ГОО БҮСГҮЙЧҮҮД

Хогийн цэг дээр өссөн хүүхэд насаа дурсан тэмцээн дээрээ лаазны тагаар хийсэн даашинз өмсжээ

Өмнөх долоо хоногт АНУ-ын Нью-Орлеанз хотод зохион байгуулагдаж буй “Орчлонгийн Мисс (Miss Universe)” тэмцээний нэг оролцогч өмссөн даашинзаараа олны анхаарлын төвд ороод байна. Тэр бол Тайландын мисс “Анна Суеангам-Ям” юм. Анна уг тэмцээний үдшийн даашинзны үзүүлбэрт оролцохдоо ундааны лаазны гогцоотой тагнуудыг хэлхэж хийсэн өвөрмөц даашинзтай оролцжээ. “Нууцлаг Эрдэнийн Даашинз” нэртэй энэ хувцасыг бүтээхдээ лаазны хөнгөн цагаан тагийг Сваровскийн талстуудтай хослуулж урласан байна.

Энэ талаараа өөрөө хэлэхдээ: “Миний өсөж торнисон орчин, хүүхэд насны амьдралд хамгийн ойр байсан зүйлээр энэхүү даашинзыг бүтээсэн юм. Хог түүдэг эцэг эхтэй миний хүүхэд нас хогийн овоон дунд өнгөрч байв. Энэхүү өвөрмөц даашинзыг хаягдал болон дахин боловсруулагддаг материалаар, тухайлбал лаазны тагаар урласан нь олон хүмүүсийн үнэ цэнгүй гэж үздэг зүйл ч гэсэн өөрийн гэсэн үнэ цэн, гоо үзэсгэлэнг агуулдгийг Орчлон ертөнцөд таниулах зорилготой юм.” хэмээн сошиал хуудсандаа бичжээ.

Miss Thailand албан ёсны сошиал хуудсанд энэ талаар бичихдээ: “Хэдийгээр түүнийг зарим хүмүүс хогийн цэгийн хатан хаан гэж хочилдог ч энэ нь түүнийг үнэт эрдэнэ мэт гялалзахад саад болоогүй юм” гэж бичсэн байна.

Аннагийн танилцуулгад өгүүлснээр бол: Одоо 24 настай Тайландын мисс нь Бангкок хотын хогийн цэг дээр төрж, өссөн хүн ажээ. Охиныхоо ирээдүйг бодсон эцэг эх хоёр нь түүнийг хогоос холдуулж, сүмд ажиллуулж, амьдруулахаар илгээж байсан гэнэ. Тэрбээр Буддын шашны гэлэнмаа нарын дунд амьдарч, тэдний хоолны үлдэгдлээр гэдсээ цатгадаг байжээ. Сүүлд Анна сургуульд сурч, төлбөрийг нь төлөхийн тулд цусны донор болж, хуванцар сав лонх цуглуулж, нийтийн ариун цэврийн өрөө цэвэрлэдэг байсан гэнэ.

Тэрбээр Анна амьдралын энэхүү туршлага дээрээ үндэслэн одоо ядуу айл өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр төрийн бус байгууллагуудад ажилладаг юм байна.

Эх сурвалж: ikon.mn , Business Insider

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нара: “Хэзээ ч ийм хөөрхөн , уяхан , энхрийхэн байгаагүй мэт л зүтгүүрийн том машин шиг эмэгтэй болтлоо мачийхиймаа бид”

Нара: “Сүүлийн хэд хоногийн постны бүсгүйчүүдийнхээ комментуудаас нэг л зүйлийг […]

error: Content is protected !!