А.Цэгмэд: Хань маань бурхан болоход миний нэг хэсгээс суга татаад аваад явчих шиг л болсон

Монгол Улсын Гавъяат Жүжигчин А.Цэгмэд zogii.mn сайтад дараах ярилцлагыг өгчээ.

А.Цэгмэд: “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг заавал төгс байлгах гэж хичээдэг. 10 хуруу тэгш байлгах гэж шаарддаг. Өөрийнхөөрөө байлгах гэдэг. Үгүй шүү дээ, тэр 10 хурууны чинь 3-5 хуруу нь л тэгш байхад болно шүү дээ. Үлдсэн нөгөө 5 хурууг чинь эмэгтэй нь засна шүү дээ. Эмэгтэй нь ч өөрөө 10 хуруу тэгш байхгүй ч байж болно шүү дээ.”

А.Цэгмэд: “Би бэрүүддээ охин шигээ ханддаг. Би чинь хоёр хүүтэй. Би бэрүүддээ охин хүүхэд минь шүү гэж хандвал тэр айл гэр амгалан тайван сайхан байх юмшиг санагддаг. Дундаасаа хэд хэдэн хүүхэд төрүүлээд нэг гэрийн эр эм хоёр гэдэг чинь нэг цул хүн шүү дээ. Нэг цул хүнийг хоёр хүн болгож салгаж харьцана гэдэг бол онцгүй санагддаг. “

А.Цэгмэд: “Хүүхэд байхдаа би их радио сонсдог хүүхэд байсан. Одоо ч гэсэн миний нэг хүү радио нэвтрүүлэгч. Миний хань , миний хоёр хүүхдийн аав хүн бол Монголын гайхалтай дуу хоолой болсон хүн байсан.  Монголын ард түмэн маань мартаж чадахааргүй гайхалтай төрийн дуу хоолой хүн шүү дээ. Нөхрийнхөө хоолойг анх радиогоор сонсоод биширдэг байлаа тэгээд энэ лавтай их олон хүүхдийн аав , их ханагар сайхан хүн байхдаа гэж боддог байлаа. Тэгсэн сүүлдээ өөрөө эхнэр нь , хоёр хүүхдийнх нь ээж болсондоо. Би 18-тай , хань маань 25-тай байхдаа учирч байсандаа. “

А.Цэгмэд: “Хичнээн ертөнцийн хаа нэгэн өнцөгт , хичнээн хол байсан ч хань минь сэтгэлд минь их ойрхон. Санагалзахын сайхан гэдэг тийм сайхандаа.

Хүүхдүүдийн маань аав бурхан болоод явчихлаа гэхэд их хэцүү байлаа. Яг миний дэргэдээс 30, 40 жилийн дараа миний энд байгаа орон зайг суга татаад аваад явчихаж байгаа юмшиг болсон. “

А.Цэгмэд: “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол Уучлал. “Уучлахгүй бол энэ уужим дэлхий чинь давчдаад , уушиг зүрх дарагдаад байхаар нь би цөмийг нь уучилсан. Цаанаас минь байнга хайр ундардаг” гэдэг шүлгэнд би их дуртай. Тиймээс энэ богинохон амьдралд нэгнийгээ уучилж амьдраарай гэж хэлмээр байна”

А.Цэгмэд: “Би ард түмэндээ их баярлалаа гэж хэлье. Намайг Цэгмэд гэдэг нэрийг минь марттал “Ажаа , ажаа” гэдэг. Энэ бол ард түмний минь хайр. “

А.Цэгмэд: “Би “Ээжийнхээ ачийг яаалаа даа” хэмээх дууг дуулсан гэвэл алдас болно. Аяламшаа болсон гэх юмуу. Тэр дуугаа клипжүүлээд ээжийгээ тоглуулж дүрсжүүлсэн юм. Одоо хааяа би тэр клипээ үзэхээр ээжтэйгээ уулзсан юмшиг болдог. Тэгэхээр залуучууд минь ээж, аав , эмээ , өвөөгөө амьд байхад нь дүрс , дууг нь авч үлдэж байгаарай гэж захиж хэлмээр байна. ” гэлээ

Эх сурвалж: zogii.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.