Uncategorized

Хүүтэй боллоо гээд манайхан бөөн баяр.Манайх 3 охинтой байж байгаад нэлээн сүүлд хүү маань гарсан юм…УНШААРАЙ!!!

Та бүхэндээ нэгэн түүхийг хүргэж байна.Хүүтэй боллоо гээд манайхан бөөн баяр. Хамаатан садан, найз нөхөд, ойр тойрныхон бүгдээрээ. Манайх гурван охинтой байж байгаад нэлээн сүүлд хүү маань гарсан юм. Хүү минь гуравхан настай байхдаа сумо бөх жигтэйхэн дурлаж үздэг болчихсон. Сумо сонирхоод байхаар нь би нэг сумогийн ном аваад өгчихсөн юм. Бүх бөхчүүдийнх нь нэр, зэрэг зиндаатайгаа бичээстэй байдаг тийм ном. Миний хүү чинь тэр номоо байнга авч явна. Ажил дээрээ дагуулаад ирэхэд нөгөө номоо аваад л хүрээд ирнэ.

Манай ажлынхан номоос нь харж байгаад нэрүүдийг нь энд тэндээс нь асууна. Тэгэхээр бүгдийг нь цээжээр яг таг хэлнэ дээ. Гурван настай хүүхэд чинь үгээ тод сайн хэлж чаддаггүй шдээ. Тэгэхээр манай ажлынхан “Күэ энэ Монгол хэлээ ч сайн мэдэхгүй байж юун сүрхий Япон нэр тогтоочихсон юм бэ” гээд гайхна. Айлын бага болохоороо жаахан эрх, тэгээд бүрэг ичимхий санагддаг байлаа. Хүн юм яривал ярина, харин ярихгүй байвал өөрөө эхэлж ярина гэж хэзээ ч байхгүй. Хүнтэй ярихдаа бас их товчхон хариулна. Хүү минь 5-р анги байсан юм.

Гудманд явж байхад нь нэг танихгүй хүү “Ахдаа утсаа өгчих. Ах нь утсаар ярьчхаад буцаагаад маргааш ангид нь аваачаад өгье” гэж л дээ. Тэгэнгүүт миний хүү итгээд өгчихсөн. Гэртээ утасгүй ирэхээр нь би “Яаж байгаа юм бэ хүү минь, өгөхгүй шдээ тэр ах чинь” гэж хэллээ. Тэгсэн “Үгүй өгнө, манай ангийг бүр асуугаад явсан юм” гээд өөртөө бат итгэлтэй хэлж байна. Мэдээж юу гэж утсыг нь буцааж өгөх вэ дээ. Хүү минь маргааш нь хичээлээ тараад зөндөө хүлээсэн. Ерөөсөө худлаа ярилт гэж мэдэхгүй, дэндүү итгэмтгий. Миний нэг цэцэрлэгт явдаг зээ байдаг юм.

Жоохон хүүхэд. Тэрнээс асуулаа “Хэрвээ чамайг гудманд явж байхад чинь танихгүй хүн утсаа өгөөч гэвэл миний хүү өгөх үү” гэсэн чинь “Өгөхгүй ээ, аваад зугтаачихна шдээ” гэдэг юм. Бүр цэцэрлэгт явдаг хүүхэд тэгж хариулж байна шүү дээ. Нэг л бишээ. Ердөөсөө юм өг гэвэл өгөх ёстой л гэж ойлгоно. Би өөрийгөө хуураад цагаа 10 минутаар урагшлуулж тавьдаг байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө цагийг чинь буцаагаад л байранд нь тохируулчихна. Хэчнээн хэлж ойлгуулах гээд болохгүй. “За чи энэ цагийг хэзээ ч оролдож болохгүй шүү. Яг ингээд байж байг” гэхээр дахиад л зурагтын цагтай яг тааруулчихна. Юмыг яг байр байрандаа, байгаагаараа байх ёстой гэсэн ойлголттой. Ойр зуурын юм хийхдээ болхи. Жишээ нь: хувцсаа өмсөхдөө хааш яаш углаад л гараад явчихна. Бид нар аймагт амьдардаг байсан юм. Хүү минь 7-р ангид сурдаг болчихсон. Нэг удаа хичээлээсээ орж ирээд “Ээжээ би ердөөсөө энэ сургуулиас шилждэг юм билүү.

