Ө.Билгүүнцог: “Манай аав ээж хоёр хоёулаа сонсголын бэрхшээлтэй хүмүүс байдаг. Би зүүн талаараа киногоо үзээд баруун талаараа ээждээ орчуулга хийж өгдөг”
Тухайн үед МҮОНРТ л дохионы хэлмэрчтэй байсан. Тэгээд харчихаад би бас ингээд том болоод дохионы хэлмэрч болчихвол сайхандаа гэж бодож байсан. Манайх ам бүл дөрвүүлээ. Доороо нэг дүүтэй. Манай гэр бүлийн 75 хувь нь дандаа хамт явж байдаг. Яагаад гэвэл манай дүү бид хоёр нэг сургуульд сурдаг. Одоо ээж маань манай сургуульд үйлчлэгчээр ажилладаг.
Хууль судалж байгаад 7р ангидаа захирал руугаа давхиж ороод “Манай ээжийг ажилд аваад өгөөч. Манай ээж хөгжлийн бэрхшээлтэй юм аа” гэхэд сургуулийн захирал маань “Хөгжлийн бэрхшээлтэй хүн авахгүй ээ” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ”Манай ээж ярьж, сонсож чадахгүй ч гэсэн өөр юуг ч сайн хийж чадна. Таны сэтгэлд хүртэл сайн хийж чадна” гэж хэлж байснаа санаж байна.
Тэгсэн нэг мэдсэн зургаан жил өнгөрсөн байна. Манай ээж энд ажилладаг гэдгийг мэдээд, дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй гэхээр манай найзууд надтай яаж харьцах бол гэж маш их боддог байсан. Гэхдээ миний бодож байсан бодол шал өөрөөр эргэсэн. Яагаад вэ гэхээр манай найзууд бүр танихгүй байсан хүүхдүүд хүртэл манай ээжтэй аймар гоё харьцдаг.

Танай ээж чинь аймар хөөрхөн хүн байна лээ тэ гээд л маш гоё эерэгээр хүлээж авсан. Манай аав хувиараа байгууллагад таксинд ажилладаг. Байгууллага гэхээсээ илүү олон хүнтэй тулж харьцаж байгаа болохоор ойлгоход их хэцүү байдаг учраас бичгээр харилцдаг.
Би аав ээжийгээ хөгжлийн бэрхшээлтэй гэдэгт нэг ч удаа эмзэглэж үзээгүй. Яахав бүр цэцэрлэгт ч юм уу бага ангид байхдаа эмзэглэх ганц хоёр тохиолдол гарч л байсан байх. Гэхдээ яг ингээд бие томроод өөрөө ажил хийж эхлээд, өөрөө бие даагаад явах тусам аав ээж маань надад маш том боломжийг, хэнд ч бараг олдохооргүй маш цөөхөн боломжийг өгчихсөн юм болов уу гэж би боддог.
Би 4 настайдаа анх дохионы хэлийг сурч эхэлсэн. Манай аав их гоё зурдаг л даа. Зүгээр нэг дэвтрийн цаасан дээр надад дохионы хэлний 35 үсгийг зурж өгч байсан. Анхлан ааваараа зуруулж заалгаснаар өнөөдөр дохионы хэлмэрч хийж байна. Дохионы хэлийг өнөөдөр ч гэсэн үргэлжлүүлэн сурч байгаа, цаашид гадаад хэл дээр ч гэсэн дохионы хэлийг сурах зорилготой байна.

Бага байхдаа үндэсний телевизийн дохионы хэлмэрч эгчийг хараад нээрээ л энэ хүн шиг эфирээр зурагтаар гардаг болчихвол гоё байхдаа гэж боддог байсан. Гэхдээ миний мөрөөдөл арай л хурдан биелчихсэн юм шиг байдаг.
17 настай хүү телевизэд орж ирээд ажиллана гэдэг гоё мэдрэмж байдаг юм байна лээ. Бүх хүн биш юмаа гэхэд намайг ядаж 5 хүн үзэж байхад л миний сэтгэл маш гоё болдог. Дохионы хэлмэрч болохын тулд маш олон зүйлийг цээжилдэг, маш их зүйлийг тунгаан боддог. Ялангуяа дохионы хэлмэрч гэдэг хүн маш их хөдөлдөг. Зүгээр л нэг зомби шиг гар хөлөө хөдөлгөөд л байж байна гэсэн үг биш ш дээ. Миний хувьд тэр царайны хувирал, тухайн мэдээний гол санааг хүмүүст ойлгуулахын тулд маш их хичээдэг.
Дохионы хэлэнд бол ном гэдэг үгийг үсэглээд хэлмэрчилэхээс гадна ном гэдэг дохио тусдаа байдаг. Үг болгон өөрийн гэсэн дохиотой байдаг. Тийм болохоор миний мэдэхгүй үг монгол үгсийн санд зөндөө байгаа шдээ. Тэр болгоныг би бүгдийг нь цээжилж байгаа. Одоо ч гэсэн дуусаагүй байгаа. Сураад л байгаа. Мэдэхгүй үг гарч ирэх юм бол тэрийгээ хүмүүсээс асуудаг. Дээрээс нь аливаа хэлийг сурахад орчин их чухал байдаг ш дээ. Анхлан дохионы хэл сурч байгаа хүмүүс Youtube сувгаар ч юм уу Google-ээс дохионы хэл гэж хайгаад гарч ирсэн зургаар жоохон буруу сурчихдаг. Тэгэхээр дараа нь тэр хүмүүстэй ойлголцоход жоохон хүндрэлтэй байдаг.
Хэл сурч байгаа хүмүүс өөр олон хэл сурахыг хүсдэг шиг миний хувьд монгол дохионы хэлээ сайн сурчихаад цаашдаа Солонгос, Америк гэх мэт дэлхийн дохионы хэл сурах хүсэлтэй байгаа” гэжээ.
Эх сурвалж: Үндэсний мэдээ