
Цэцээ гүн рүү алхаад буухдаа төөрсөн хоёр иргэний нэг нь амиа алджээ
Төв аймгийн Манзуширын хийд гэдэг газар нэгдүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрчээ. Улмаар замдаа иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 18:50 цагт өгсөн байна.

Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчдыг очиход тухайн иргэд байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ажээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Г (37 настай, эрэгтэй) өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай нэгдүгээр сарын 02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгсэн бөгөөд иргэн О (37 настай, эрэгтэй)-ын цогцсыг 00:44 цагт Өгөөмөрийн-Ам гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллэв.
Эх сурвалж: gogo.mn