Энэ хүүхдүүд юу ч ойлгохгүй юм бүгдээрээ тэнэг” гэж хэлсэн. Яасан гэсэн миний хүүг л их шоолж, шоглоод байж л дээ. Өөрийг нь ойлгож харьцаж чадахгүй. Маргааш нь би хүүгийнхээ сургууль руу явж багштай нь бас захиралтай нь уулзсан. Багш нь болохоор тэр талаар юу ч мэдээгүй байж. Дараа нь хүүгийнхээ ангийнхантай уулзтал миний хүүг завсарлагаанаар гараад л ганцаараа коридорт зогсчихдог гэж хэлсэн. Ердөөсөө хүүхдүүдтэй нийлдэггүй гэнэ. Би ангийнханд нь учирлаж “Манай хүүхэд жаахан эрх учраас ийм болчихсон юмаа.

Та нар найзтайгаа гоё харьцаж байгаарай” гээд тэр хүүхдүүдийг хүүтэйгээ аль болох гоё харьцаасай гэсэндээ бяцхан хахууль өгч чихэр жимс тараав. Тэрнээс хойш арай дээр болсон. Ангийнх нь хүүхдүүд манай гэрт ирдэг болчихсон байсан юм. Би ажилдаа яваад өгнө. Хүрээд ирэхэд л тавгийн чихэр юу ч байхгүй дуусаад баахан цаас овоологдчихсон байна. Хөргөгчин доторх өндөг, сонгино бас байхгүй. Хүүтэй маань найзалж байгаа нь яамай л гэж би бодно. Тэгсэн яваандаа сервантанд байдаг тоглоомууд гээд л мэр сэр зүйлс алга болох боллоо. Би хүүгийнхээ зургийг жаазлаад өлгөчихсөн байсан, нэг ирсэн чинь жааз нь байхгүй зураг нь дангаараа байж байна. Хүүгээсээ асуусан чинь ангийнх нь хүүхэд гуйхаар нь өгчихсөн гэнэ.

Авна гэсэн л бол өгөх ёстой л гэж хүү маань боддог учраас гуйсан болгоныг нь өгөөд л явуулаад байж. Ердөөсөө харамлах, өмчирхөх сэтгэл гэж байхгүй. Хүүг минь элэг бариад байгааг мэдчихээд ангийнхан нь дахиад ирвэл нөгөө өрөөндөө орж байгаад мэдэгдэхгүйгээр ээж рүүгээ утасдаарай гэж хүүдээ сайн захисан. Нэг өдөр залгаж байна шүү. Би ч ум хумгүй гүйгээд очсон нөгөөдүүл чинь мэдчихэлгүй яахав, аль хэдийнээ яваад өгсөн байсан. Манай ажлын ачаалал гэж жигтэйхэн их. Заримдаа шөнийн 1,2 хүртэл сууна. Тэгээд л миний хүү ганцаараа гэртээ байдаг. Би өдөр ирж нэг хоол хийж өгнө. Бас бүтэн сайнд би жаахан бууз хийгээд бэлдчихнэ, тэгэнгүүт тэрийгээ жигнээд идчихнэ. Орой ирэхэд ороо засаад унтчихсан байдаг байлаа.

