ЭЕРЭГ

1999 онд байгуулагдаж байсан “Уруулын будаг” хамтлаг

“Хонгор намрын салхин дор”, “Зуны дурлал”, “Хүрээ хүүхнүүд” зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан охидын хамтлаг бол “Уруулын будаг” хамтлаг билээ. 1999 онд Монголын рок, поп амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ цахиур хагалан гарч ирсэн түүхтэй.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Б.Долгион 2019 онд өөрийн фэйсбүүк хуудсанаа “Одоогоос 20 жилийн өмнө Ш.Гүрбазар охидоо дагуулаад ороод ирж билээ. “Lipstick” гээд л охид цоглог дуугарч байна. Би тэгэхээр нь англиар хэрэггүй дээ. Эмэгтэй хүний жирийн нэг хэрэглээний зүйл мэт тусгагдана. Харин монголоор “Уруулын будаг” гэвэл манайханд хамтлагийн нэрний хувьд хачин содон сонсогдож, анхаарлыг нь татна гэж тэр хамтлаг маань бий болсон түүхтэй” хэмээн бичиж түүх хуваалцаж байсан удаатай.

Ахлагч нь Ц.Дэлгэрмаа (Дээгий), гишүүд нь Г.Ичинхорлоо (Ичко), М.Гэрэлтуяа (Гэгээнээ), С.Ганчимэг (Ганаа), хожим н.Энхжаргал (Энжи) нар байв. “Уруулын будаг”-ийнхан өөрсдөө гитар, бөмбөр, даралтат хөгжим дарж, бүгд хоолой сэлгээд ээлжлэн дуулдаг байлаа.

Охид нэг жилд “Хүрээ хүүхнүүд”, “Уруулын будагтай хацар” хэмээх бие даасан хоёр тоглолт хийсэн байдаг. Энэ хоёр тоглолтоо амьд хөгжимтэй тоглосон юм. Дараагийн “Бидний нэг өдөр тоглолт”-доо тухайн үеийн Солонгосын алдарт бүжгийн “Hips boys” хамтлагийг урьж хамтран тоглосон байдаг.

Хамтлаг таван жил уран бүтээл туурвихдаа гурван бие даасан тайлан тоглолт хийж , тэгээд хоёр удаа “UBS” болон МҮОНРТ-ийн хөгжмийн нэвтрүүлгээр амьд хөгжимтэй 40 минутын концерт хийж байжээ. “Хүрээ хүүхнүүд”, “Lipstick”, “Хэлж амжаагүй хайр” гээд гурван цомог гаргажээ. “Хүрээ хүүхнүүд” , “Зуны дурлал”, “Чамгүйгээр” зэрэг уран бүтээлээрээ нэрийн хуудас хийж, 1970,1980-аад оны дуунууд болох “Сарнай цэцэг”, “Дуунд дуртай болов оо” зэрэг сайхан дууг өөрсдийн стильд оруулан үзэгчдэд хүргэсэн. Мөн тэд “Цэнхэр дэлгэц” телевизийн хөгжмийн цуврал нэвтрүүлэгт нэрээ мөнхөлсөн хамтлаг билээ.

Ингээд тэдний 2019 онд news.mn сайтад өгч байсан ярилцлаганаас хуваалцая.

Анх хамтлагаа “Уруулын будаг” гэж нэрлэсэн түүхээ дахин дурсан яриач?

М.Гэрэлтуяа: Манай хамтлагийн ахлагч болох Ц.Дэлгэрмаа бид хоёр хамтлагийнхаа нэрийг бодож байгаад өгсөн. Эмэгтэй хүний хамгийн гоё гоо сайхны хэрэглэл бол уруулын будаг. Тэр ч утгаараа уруулаа будсан эмэгтэй хүн маш үзэсгэлэнтэй харагддаг. Үзэсгэлэнтэй, гоёмсог охидын хамтлаг гэдэг утгаараа “Уруулын будаг” гэж нэр өгсөн түүхтэй.Продюсер Б.Долгион ах бас ярьдаг шүү дээ. Анх бид “Уруулын будаг” нэрээрээ бус “Lipstick” гэж нэрлэсэн чинь “Уруулын будаг” гэдэг нэр нь илүү гоё юм биш үү гээд “Уруулын будаг” нэрлэсэн. Хамтлагийнхаа нэрэндээ маш их хайртай.

