Нарагийн ховор зургуудаас

Мөнхтөрийн Нарантуяа буюу бидний сайн мэдэхээр Нара бол арлын Япон оронд урлагийн чиглэлээр сургууль дүүргэсэн. Тэрбээр 1983 онд төрсөн. Эцэг эхээс тавуулаа ба айлын 2 дахь хүүхэд юм. Японд нийт 6 жил амьдрахын сацуу суралцсан. Мисс-Сакура олон улсын тэмцээнд оролцож өргөмжлөлийн эзэн болж байсан удаатай.

Анх 2006 онд “Өөрийгөө хайж явна” хэмээх уран бүтээлийг гаргаж байжээ. Тэрээр 2007 онд “The Start Nara” хэмээх анхны цомгоо гаргасан ба тус цомогт “Өөрийгөө хайж явна”, “Гэгээн хайр”, “Хүлээсэн хайр”, “Хатан эрчүүд” тэргүүтэй 11 дуунаас бүрдэж байжээ. Нара дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм. Тухайлбал “Хувилгааны эрэлд” , “Зөрлөг” , “Би ээж болмоор байна” зэрэг кинонуудыг дурьдаж болно.

Дуулах, жүжиглэхээс гадна улс төрийн сонгуульд ч нэр дэвшиж байсан удаатай. Ерөнхийдөө түүний нийгэмдээ уриалах зорилтот ажил нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө байдаг.

2014 онд анхны хүүхэд болох Бунжаа гэх хүүгээ төрүүлж байсан билээ. Ганц бие ээж Нара “Учиртай урилга” нэвтрүүлэгт орох үеэрээ анх удаа хүүгийнхээ аавын тухай ам нээж байсан юм . Тэр энэ тухайгаа ярихдаа “Эмэгтэй хүн чинь ер нь их өрөвдөлтэй амьтан юм билээ. Төрчихлөө гэж хэлбэл буцаад хүрээд ирэх болов уу гэж хардаг юм билээ. Төрөөд 30 минут болоод, ээждээ ч хэлээгүй байхдаа “3.4 кг, 50 см хүүтэй боллоо” гэж мессеж бичсэнч түүнээс хариу ирээгүй. Тэгэхдээ бид ганцхан асуудлаас болоод салаагүй. Олон талын л хүчин зүйл нөлөөлсөн. Би тэр хүнийг хэзээ ч буруутгадаггүй. Харин ч хүүгээ харах бүртээ түүнд баярладаг” хэмээн ярилцлага өгч байжээ.

Дуучин бүсгүй маань цөөнгүй сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимж , өөрийн үзэл бодлоо нуулгүй илэрхийлдэг нэгэн байв. Одоо ч өөрийн цахим хуудсуудаараа дамжуулан өөрийн болон нийгмийн аливаа асуудлын талаар ний нуугүй, зоригтой үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн.

Нара хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон асуудлаар байр сууриа илэрхийлж, идэвхтэй оролцсон нэгэн. Дуучин бүсгүй маань сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.

Тэрээр хүүхэд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ гэх сэтгүүлчийн асуултад: “Хүүхэд байхдаа би аливаа дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөггүй хүүхэд байсан. Бас хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг охин байлаа. Жишээ нь , Манай сургуулийн үйлчлэгч эгч Манай энэ ёстой хөөрхөн охин. Хүний цэвэрлэсэн газраар ерөөсөө алхдаггүй гэдэг байсан юм. Мэдээж тэнд хүний хөдөлмөр явж байгаа учир хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй шүү дээ. Одоо ч энэ зан чанар маань хэвээр байсаар л байгаа. Үүнээс гадна аливаа зүйлийг өөрөө туршиж, хийж үзэх сонирхолтой, түүнээсээ сэтгэл ханамж авдаг, энийг хийвэл ямар байдаг бол гэж бодохоор л тэр зүйлээ туршиж үзмээр санагддаг байсан. Үүнээсээ болоод заримдаа аавдаа ч загнуулдаг байлаа. Нэг мэдэхэд л хятад дуу, нэг мэдэхэд л итали дуу, бүжиг, таеквондо гээд ямар олон юманд явдаг юм бэ гээд л аав маань хэлдэг байсан. Цаанаасаа л өөрийгөө шинэ зүйлд сорьж, туршиж үзэх ёстой юм шиг санагддаг байсан юм. Тэгэхдээ энэ нь одоо арай хэтрээд байгаа юм болов уу. Хүүхэд бүр л багадаа урлагийн хүн болох мөрөөдөлтэй байдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Би ч бас яг л тийм мөрөөдөлтэй байлаа. Тийм ч учраас урлагийн мөрөөдөлдөө өөрийгөө хүрсэн гэж боддог. Тэгэхдээ Монголд ирээд урлагийн замаар явахад маш их саад бэрхшээлтэй байдагийг өөрийн биеэр туулж байхдаа мэдэрч , ойлгосон” хэмээн хариулжээ