Тэгсэн нэг өдөр “Та намайг ганцаардуулдаг биз дээ” гэж хүү минь хэлсэн. Тэр үг нь чухам зүрхэнд ороод нээрээ л би ажил ажил гээд яваад байдаг муу хүү минь дандаа л гэртээ ганцаараа гэж бодож байгаа юм чинь. Тэгээд би нэг удаа хүүтэйгээ зориуд сайн ярилцсан юм. Хоёулаа бүр жигтэйхэн ярьсан. Хүү маань ярьж байснаа “Өнөөдөр багш бид нарыг хайртай хүндээ зориулж захидал бич гэсэн” гэлээ. “Өө тийм үү? Миний хүү хэнд зориулж бичсэн бэ” гэсэн “Танд” гэж байна. “Тийм үү би чамайг аавдаа бичсэн” гэж бодсон гэтэл “Аавд бичдэг юм уу гэж бодсон л доо. Тэгээд бодсон чинь та миний төлөө зөндөө явдаг юм байна лээ” гээд миний хийж өгч байсан зүйлсийг нэрлээд байна. Зусланд явуулж байсан, дугуйланд явуулж байсан гээд л.

Хүүхэд чинь хөөрхөн дотроо бодоод явдаг юм байна шдээ тэдгээр зүйлсийг. Тэгээд захидлыг нь уншсан чинь гомдоож явсан бол уучлаарай, том болоод таныгаа баярлуулна гэж бичээд доор нь ээжийн тухай нэг дуунаас 4 мөрийг биччихсэн байсан даа. Хүү минь 8-р ангид сурч байсан жил манай аймагт эмч ирж яриа хийсэн юм. Аутизмын талаар. Би амьдралдаа Аутизм гэдэг үгийг огт сонсож үзээгүй байсан. Тэр эмчийн яриаг сонсоод суухад аутизмын шинж тэмдэгүүд миний хүүд байгаад байсан байхгүй юу. Тэгээд аутизм гэдэг үгтэй болчхоод интернетээр судалж эхэллээ. Уншаад байхад яг л аутизм мөн байна. Монголын Аутизмын Холбоо гэдэг газар гараад ирэхээр нь дугаарыг нь олоод цаг аваад хүүгээ дагуулаад очлоо.

Аутизмтай хүүхдүүдтэй аав ээж нар л байгуулсан газар байна. Тэд нар өөрсдөө тийм хүүхдүүдтэй болохоор миний хүүг хараад л ер нь мэдэж байв. Надад аутизмын үнэлгээ хийлгэдэг газар очихыг тэд зөвлөсөн. Тэгээд хүүгээ үзүүлж үнэлгээ хийлгэтэл бүх үзүүлэлтийг нь гаргадаг юм байна лээ. Миний хүүгийн булчингийн хөгжил, харааны ой тогтоолт сайтай гэж гарав. Ер нь хөнгөн хэлбэрийн аутизмтай гэдэг онош гарсан. Тэгэхээр нь би хүүгээ хот руу тусгай сургуульд оруулаад, өөрөө тэндэх ажлаа зохицуулаад хот руу арай шилжиж амжаагүй байсан юм. Хүү рүүгээ нэг утасдсан чинь хичээлээ тараад гэр лүүгээ явж байна гэж байна. Байж байгаад дахиад утасдсан шал өөр газар явж байдаг юм. “Хүүе ээ миний хүү хаана явж байгаа юм бэ? Гэртээ очоогүй юм уу” гэтэл

“Үгүй, гэрээ өнгөрөөд явчихсан” гэлээ. Би чинь сандраад ойр хавийнх нь газрын нэрийг уншуулсан чинь Айцсын даваа гэж хэлдэг байгаа. “За миний хүү ёстой наанаа байж байгаарай. Би багшид руу нь хэлээдхэе” гэсэн чинь “Үгүй үгүй, багшид хэлэхгүй. Би өөрөө буцлаа” гэж хэлээд тасаллаа. Дахиад залгатал нөгөөх чинь утсаа авахаа больчхож байгаа байхгүй юу. Багш гэж хэлснээс болоод. Би бүр дахин дахин дахин залгаж байж нэг юм утсыг нь авахуулаад “За ээж нь багшид нь хэлэхээ больчихлоо. Миний хүү одоо буцаарай” гэж хэлчхээд хотод байгаа ах дүү нартаа гялс хэлж хүүгийнхээ эрэлд гаргав. Тэгсэн зөрчихсөн л байна лээ л дээ. Дараа нь гэртээ хүрээд ирчихсэн байсан. Би хүүгээ хотод ирснээс сарын дараа шилжиж ирсэн юм. Сагс тоглох дуртай юм шиг байгаа юм, юм л бол үсрээд шийд рүү бөмбөг шидэж байгаа юм шиг гараа хөдөлгөөд байдаг байсан болохоор нь ирээд хүүгээ сагсны секцэд явууллаа. Тэр нь

