Б.Амархүү: “Ард түмэн намайг уучилж, надад тайзнаа дахин дуулах хүчийг өгсөн”

ОХУ Буриадын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү “UB Palace”-ын концертын танхимд “Хайртай шүү ээжээ” тоглолтоо гуравдугаар сарын 4-нд хийхээр төлөвлөжээ.

Тэрбээр “Би ингэж олон түмний итгэлийг алдсан юм чинь дуучнаар зарлуулж, тайзнаа гарч дуулах эрх надад байхгүй гээд хоёр жил урлагаасаа хөндийрсөн. Надад тоглолт хийх олон санал орж ирсэн. Тэгээд сүүлд “News star” продакшны продюсер С.Гантөр ах: “Ах нь тэр болгон тоглолт хийдэггүй, 10 жилд бараг нэг удаа тоглолт хийдэг. Тиймээс ахынхаа “My Love” тоглолтод оролцооч ээ. Чи тайзан дээр гарах хэрэгтэй. Хэдийг болтол урлагаа хойш тавих юм бэ” гэсэн. Би сүүлдээ эргэлзсээр байгаад тоглолтод нь оролцохоор шийдсэн.

Үзэгчид намайг дуулахад хуучин шиг минь хүлээн авч, намайг уучилсан юм шиг санагдсан. Хоёр дахь дуугаа дуулахад дахиулж бүр их урам авч, тайзны ард нулимс гарах шахуу орсон. Тэгтэл рок попын домог уран бүтээлчид маань “Миний хүү тоглолтоо хийх цаг чинь болсон байна. Чи азтай байна. Ард түмэн чамайг уучилсан байна. Баяр хүргэе. Дахин итгэлийг нь алдалгүйгээр уран бүтээлээ хий” гэж урам хайрласан. Одоо энэ тоглолтоо хийх эр зоригийг ард түмнээсээ авсан. Тиймээс бүх сайхан ээжүүд, бүсгүйчүүдээсээ маш сайхан энерги, хайрыг мэдэрч, үзэгчидтэйгээ хамт дуулахыг хичээж байна.” гэлээ.

Эх сурвалж: News.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.