэх хүн цөөн. Учир нь тэд тусалсан, хандивласнаа зарлахгүй, зүгээр л өгчхөөд буцдаг сайхан сэтгэлтнүүд ажээ. Тэдний ачаар энэ өвөл 2000 хүүхэд хөл дулаан өвөлжих нь ээ. Ингэж хүн хүндээ чимээгүй тусалж болдог ажээ.

“Өмнөх жилүүдэд аав, ээж нь архи уугаад тасраад уначихсан, хүүхдүүд нь галлаагүй хүйтэн гэрт даараад сууж байгаатай зөндөө л таарч байсан. Энэ жилээс тийм айл цөөрсөн байна. Гэхдээ нэг сонин зүйл ажиглагдаж байна л даа. Аав, ээж нь архи, дарс уухгүй. Ажилтай, амьдралын төлөө зүтгээд л байгаа хэр нь хүүхдэдээ хувцас авч өгөх хүч хүрэхгүй, өдрийн хоолоо л залгуулж байгаа амьдрал олон таарч байна” гэж “Дулаан гутал”-ын эгч хэлэв.

Эх сурвалж: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

“Дуучин Сараа эгч маань намайг 5 жил ажиллахад 2 өрөө байр авах хэмжээний цалин өгч , 6 дахь жилдээ нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд явуулсан юм даа”

МУГЖ , Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяаг Монголчууд бид бүгд […]

МУГЖ , Уртын дуучин Г.Хонгорзул: “Эхнэр нөхөр хоёр салсанаар төрүүлсэн үрдээ сэтгэлийн эмгэг үлдээж байгаагаа ойлгоосой. Энэ бол нүгэл”

TV6 Mongolia телевизийн “Хөндлөн утга” нэвтрүүлэгт МУГЖ , Уртын дуучин […]

error: Content is protected !!