7 хоногт гурван удаа. Хажуугаар нь бас морин хуурын дугуйланд явуулна. Би хүүгээ хүргэж өгч дуусахад нь очиж авна. Аминдаа л нөгөө гадуур алхдаг зуршлаас нь сатааруулж найз нөхөдтэй болгох гээд. Тэгсэн ч хүү маань улам л их алхдаг болоод байв. Өмнө нь хичээлдээ өөрөө яваад, өөрөө ирдэг байсан хүүхэд чинь хичээлээ тарахаараа алхаад яваад өгдөг болчихсон. Тийм болохоор би хүүгээ дандаа дагуулж явдаг боллоо.

Тэгэхгүй бол бүр хаа байсан Баянзүрх дүүргээс Ханын материал хүртэл алхана. Тэгээд алхаж алхаж байгаад бүр автобус зогссон хойно гэртээ шөнө ирнэ. Бүр өвлийн 12 сард шүү дээ. Би айсан. Хүү минь өөрийнхөө дотоод ертөнц руу орчих л юм бол гадаа хүйтэн байгааг, шөнө болж байгааг, хэр хол явж байгаагаа бүгдийг нь анзаарч мэдэхгүй. Дотоод ертөнц рүүгээ л орчих юм бол гадаад ертөнцөөс бүрэн тасарчихдаг юм шиг санагддаг байсан. Ингэж явж байгаад өвлийн хүйтэнд янз бүр болчих вий гэж айсандаа би байнга дагуулж явна. Аутизмын холбоон дээр очоод яваад байгааг нь хэлтэл “Та тэгвэл явдаг маршрутыг нь олчих. Аутизмтай хүүхдүүд яг л нэг маршрутаараа явдаг юм” гэхээр нь бодсон нээрээ л миний хүү төв замаа дагаад 21-р хороолол хүртэл явдаг байв. Өмнө нь төв зам дагуу алхаж байхад нь бид нар зөндөө олж байсан юм. 4 сарын 1-нд нэг аутизмын өдөрлөг болоод зөвхөн эцэг эхчүүдийг нь цуглуулсан байхгүй юу.

Тэгээд тэрэнд явсны маргааш нь хүүгээ сургуулиас нь машинаар авчхаад гараашны хаалга онгойлгох гээд гарах хооронд нөгөөх чинь буугаад гүйгээд явчихсан. Би юун машинаа оруулахтай манатай шууд тэр чигт нь үлдээгээд араас нь гүйж очоод бариад авсан чинь гараа угз татаад зугтааж байгаа юм. Замд нэг цагдаа тааралдаад надаас яагаад байгааг минь асуусан. Хүүхдийн хүчирхийлэл үйлдэж байна гэж бодсон уу яасан. Тэгэхээр нь цагдаад хэллээ “Манай хүү нэг юутай байгаа юмаа. Та гэртээ ор” гээд хэлээд өгөөч гэсэн нөгөө цагдаа “Одоо гэртээ ор мэд үү” гээд чангахан дуугарлаа. Өөр хүн хэлэхээр өөр байгаа байхгүй юу. Цагдаагаар хэлүүлээд айгаад намайг дагаад явлаа. Өмнө нь цагдаад элэгдүүлж зодуулж байсан учраас бас айсан байх.

