Тэнгисийн өвөө: “Өдий насан дээрээ би хүн зурж хүмүүсийн хайр талархалыг хүлээснээрээ би өтлөхгүй”

Тэнгисийн өвөө гэх нэрээр олны дунд алдаршсан шог зураач Сүхбаатар гуайг олон нийт андахгүй. Ердөө хэдхэн минутын дотор хүний царай төрхийг цаасан дээр буулгадаг авъяасаа бяцхан бизнес болгожээ.

Д.Сүхбаатар: “Намайг Д.Сүхбаатар гэдэг. Би цэргийн дарга хүн байгаа юм. Цэргийн сургууль төгссөн улсын ажилтан. Хүн ухуулдаг, яриулдаг тийм л мэргэжлийн хүн. Би тэтгэвэрт гархаасаа өмнө зурж эхэлсэн. Хүүхэд байхаасаа зураг зурдаг байсан. Яг хүн зурах ажлыг 1977 оноос эхэлсэн. Одоо би долоо дахь үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Ер нь цөөхөн зураасаар хүн зурна гэдэг бол явдалтай бөгөөд оновчтой зураас зурна гэдэг бол хэцүү. Би үзгэн бал тосон балаар баллуур хэрэглэхгүй зурдаг. 1991 оноос хойш харандаа хэрэглэхгүй зурж эхэлсэн.

Нэг зураас алдахад л хүний дүрс гардаггүй. Би таталбар зургаа маш богино хугацаанд зурдаг ба та 3 минутын дотор сууж зуруулна гээд би хэлдэг. Зуруулж байгаа хүн надад итгээд сууж байгаа, би зурсны дараа дандаа талархал сонсож байдаг. Тэр нь гоё байгаа юм. Өдий насан дээрээ хүнд үйлчлээд, өөрийгөө зохих хэмжээгээр дэмжээд хөдөлмөрийнхөө хөлсийг хүртээд сууж байхдаа хүнээс дандаа талархсан баярласан, хэн ч харамсахгүй байгаа тийм гоё үгийг сонсоно гэдэг чинь урлагийнхан дуулчаад алга ташилт гоё гэдэг шиг дандаа урмаар мялаалгаж байдаг юм. Тэгэхээр би тэр янзаараа хүний баяр, бахдал, хайран дунд умбаж байгаа болохоор өтлөхгүй байх гэж боддог.

Тэнгис кино театрт 5 дах жилдээ зурж байна. Одоо бол нэрээ солиод “Тэнгисийн өвөө” гээд далайчин шиг нэртэй болж авсан. Манайхны ярьдгаар ард түмний гавьяат гэдэг шиг “Тэнгисийн өвөө” болсон байна. Энэ нэр нэлээн нэршиж байна. Энэ надад их таатай байдаг” гэжээ.

Эх сурвалж: Urug.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.