Тэрээр түүний нийгэмдээ хийсэн сайн үйлсийн талаар тодруулахад: “Би анх 2006 онд оюутан байхдаа Японоос Монголд зуны амралтаараа ирэхэд маш олон гудамжны хүүхэд байдаг байсан. Зарим нь машин харна, зарим нь машин угаана гээд л төрөл бүрийн зүйлс хийдэг хүүхдүүд байсан. Тэгээд би 13 хүүхэдтэй танилцаад тэд нарыгаа хооллож ундалдаг байсан юм. Тэгэхдээ зүв зүгээр хооллохгүй, байнга ярилцдаг байсан. Заримдаа тэр хүүхдүүдийн хувцсыг цуглуулж байгаад их дэлгүүрийн ойролцоо байдаг угаалгын газар хувцсыг нь угаадаг байлаа. Хүүхдүүдтэй уулзах бүртээ ярилцаж, яагаад гэрээсээ зугтаж, дайжсаныг нь асуухад гэр бүлийнхээ бүхий л асуудлуудыг ярьдаг байсан юм. Тэгтэл саяхан тэдгээр хүүхдүүдийн нэг болох одоо бүр 20 гарчихсан том залуу надтай утсаар холбогдоод, “Нара эгч ээ та шаардлагатай бол намайг дуудаарай. Дүү нь таныг бидэнд яаж тусалж, зөвлөж, ярилцаж, хүмүүжүүлж байсныг хэнээс ч айж ичихгүй хэлж өгнө шүү. Та бидэнтэй ярилцаж, ойлголцож, зааж зөвлөж , урам өгч байсны хүчинд би цэрэгт яваад одоо маш сайхан ажил хөдөлмөр эрхлээд явж байна” гэсэн. Ер нь тэрхүү хүүхдүүдтэйгээ 2008 он хүртэл харилцаатай байсан. Эхнээсээ гэртээ харих нь хариад, цэрэгт явах нь явцгаасан байсан.

Одоо бодохоор яг тэр үеэс л эхлээд миний сайн үйлсийн аян эхэлж байсан юм байна гэж боддог юм. Хүн болгоны дотор нинжин сэтгэл байдаг гэдгийг энэ үеэс олж харсан, түүнээс хойш тоочоод барахгүй олон сайн үйлсийн аян хийж байсан. Сүүлдээ ингэж хүн бүрийг соён гэгээрүүлэх боломжгүй юм байна, энэ нь өөрөө Монгол Улсын төрийн тогтолцоонд алдаа байгаа юм байна гэж бодоод 2016 онд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байлаа. Тухайн үедээ маш их сенсаци болж байлаа. Энэ улсад сайн сайхан зүйл хийснийхээ төлөө, шударга үнэний араас явсны төлөө маш их доромжлол, эсэргүүцэлтэй нүүр тулдаг юм байна лээ дээ” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Нара саяхан хоёр дахь үрээ өлгийдөн авсан билээ. Сүүлийн жилүүдэд маш их хөдөлмөрлөн тун завгүй яваа бүсгүйнхээ хуучны ховор зургуудыг энэхүү нийтлэлээрээ хуваалцлаа. Нийтлэлээ түүний хэлсэн дараах үгээр өндөрлөе.

Нара: “Надад нэгэнт л ийм адал явдалтай амьдрал туулах өгөгдөл байгаа юм бол туулсаар байгаад ард нь заавал гарна . Хүний амьдралд ер нь юу ч тохиолдож болдог юм байна. Миний хувьд эрэгтэй ч бай , эмэгтэй ч бай аль нь ч ийм, тийм байх ёстой гэж боддогүй. Хүн өөрийнхөө хүссэнийг хийгээд хүссэнээрээ амьдрах эрхтэй шүү дээ. Юу хийвэл жаргалтай байна, хэнтэй байвал тайван байна, хэнийг хайрлавал сайхан байна, хаана байвал эрх чөлөөтэй байна гэх мэт хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй”

Эх сурвалж: yourhandbeauty.com

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.