Би чинь хүүгээ алга болохоор л 102-руу дуудлага өгдөг байсан юм. Нэг удаа алдчихаад хүүгийнхээ зургийг бариад автобусны жолооч нараас сураглаад явж байсан чинь цагдаагийн газраас утасдахаар нь баярлаад яваад очсон чинь миний хүүг хулгайч гэж андуураад бариад авчихсан байсан. Миний хүү цагдаа нарт зодуулсан гэдгээ маргааш нь надад хэлсэн. Тэр өдөр хэлсэн бол би цагдаа нарт учирлаж хэлэх л байсан юм. Ямар юмны хулгай хийх вэ дээ миний муу хүү, өөрийгөө хаана явааг ч мэдэхгүй хүүхэд байхад учрыг нь мэдэхгүй шууд зодчихдог. Тэгээд бид 2 харилаа. Харьчхаад надаас бүр гуйгаад болдоггүй ээ “Ээжээ би жоохон алхчхаад ирье тэгэх үү?” гээд. “Үгүй ээ, чи тэгээд өөрөө удаад тэр чигээрээ орой болгоод ээжийнхээ санааг зовоогоод байдаг шдээ” гэсэн чинь “Та битгий санаа зовоо” гээд л бүр гуйгаад байна шүү.

Манай байр жижигхэн. Давчдаад л байдаг байсан байх. Би гуйгаад байхаар нь бүр өрөвдөөд болдоггүй. Хоёулаа хоолоо хийж идчихээд хамт гарая гэхээр тэгэхээр чинь удна гээд дургүйлхэв. Би тэгэхээр нь “За тэгвэл чи ээждээ амлалт өг. Яг хэдэн цагт орж ирэх үү тэр цагаа бич” гээд бүр дэвтэр гаргаж ирж бичүүлж байгаад зөвшөөрсөн. Нөгөөх чинь бөөн баяр. Би утсыг нь, гэрийнхээ түлхүүртэй хамт кармаанд нь хийж өгөөд, куртикийг нь цахилгаандаж өглөө. Тэгэхгүй бол энгэрээ задгай явчхаад байдаг байхгүй юу. “Миний хүү ээжийгээ залгахаар заавал утсаа аваарай. Чи яг утасны цагаа харж байгаад 1 цаг алхчихаад л хүрээд ирээрэй. Чи ээждээ амласан шүү” гээд бөөн юм хэлж байгаад л би хаалгаа онгойлгож өгсөн.

Хүүгийн минь царай аз жаргалаар дүүрээд инээмсэглээд гарлаа. Би цаг руугаа харан харан хоолоо хийж дуусгасан. 7 өнгөрч байхад хүү маань гарсан юм. 8 өнгөрлөө. Хүү рүүгээ залгатал утсаа авахгүй байна. Яг нөгөө дотоод ертөнцдөө орчхож. Тэгэхээр нь “Ээж нь хоолоо хийчихлээ. Одоо ирээрэй” гээд мессеж бичлээ. Утасдаад ерөөсөө утсаа авахгүй. Жаахан алхаж байгаад ороод ирэх юм байлгүй дээ гээд хараад байтал бүр 9 өнгөрлөө. За болохгүй нь гээд би 2 эгчийг нь аваад л машинтай гарч байгаа байхгүй юу. Төв замаар өчнөөн явав. Олдсонгүй тэгээд л сураггүй. Багшид нь дуулгалаа, 102-т мэдэгдлээ. Угаасаа 102-т өмнө нь зөндөө алга болсон гэж дуудлага өгөөд дараа нь манай хүүхэд ирчихлээ гээд утасддаг байсан болохоор тэд нар бараг нөгөө л нэг хүүхэд байна гээд боддог болчихсон ч байж магадгүй. Цагдаа нар заримдаа хайдаггүй юм шиг л байсан. 102 руу утасдахаар “Өө бүх эргүүлдээ бид нар хэлчихсэн байгаа” гэж хэлдэг ч дараа нь гадуур байгаа эргүүлүүдээс асуухаар мэдэхгүй, мэдээгүй гэж хэлдэг л байсан.

