МУCТА А.Түмэн-Өлзий: Одоо би шинэхэн хайртайгаа учирчихсан, ханьтай болж байгаа. Тийм болохоор буцаад эмэгтэй хүний эрхэлсэн, туньсан, эмэгтэйлэг байдалтай болдог юм байна лээ
МУCТА А.Түмэн-Өлзий маань удахгүй болох эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан эмэгтэйчүүддээ хандан өөрийн үзэл бодлоо хэлжээ. Тэрээр шинэхэн хайртайгаа учирсанаар хэрхэн өөрчлөгдөж байгаагаа мөн эмэгтэйчүүд маань энхрий, зөөлөн, амгалан, тайван байгаасай хэмээн хүсчээ.

А.Түмэн-Өлзий: “Одоо би шинэхэн хайртайгаа учирчихсан, ханьтай болж байгаа. Тийм болохоор буцаад эмэгтэй хүний эрхэлсэн, туньсан, эмэгтэйлэг байдалтай болдог юм байна лээ. Миний хань бол энгийн нэгэн залуу л байдаг. Би бодохдоо хүний хань баян тансаг, мөнгөтэй, царайлаг байх албагүй. Хүний хань өөрийг тань хэр сайн ойлгодог, үзэл бодлыг чинь дэмждэг, яавал азжаргалтай болохыг чинь мэддэг байвал тэгээд л болоо. Бусад зүйлийг бол хамтдаа бий болгоод явчихаж болно. Эмэгтэй хүн чинь хайрлагдаад ирэхээрээ цаанаасаа гэрэлтэж, гэгэлзсэн, дэврүүн байдаг. Миний эргэн тойрны хүмүүс намайг хараад мэдэж байгаа байх хэхэ.

Эмэгтэй хүн багаасаа зовлон үзээд ч юм уу, хүүхэд төрүүлээд, хүүхдээ ганцаараа өсгөөд эхлэхээр гадаа гарж эр дотор орж эм болдог юм байна лээ. Бүх зүйлээ өөрөө болгох гээд, хүнээс тусламж гуйхаа болиод, хүнээс цариа алдахгүй гэж боддог болчихдог. Энэ нь эмэгтэй хүнийг тэр гоё эмэгтэйлэг байх боломжыг хязгаарлаад байдаг юм шиг санагддаг. Эрэгтэй хүний нөмөр нөөлөг, тус дэм болж байгаа маш гоё байдаг юм байна лээ.

Эмэгтэйчүүддээ хэлхэд, та хэчнээн үр хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлээд, эрэгтэй хүнээс тусгаар болоод явж байж болно. Гэхдээ хэзээ ч эмэгтэйлэг байдал, эмэгтэй хүний шазруун зан чанарыг хэтэрхий их өөртөө бий болгоорой гэж хэлмээр байна. Хэт шазруун байх юм бол зожиг, ярдаг, муухай ааштай, хатуу болчихож магадгүй гэж боддог. Манай эмэгтэйчүүд чинь маш шазруун, яаж ч хэцүү байдалд орсон ч сайн нууж чаддаг, цаашаа харж уйлаал наашаа харж инээдэг. Тэгэхээр эрчүүд минь эмэгтэйчүүдээ битгий гомдоож байгаарай. Заавал өдөр болгон эмэгтэйчүүдээ баярлуулах гээд яахвээ, гол нь амгалан тайван байлгаж өгөөрэй” гэжээ.


Эх сурвалж: Zogii.mn