ЭЕРЭГ МЭДЭЭ

МУГЖ , Уртын дуучин Г.Хонгорзул: “Эхнэр нөхөр хоёр салсанаар төрүүлсэн үрдээ сэтгэлийн эмгэг үлдээж байгаагаа ойлгоосой. Энэ бол нүгэл”

TV6 Mongolia телевизийн “Хөндлөн утга” нэвтрүүлэгт МУГЖ , Уртын дуучин Г.Хонгорзул оролцжээ. Түүний ярилцлаганаас дараах хэсгийг онцолъё

Сэтгүүлч: Орчин цагийн Монголын гэр бүлийн харилцааг харахаар ямар асуудал түгээмэл байна вэ гэхээр , эхнэр нөхөр хоёр маань хоорондоо ингээд зөрчилдөөд байна л даа. Үл ойлголцол маш их байна , салалт их байна. Тэр нь нөхөр нь эхнэрээ ойлгодоггүй , эхнэр нь нөхрөө хүндэлдэггүй , дээрээс нь хардалт , сэрдэлт , архидалт гээд яваад байна. Тэгээд би сайн жишээ олон байгаасай гэж хүсдэг юм. Ялангуяа энэ олны танил хүмүүс маань энэ сайхан жишээгээ ярьдаг байгаасай. Одоо ингээд таны өгүүлж байгааг харсан чиг , логикоор нь бодсон чиг тэр сайхан хүмүүсийн үр удам болоод ингээд сайхан явж байгааг бодсон чинь та бол гэр бүлийнхээ дотоод уур амьсгалыг бүгдийг нандигнадаг , хир халдаахгүйг хичээдэг хүн байх тийм ээ?

МУГЖ Г.Хонгорзул: “Мэдээж. Нандигналгүй яахав. Ер нь бол овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав дээ гэж сайхан үг байдаг шүү дээ. Мэдээж амьдралд алдаа оноо, саад тотгор зөндөө гарч ирдэг. Тэгэхдээ хүн хамгийн гол нь эр нь ч тэр эм нь ч тэр ханилсан ханиа алдаатай нь хамт хайрлаад , уучилж чаддаг сэтгэлтэй л байх ёстой гэж би боддог юм.

Ер нь энэ гэр бүлийн амьдралаас нийгмийн амьдрал шалтгаалж байгаа гэж би бас хардаг. Энэ гэр бүлийн үнэ цэнэ таны хэлдэгээр үнэхээр үнэ цэнэгүй болчихсон , салалт маш их байгаад байна. Яахав ээ эр эм хоёр салж болно л доо. Дунд нь тэр үр хүүхэд гээд нэг хөөрхөн амьтад төрчихөөд байж байдаг. Тэд нарыг одоо тийм сэтгэлийн эмгэгтэй өсгөнө гэдэг чинь нүгэл байхгүйюу. Эхнэр нөхөр хоёр салсанаар төрүүлсэн үрдээ сэтгэлийн эмгэг үлдээж байгаагаа ойлгоосой. Энэ бол нүгэл. Өрөөсөн хөлгүйтэй адил , өрөөсөн гаргүйтэй адил , өрөөсөн нүд чихгүйтэй адилхан өсгөж байгаа. Тэгэхээр алдаатай ч оноотой ч аав ижий хоёр цуг байж үр хүүхдээ өсгөх нь бол энэ амьдралын жам юм.

Залуу хүмүүс сэтгэлийн хөөрлөөр бие биенээ ч сайн танихгүй , удам судраа ч сайн судлаагүй байж байж сэтгэлийн хөөрлөөр суучихдаг. Өнөөдөр дурлалцаад , инээлдээд , хөтлөлцөөд , үнсэлцээд гүйж яваатайгаа амьдралыг тэгж ойлгоод явдаг л даа. Амьдрал дээр гараад шал өөр юм шүү дээ. Амьдрал дээр гараад тэр хайр гэдэг зүйл чинь бол бөхөж болно , унтарч болно. Хариуцлага гэдэг зүйлийг нэг номерт тавих ёстой.

Хайртай дуртай болоод сууж болно. Тэгэхдээ амьдрал нэгэнт эхэлчихсэн байхад бол хайраас илүү хариуцлага , итгэл , зүтгэл , тэвчээр энэ амьдралыг мөнхөлж үлддэг юм шүү л гэж хэлмээр байна.” хэмээн хэллээ.

Эх сурвалж: TV6 Mongolia телевизийн “Хөндлөн утга” нэвтрүүлэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

“Дуучин Сараа эгч маань намайг 5 жил ажиллахад 2 өрөө байр авах хэмжээний цалин өгч , 6 дахь жилдээ нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд явуулсан юм даа”

МУГЖ , Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяаг Монголчууд бид бүгд […]

error: Content is protected !!