Сүүлдээ хүч хүрэхээ байгаад бүх ойр дотны хүмүүс минь хайлцахад тусаллаа. Сургуулийнхан нь бас ээлжээр хайгаад л. Аутизмын холбоо, төрийн бус байгууллагууд маш их тусалсан. Зургийг нь өнгөтөөр хэвлээд энд тэнд наана. Бас фэйсбүүк дээр тавьсан. Тэр нь их олон хүнд хүрсэн байсан. Тэнд тийм хүүхэд явж байсан гээд энд тэндээс хүмүүс ярина. Олдчоосой гэсэн сэтгэлтэй хүмүүс зөндөө бичнэ. Тэр болгонд нь баярлаад бид хэд чинь тал тал тийшээгээ очиж сураглана, байхгүй.. Айцын даваа руу явчихдаг байсан болохоор тийшээ нь хэд хэд очсон. Олоогүй. Нойр ч хүрэхгүй, хоол ч орохгүй. Хүмүүс хоол ид ядарчихна гэхээр нь хүчээр идсэн чинь сүүлдээ бүр горойчихдог юм байна лээ. Хоол үнэхээр хоолой давахгүй байхад яаж хоол идэхэв дээ. Тэд нар ч энэ мэдрэмжийг мэдэхгүй, мэдэхгүй нь тэд нарын буруу ч юу байхав зайлуул. Нойргүй удаан явахаар ухаан санаа сонин болчихно. Яриа яг согтуу хүн шиг.

Хайж явахдаа л хааяа зүйрмэглэнэ. Тэгээд л өдөр шөнөгүй хайсандаа. Машинтай, явган нүцгэн. Манай найз ямар сайндаа энэ бүр улайрчихсан байсан гэдэг юм. Харанхуй шөнө юунаас ч айхгүй ганцаараа яваад өгдөг гээд л. Юун айх манатай. Тэр жил 4-р сарын 10ны үеэр айхтар шуурга болсон юм. Энэ үеэр бид нар нэг үзмэрчийн хэлснээр Баянчандманий зүг явсан. Би уг нь хөдөө явахдаа машинаа сайн жолоодож чаддаггүй хүн. Тэгсэн тэр нүүр нүдгүй шуурганаар машинаа бариад даваа давчихсан байсан. Яаж давсан юм бүү мэд. Баянчандманий пост дээр бид нарыг цагдаа нар хүлээж авсан. Тэд нарт мэдэгдчихсэн байсан юм. Тэгээд постон дээрээс сум руу орох гэсэн цагдаа нар явуулдаггүй ээ. Би бүр явмаар санагдаад байдаг.

Нөгөө цагдаа чинь “Аягүй бол нэмээд та нарыг хайх хэрэгтэй болчихно” гээд халгаахгүй. Шуурга намдахыг хүлээсэн хэдэн цаг надад дуусашгүй урт санагдсан. Цонхоор балбаад байгаа шуурга яг зүрх рүү балбаад байгаа юм чинь. Би шөнөжин залбирлаа. “Миний хүү ээждээ ямар нэгэн байдлаар хаа байгаагаа мэдэгдээч. Бурхан чи үнэхээр байдаг бол туслаач” гээд л хамаг юмаа хэлээд л хонож байгаа юм. Хамт явсан хүмүүс бүгд унтаад өгчихсөн. Гараад гүйчихмээр байдаг тэгэхээр цагдаа нар гаргахгүй. Бараг унтахгүй байгаа болохоор хүү минь зүүдэнд орж ирэхгүй. Гэхдээ нэг өглөө “Явах гэсээр байгаад л явлаа” гэсэн үг орж ирж байсан л даа.

