Uncategorized

Б.Минжүүр: Таван хүүгээ нэг нэгээр нь баярлуулж байна…УНШААРАЙ!!!

Энэ удаа бид та бүхэндээ нэгэн Эерэг мэдээг хүргэж байна.

Нэгэн ээжийн хүүдээ утас бэлэглэж, хүүхэд баярлан уйлж буй бичлэг олны анхаарлыг татсан. Бид хүүгээ гэнэт баярлуулсан Б.Минжүүртэй ярилцлаа. Эднийх Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг.

-Хүүгээ баярлуулахаар төлөвлөсөн байсан уу, эсвэл?

Өнөөдөр их сайн өдөр байсан. Өглөө хүүгээ хүргэж өгчхөөд, гэртээ ирээд гэнэт баярлуулья гэж бодсон. Тэгээд утас аваад, сургуулийнх нь гадаа 40 минут хүлээж байгаад өгсөн нь тэр.

Маш их баярлаад шууд л уйлчихсан…?

Миний хүү самсунгийн утастай. Гэхдээ, нэг удаа аав, ээж би iphone-той болмоор байна гэж байсан. Тэгэхэд нь, одоо боломжгүй ээ, аавынх нь цалинг буухаар авч өгье гэж байсан. Тэгээд өнөөдөр хүүгээ баярлуулья гээд ханиасаа асуухад зөвшөөрсөн. Манайх таван хүүтэй. Миний хүү чинь дундах нь. Том хүү цэрэгт, дараагийнх нь оюутан, аав нь уурхайд ажилладаг. Тэгээд миний хүү чинь дүү нараа харах, хоол ундаа хийх гээд хамаг ачаа үүрч яваа. Би аймаг руу хүн зөөнө. Миний хүү ирэхэд бүх юмаа жин тан болгосон сууж байдаг. Замд явахад залгаад “Ээж ямар хоол хийх үү” гэдэг.

Ямар хоол сайн хийх вэ?

Бичлэг үзэж байгаад хүссэн хоолоо хийчихдэг. Надад тийм, ийм хоолны материал аваад ир гэдэг. Өчигдөр пицца, урьд өдөр бургер, өнөөдөр мах чанаж өглөө. Ер нь манай хүүхдүүд бүгдээрээ гэрийн ажилд сайн. Хараал хэлэхгүй, аав ээжийн үг хууль. Утсаа хэсэг бариад сууна, “Одоо болсон хураа” гэхэд хэн нь ч нэг л удаа хэлүүлнэ. Бид хоёр чинь архи тамхи хэрэглэдэггүй. Эко айл даа./инээв/

-Хөвгүүд нь нас ойролцоо юу. Та хоёр сайн хүмүүжүүлжээ?

Бид хоёр ханилаад 20 жил болж байна. Анхны хүүгээ 25 насандаа төрүүлсэн. Том хүү 19, оюутан 17, утас авдаг 13 настай. Хоёр бага нь 11, 5 настай. Миний хүүхдүүд ажилсаг, томоотой. Ерөөгийн ард түмэн мэднэ дээ. Би хүүхдүүдээ “ах нар чинь, аав ээж нь ийм байхад та нар ч адилхан байх ёстой” гэр мэтээр жишиж сургадаг. Бид архи тамхи хэрэглэдэггүй, олон хүүтэй хүмүүс өөрсдөө хэрэглээд байвал үр хүүхдэдээ хэлэх үг байхгүй шүү дээ. Үг хэлэх эрхтэй, үлгэж жишээ байя гэж боддог. Манайхан ер нь бүгд хүн баярлуулах дуртай.

Та өөр хэнийг баярлуулж байв?