Г.Ичинхорлоо: “Уруулын будаг” бидний хоёр дахь овог минь болсон. Одоо ч гэсэн уран бүтээлээ хийхгүй байгаа ч гэсэн “Уруулын будаг”-ын Ичко, Ганаа, Энжи, Гэгээнээ , Дээгий гэж дууддаг. Хамтлагийн маань нэр бидний хамгийн үнэ цэнэтэй зүйлийн эхэнд бичигдэх юм.

Хамтлаг таван жил уран бүтээл туурвихдаа таван бие даасан тоглолтоо хийсэн бил үү?

Г.Ичинхорлоо: “Уруулын будаг” хамтлаг таван жилийн хугацаанд “Бөхийн өргөө”, “Цирк”, “UB place”-ын концертын танхимд гурван бие даасан тайлан тоглолт хийсэн. Тэгээд хоёр удаа “UBS” болон МҮОНРТ-ийн хөгжмийн нэвтрүүлгээр амьд хөгжимтэй 40 минутын концертыг шууд хүргэж байсан.

Тухайн үед “Уруулын будаг” хамтлагийн охидын стиль имиж тун өвөрмөц байсан шүү дээ?

С.Ганчимэг: Бид стиль имижийн хувьд анхны “Хүрээ хүүхэн“ дууны клипээрээ монгол дээлний загварыг хадгалаад доошоо чөлөөтэй хөл гараа гаргасан имижийг өөрсдөө сэтгэж, хийлгүүлж байсан. Тухайн үед “Spice girls” хамтлаг дэлхийд алдартай байлаа. Бид ч тэр хамтлагийг шимтэн үзэж, өнгөлөг хувцаслаж, зузаан ултай гутал өмсдөг байсан. Сүүлд эмэгтэйлэг стиль имижийг бүрдүүлж, нарийхан өсгийтэй гутал өмсдөг болсон. Тэр үедээ л аль болох содон имиж бүрдүүлж, этгээд байж болох вэ гэдгийг эрэлхийлдэг их л зоригтой байсан юм билээ.

“Уруулын будаг” хамтлагийнхан эргэн нэгдэж уран бүтээл хийх үү?

Г.Ичинхорлоо: Мэдээж бид энэ талаар яриагүй биш ярилгүй л яахав. Гэхдээ гишүүн болгоны маань ажил, амьдралын хэмнэл өөр өөр болсон учраас тэр тохироог бүрдүүлэхийн тулд цаг хугацаа шаардах байх. Бидний гол имиж бол амьд хөгжим тоглодог гэдгээрээ ялгардаг байсан. Хэрвээ бид тоглолтоо хийх бол амьд хөгжимтэй тоглолтоо хийх болно. Тэгэхийн тулд асар их бэлтгэл сургууль шаардлагатай. Тэр бол их л цаг хугацаа орох байх даа.

Хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаа эгч БНСУ-д суралцахаар явсантай холбон “Уруулын будаг” тарсан гэх яриа ч байдаг. Тэгвэл хамтлаг нь яагаад тарах болсон тухай ярихгүй юу?

