
Жижиг цехийг том үйлдвэр болгон хөгжүүлсэн Б.Батзориг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медаль хүртлээ
Гэргийгээ хүнд өвчний улмаас алдсан Б.Батзоригийг Монголчууд бид андахгүй. Эхнэрээ эмчлүүлэх гэж сийлбэр хийн олон жил уйгагүй халамжилсан ч цар тахлын сүүдэр энэ айлыг дайрсан юм. Б.Батзориг маань саяхан хэдэн сарын өмнө хэлж байхдаа: “Боломжиндоо тааруулаад ханийнхаа ярьж байсан нэг хүслийг нь биелүүлж, эмээдээ машин бэлэглэлээ бид дөрөв нь. Эмээ нь одоо хүссэн үедээ хүүхдүүд дээрээ ирж байх боломжтой боллоо. Сайхан байнаа… ” хэмээн сошиал хуудсандаа нийтэлж байсан билээ. Тэгвэл тэр өнөөдөр “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнууллаа.

Тэрээр 2008 оноос ажлын гараагаа эхэлж 2010 он хүртэл “Цагаан шонхор холдинг -д мужаан, 2010-2015 он хүртэл “Залуу хас” ХХК-д Туслах мужаанаас Мастер мужаан болтолоо дэвшин ажилласан байна. 2015 оноос хувиараа цех ажиллуулж 2017 оноос модон шат, саун гэх мэт бүх төрлийн тавилгуудыг хэрэглэгчдийн хүссэн загвар хийцээр үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэн түрээсийн байранд цех хэлбэрээр 5-7 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байв.

2019 оноос тавилгын үлдэгдэл болон хаягдал материалыг ашиглан “Эко гар утасны тавиур” үйлдвэрлэх төслийг санаачлан Германы олон улсын хамтын нийгэмлэгийн инновацийн төсөлд 200 гаруй төслөөс шалгарч 19 сая төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалт хийгдэж СНС машин, офиссын тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

Уг төслөө амжилттай хэрэгжүүлснээр санхүүжилт нь буцалтгүй тусламж болж олон залуучуудыг ажлын байртай болгожээ. “Эко гар утасны тавиур” төсөл нь “Эко таваг” шинэ бүтээгдэхүүнээр төрлөө нэмж хүний хэрэгцээг нэг дор хангасан эко бүтээгдэхүүн гэдгээрээ “2021 оны Шилдэг гарын бэлэг-Шилдэг Эко бүтээгдэхүүн “-ээр шалгарсан билээ. 2021 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Ажлын байр дэмжих” эргэлтийн зээлд хамрагдаж, 15 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна.

Тус компанийн эко модон бүтээгдэхүүнүүд нь импортоор орж ирдэг хуванцар бүтээгдэхүүнийг орлож, нийт хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ. Иймд Б.Батзоригийн энэ бүх хийсэн ажлыг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасан байна.


Эх сурвалж: mass.mn , eguur.mn