Тэр нь гэхдээ миний оюун ухаанд байсан уу яасан мэдэхгүй. Тэр үг үүрээр орж ирээд би гялс тэрийг нь дэвтэр дээрээ тэмдэглэж авч байсан юм. Би тэр үед өөрийгөө унтаж байсан эсэхээ ч ялгаж мэдэхгүй байна. Тэр үед бас л олдоогүй. 19 хоног нүд ирмэх зуур л өнгөрсөн байв. Нэг өдөр манай гэрийнхэн хоорондоо утсаар яриад нэг л биш байнаа. Ямар нэгэн юм надаас нуугаад байгаа нь илт. Тэгснээ “Бид нар Төв аймаг руу явлаа, чи хамт явах хэрэггүй” гээд байхаар нь би бүр чичирсээр байгаад хамт явахаар боллоо. Явж явж байснаа цагдаагийн шүүх шинжилгээний газрын гадаа ирээд зогсчихсон. Миний ухаан мэдрэл байхгүй.

Хүн цагаа тулахаар их сонин болдог юм байна лээ. Ямар ч нулимс гарахгүй, хамаг бие салгалаад. Миний хүү бишээ, миний хүү биш гэж би хэлсэн. Манай хамаатны ах орж үзчихээд “Мөн байна” гэсээр гараад ирлээ. Би хүүгээ хармаар байхад намайг бүгд хориод оруулаагүй. Цагдаа нар “Та одоо ийм байж тийшээгээ орж чадахгүй ээ” гэсэн. Одоо бодоход хүмүүс хорьж байсан ч гэсэн тэмцэлдэж байгаад яаж ийгээд хүүгээ харах ёстой байж гээд харамсаад байдаг юм. Оршуулгын ёслол болоход тэр хайрцагт миний хүү байхгүй л юм шиг санагдаад байсан. Инээгээд л гэрээсээ гарсан тэр хүү минь хаа нэгтээ явж байгаа юм шиг бодогдоод итгэж огт өгөхгүй.

Хүүгийн маань шарилыг хүүтэй минь яг чацуу малчин хүү олсон байсан. Ээж хадны ойролцоо уулан дээр нэг хадны хажуугаас. Сүүлд тэр малчин хүүг дагуулж яваад яг хаанаас олсныг нь заалгасан чинь баахан бор хадны дунд ганцхан цагаан гурвалжин хад байсны ёроолд нь хэвтчихсэн, хажуудаа гутлаа тайлаад тавьчихсан байсан гэсэн. Хамгийн сонин нь хүүг минь амьд алхаад явж байхад нь тэр малчин хүү эхлээд тааралдсан байгаа юм. Тэгсэн нэг цагаан нохойтой учиргүй тоглочихсон явж байсан гэнэ. Хүү минь нохойноос уг нь сүнсээ зайлтал айдаг болохоор би гайхаад байдаг юм. Тэр малчин хүү хүүгээс минь хаачих гэж байгааг нь асуутал “Улаанбаатар руу явж байна өө” гэж хэлээд л тэр хоёрын яриа дууссан байсан. Тэр жилийн 4-р сард хоёр удаа аймар цасаар шуурсан юм. Одоо бодох нээ хүү маань нэг шуурганаар л уруудчихсан юм шиг санагддаг. Хүүгээ алдчихаад надад ямар ч амьдрах хүсэл зорилго байхгүй болчихсон.

Яаж хүүгээ хөгжүүлэх үү? Яаж хүүгээ гайгүй болгох уу? гээд хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн явж байсан чинь ингээд байхгүй болчихлоор би одоо юуны ч төлөө амьд явах юм. Хүний л ээж болсон хойно хөгширсөн ч гэсэн миний ээж намайг оройтохоор оройтчихлоо гэж санаа зовно. Тэгэхэд нь би бачимдаад ээждээ нэг хатуу үг хэлж байсан юм. “Та юунд нь санаа зовдог юм. Нэг муу 50, 60 хүрч байгаа хүүхдээ алдчихсан хөгшин авгай амьд яваад ч яадаг юм” гээд хэлчихгүй юу. Тэгсэн тэндээс миний нэг зээ 3, 4р л ангийн хүүхэд “Та яасан муухай юм. Танд зөндөө л хүүхдүүд байгаа биз дээ” гэж хэлэхэд нь толгой руу тоншоод авах шиг болж билээ. Хүн чинь заримдаа хэлэхээс нааш санадаггүй юм байна лээ. Хүүгээ өнгөрснөөс хойш би бараг нүүрээ ч угаахгүй амьдардаг болчихсон байлаа. Өөрийгөө бүр хөсөр хаячихсан.