Г.Ичинхорлоо: Манай хамтлаг 1999 онд байгуулагдсан. Тэгээд 2000 онд “Пентатоник” наадмын дараа Гэгээнээ АНУ-руу суралцахаар яваад Энжи маань орж байсан. Тэгээд Дээгий, Энжи, Ганаа бид гурав байж байгаад 2002 онд Дээгий БНСУ-руу суралцахаар явсан. Тэр цагаас хойш бид хоёр жил уран бүтээлээ хийсэн. Сүүлд 2004 онд Ганаа, Энжи, бид гурав хамтлагийнхаа таван жилийн ойг тэмдэглэж, өөрсдийн амьд хөгжмийн тоглолтоо хийж байсан юм. Тэгэхээр бид Дээгийг суралцахаар явсны дараа хоёр жил уран бүтээлээ хийгээд, Хөх хотод “Одон” телевизийн урилгаар цагаан сарын баярын нэвтрүүлэгт оролцож байсан. Тэгээд ойн тоглолтоороо “Хамтлаг маань албан ёсоор тарлаа” гээд тарсан байгаа.

Одоо “Уруулын будаг” хамтлагийнхан хаана юу хийж байгаа талаараа товчхон танилцуулахгүй юу?

С.Ганчимэг: Би Франц улсын Парис хотод амьдардаг. Тэнд өөрийн уран бүтээлээ хийж, “есөн” хэмээх хамтлагтай. Гэр бүлтэй. Нэг хүүхэдтэй. Энэ жил хамтлагийнхаа цомгийг гаргасан.

М.Гэрэлтуяа: Миний хувьд олон жил гадаадад сурч, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Хамгийн сүүлд АНУ-д магистр хамгаалж ирээд хувийн бизнесийг эхлүүлсэн. Одоо гурван хүүхдийн ээж болоод сайхан амьдарч байна.

Г.Ичинхорлоо: Хамтлаг тарсны дараагаар Санхүү эдийн засгийн сургуульд магистр хамгаалж, 2007 оноос хойш Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёлын газарт мэргэжилтнээр ажиллаж байна. Нөхөр, хоёр охины хамт амьдардаг.

Ш.Энхжаргал: Би “Шинэ монгол” сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Ичко, Ганаа бид гурав Соёл урлагийн их сургуулийг удирдаачийн мэргэжлээр төгссөн. Япон улсад мэргэжил дээшлүүлж, Японы ерөнхий боловсролын сургуульд олгодог хөгжмийн боловсролын хөтөлбөр стандартыг монголынхтойгоо харьцуулан эрдэм шинжилгээний судалгааг хийсэн. Үүний үр дүнд нэгээс тавдугаар ангийн сурагчдын сурах бичгийг хийсэн.

Тус хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаа нь өдгөө хөгжим судлаач, докторын зэрэгтэй “Хөгжмийн гоц авьяастан”-ы багш мэргэжлээр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа. Тэрбээр Ионсей их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа “Гоц авьяастай хүүхдүүдийг хэрхэн, яаж зөв сонгож авах вэ? гэх сэдвийг сонгон хамгаалсан нь түүний ажлын гараа болжээ.

Эх сурвалж: news.mn ,eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ч.Уранхолбоо: “Зүрх сэтгэл нь бусдын төлөө цохилсон дэндүү хайрламаар энхрий охин үр минь”

Дуучин Ану гэх нэрээр бидний илүүтэй мэдэх Ч.Уранхолбоо маань хэдийнээ […]

Ж.Энхцэцэг: “Би чинь өөрөө их хүнд төрдөг хүн. 6 төрөөд 3 хүүхэдтэй хүншүүдээ. Төрөхийн хүндрэлийн зовлонг өөрөө мэдэрч явсан хүний хувьд хүний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсан.

Анагаах ухааны доктор , профессор , Эх барих , эмэгтэйчүүдийн […]

Өнөөдөр Анугийн нөхөр төрсөн өдрийн баярт нь зориулж далайн эрэг дээр оройн зоог бэлдүүлжээ

Өнөөдөр бол Ану буюу Ч.Уранхолбоогийн маань төрсөн өдөр билээ. Тэрээр […]

error: Content is protected !!