Ханиа алдаад хэцүү байхад хүмүүс надад “3 жил архи уухад гайгүй болно доо” гэж хэлж байсан. Хэрвээ би архи уусан бол хүүхдүүд маань тэр 3 жилд ямар хэцүү байх байсан бол?

Б.Батзориг: Би хань ижилээ эмчлүүлэх гээд 4 жил эмнэлэгээр , гадаад дотоодоор маш их явсан. Бид хоёр 2011 оноос танилцаад , гэр бүл болоод , айлын хашаанд гэр барьж амьдраад , хашааны маань эзэн газраа зарлаа гэхэд нь хайлаастын уулан дээр газар аваад газраа тэгшлээд гэрээ бариад , мужаан хүн байна даа хаягдал материалаар байшингаа барьж байлаа. Тэгээд байшингаа бариад сайхан амдарч эхэлж байтал манай эхнэр булчин сулрах хүнд өвчин туссан.

Тоног төхөөрөмж , газар байшин , машин тэрэг бүх л юмаа зараад , бас хүмүүсээс хандив тусламж гуйгаад 2018 онд Бээжинд очиж сар эмчлүүлээд биеийн байдал нь харьцангуй дээрдээд ирсэн. Ерөнхийдөө хүүхдүүдээ цэцэрлэг , сургуульд нь хүргээд өгчихдөг , гэр орны ажилаа хийчихдэг тийм болсон байсан.

Эхнэрийгээ эмчлүүлээд ирэхэд 3 хүүхдийнхээ хамт түрээсийн байраар явдаг байлаа. Гурван хүүхдээ дагуулаад түрээсийн байраар явахад их хүнд байсан тул байрны зээлд хамрагдаж байсан. Манай эхнэр ар гэрээ зохицуулаал , би ажилаа хийгээл сайхан байсан. Тухайн үед тоног төхөөрөмжүүдээ зарчихсан байсан учраас 100 айл дээр тоног төхөөрөмж түрээслээд л бүхнийг шинээр эхлэж байлаа.

Ерөнхийдөө манай хүний өвчин эмчлэгдэх боломжгүй байсан ч гэлээ бид хоёр хүчээр эмчилгээ байнга хийлгээд явж байсан. Харамсалтай нь 2021 онд Ковид гараад , ковид хавсраад бие нь их муудаад тухайн үед эмнэлэгт битүү, түргэний эмч маань эмч нараас гуйсаар байгаад эхнэрийг маань хэвтүүлж байсан. Тэгээд сэхээнд орж хэвтээд , маш олон эрхтэн хавсарсан учраас ямар ч эмчлэх боломжгүй байна аа гээд тэгээд ханийгаа алдсан даа.

Сүүлд тэр үед бид хоёрт тусалж байсан түргэний эмч маань надруу чат бичсэн байсан. “Би яг тухайн үед дуудлаганд маш ачаалалтай явж байгаад бүр шантраад болъё гэж бодож байхад та хоёрыг хараад би өшөө сайн хичээе , өшөө сайн ажиллах ёстой юм байна аа гэж ойлгосон” гэсэн чат надруу бичсэн байна лээ.

Ханиа алдсанаас хойш маш их сэтгэл санаагаар унасан. Хань ижилээ алдаад гутраад архинд орсон хүмүүс байдаг. Зарим хүмүүс хүртэл “Гурван жил архи уучихад л гайгүй болно доо” гэж зөвлөж байсан хүмүүс ч байна.Хэрвээ би архи уусан бол хүүхдүүд маань тэр 3 жилд ямар хэцүү амьдрах байсан бэ? тэр зүйлийг хүүхдүүддээ үзүүлэхгүй одоо ямартай ч ажилаа хийгээд хамт олонтойгоо , Монгол хүний эрүүл мэндэд хэрэгтэй модон тавгийг Монголдоо үйлдвэрлээд , арван хэдэн хүнийг цалинжуулаад явж байна даа.

Зорилго байгаа учраас сэтгэл санаагаар унаж шантарч , архинд орж, буруу замаар явах бодол алга. Манай дүү нар , найзууд их тусалдаг . Гэрт эзгүй байхад хүртэл очоод гэр цэвэрлээд өгдөг. Манай хүүхдүүдийг хүмүүс харах гээд очихдоо “Танай хүүхдүүд бүр хэрсүү , ухаантай том хүншиг, бид нар харах биш бид нар өөрсдөө харуулчихаад байна аа” гэдэг. Маш олон хүмүүст баярлаж явдаг. Тэр хүмүүстээ Үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. ” гэлээ.

Эх сурвалж: TV 8 Mongolia телевиз

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.