Манай нөхрийг Х.Батхишиг гэдэг, уурхайд ажилладаг. Тэгээд төрсөн өдрөөр нь хэлэхгүй, найзтай нь хуйвалдаж уурхай дээр нь бүгдээрээ очиж уйлуулж байлаа. Том хүүгээ зургадугаар ангид байхад анги руу нь орж, утас бэлэглэж гэнэт баярлуулсан. Дунд хүүгээ оюутан болоход нь хүссэн утсыг нь өөрт нь мэдэгдэлгүй авч гэнэтийн бэлэг барьсан. Сая дунд хүү Б.Даваанямыгаа баярлууллаа. Ер нь одоо ингээд дарааллаараа л явж байгаа. Том хүү минь Говь-Алтай аймагт цэргийн алба хааж байгаа. Сая төрсөн өдрөөр нь очьё гэхээр холдоод, цэцэгт мэндчилгээ явуулах гээд хайгаад аймгаас тийм үйлчилгээ олоогүй. Манай хүүхдүүд бас намайг баярлуулах дуртай. Миний төрсөн өдөр гуравдугаар сарын 9. Ноднин мартаар бичлэг үзэж байгаад “хүмүүс цэцэг авахыг харахаар гоё юмаа. Гоё цэцэг авч үзэх юмсан” гэж ярьж байсан. Тэгээд төрсөн өдрөөр амьд цэцгийн баглаа ирж, би уйлаад бөөн шок. Тэгсэн манай хэд аавтайгаа хуйвалдаж мөнгө аваад, хот руу захиалж авч ирээд манай дүүгийнд нуусан гэсэн.

Бичлэг дээр хүү та нартаа хайртай шүү гээд уйлаад дууссан. Дараа нь юу гэж хэлсэн бэ?

Нэг хэсэг уйлаад юу ч ярьж чадахгүй байсан. Гэрт ирээд түрүүн хэлж чадаагүй ээж, аавдаа хайртай шүү гээд тэвэрч, үнсээд зургаа авахуулж аав руугаа явууллаа. /инээв/ Манай гэрийнхэн чинь бүгд л “хайртай шүү” гэсэн хүмүүс байдаг.

-Та нартаа хайртай шүү гээд уйлж байгаа нь хайраар дүүрэн гэр бүлд өссөн, хүмүүжилтэй хүүхэд гэж байна гэж бодогдсон?

Би хүүхдүүдээ дэглэмтэй өсгөдөг ээж. Би өөрөө гурван эрэгтэй, дөрвөн эмэгтэй дүүтэй айлын том. Дүү нараа зааж чиглүүлж ирсэн зан байдлаа хөвгүүддээ ч зориулдаг. Хүний үг дааж сураарай. Хүн баярлуулж яваарай. Хүнд үгүй гэж битгий хэлээрэй гээд байнга захина. Манай хүн их зөөлөн, дөлгөөн. Намайг хэдэн үг хэлэхээр банди нараа битгий тэг гэдэг. Хүмүүс намайг даварсан хүүхэн гэдэг. Бичлэг хүмүүст их хүрсэн юм шиг байна. Өнөөдөр урам, хайрын үгэнд булагдлаа. /инээв/
-Та юу хийдэг вэ?

Хувиараа жижиг дэлгүүр ажиллуулна. Аймаг руу хүн зөөнө. Том хүү морь уядаг. Одоо эзгүй хойгуур нь хэдэн адууг нь харж байна. Ер нь тэгээд хаана хэдэн төгрөг олж болох боломж байна, тэр бүхнийг хийж үздэг. Манайх баян цатгалан айл биш шүү дээ. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй өөрсдийгөө болгох хэмжээний амьдралтай. Гэсэн ч би илүүчлээд хүн баярлуулах дуртай. Ерөөд тоглолт ирэхээр бодож байгаад хоёр хүнд ч гэсэн билет авч өгнө. Өвөл болохоор “Нэг айл, нэг мод” аян зарлаж, нэг хэрчим ч байсан хамаагүй цуглуулж түлээгүй харагдсан айлд буулгаж өгдөг. Манай сумынхан ч андахгүй, манайхаас ирж аваарай гэнэ. Тэгээд ачааны машинаа бариад айлуудаа тойрч модоо цуглуулна. Нэг, хоёр айлд ч гэсэн мод бэлдээд өгчихөөр сэтгэл өег сайхан байдаг.

Дараа нь та хэнийг баярлуулах вэ?

Хажууд байгаа хүмүүсээсээ эхэлнэ дээ. /инээв/

Дунд хүүгээ баярлуулсан бичлэг тань үнэхээр бүүм боллоо?

Хүмүүс аймаар хүлээж авсан. Манай нөхөр “одуудаар юу байна” гээд залгасан. Цэцэрлэгээс хүүгээ авах гээд явсан чинь хүмүүс баяр хүргээд, сайхан сайхан үг хэлээд өнөөдөр их огшлоо.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!