Манай найз нэг удаа намайг гаднаас орж ирэхийг минь харсан чинь бүр яг хөгшин эмгэн болчихсон байсан гэсэн. Тэгээд л би өөрийгөө сэтгэл гутралд орчихсон байснаа мэдсэн. Заримдаа би бүр хаана явж байгаагаа мэдэхээ байчихна. Монгол 3-р сургуулийн тэнд манай дүүгийнх байдаг. Би тэднийд урьд нь зөндөө очиж байсан юм. Тэгсэн тийшээгээ яаж очих учраа олдоггүй сүүлдээ бүр машинаа багшийн дээд дээр тавьчхаад бууж байгаад хүнээр замаа заалгасан. Яасан гэсэн чинь намар хичээл орчихсон үе байж таараад, машинаа бариад явж байхдаа цүнхээ үүрчихсэн хүүхдүүдийг хараад тэгтэл яг сэтгэл хачин болчихсон байхгүй юу. Тэгээд л машинд нулимс тасралтгүй гоожиж явсаар байгаад ухаан санаа балартсан хэрэг.

Одоо ч гэсэн жил болгоны хичээл орох үеэр хачин болдог. Цүнхээ үүрчихсэн нээх сайхан өндөр хүү харахаараа би бас ийм хүүтэй байж билээ гээд эрхгүй бодогдоод байдаг юм. Тэгж байгаад би бясалгалд яваад ер нь жаахан гайгүй болсон. Бясалгалын багш маань миний байдлыг харчихаад “Таныг хүү чинь ийм байгаасай гэж хүсэхгүй л байсан даа”гэж хэлэхэд нь нэлээн ойлгосон. Одоо би том зорилготой болсон. Танайд яриа өгч байгаа минь ч үүнтэй холбоотой. Би аль болох олон хүнд аутизмыг таниулмаар байна. Энэ талаар бүрэн хэмжээний уран сайхны кино хийх мөрөөдөлтэй болоод Монголын зөндөө олны танил хүн рүү чат бичиж үзсэн. Тэгвэл хүмүүс илүү сайн ойлгоод аутизмтай хүүхдүүдтэй илүү ойлгож харьцдаг болох байх. Гадаадад Форрест Гамп гээд кино байдаг шдээ. Тэр чинь бүр яг л миний хүү харагдаад байдаг юм. Хүн бусдаас өөр байж болно шүү дээ. Өөр байсных нь төлөө шоолж шоглоод адилхан л дэлхий дээр амьдрах гэж ирсэн хүүхдийг сэтгэлийн дарамттай амьдруулж яахнав дээ.

Нийгэм энэ хүүхдүүдэд анхаарал хандуулдаг байгаасай. Материаллаг зүйл шүтсээр байгаад хүмүүс мөн чанараасаа холдоод байгаа юм шиг санагддаг юм. Харин аутизмтай хүүхдүүд тэр чанартай хамгийн ойрхон байхгүй юу. Худлаа хэлж, хулгай хийнэ гэж мэдэхгүй, юм таалагдвал шууд л задлаад идчихнэ, ердөөсөө чинийх гэж мэдэхгүй. Өмчирхөх сэтгэл, харамлах зан байхгүй, хэрэгтэй л гэсэн бол аваа л гээд бүхнээ өгнө. Тийм болохоор энэ хүүхдүүдийг би цаанаасаа бурхан чанараараа байгаа хүүхдүүдээ л гэж боддог юм хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Choirongoo хуудас

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!