Г.Ариунгэрэл: “Хүмүүс намайг битгий эвийлээсэй, өрөвдөөсэй гэж боддог. Зүгээр л бурхны өгсөн заяа тавилан юм байлгүй дээ”

Г.Ариунгэрэл: “Үнэндээ би маш хүнд хорт хавдартай. Эмчийн хяналтанд байнга байдаг. Эмч минь хэлэхдээ Ариунаа чи нэмэлт витамин, янз бүрийн эм хэрэглэж болохгүй. Харин биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж хэлж байсан. Яг тэр үед надад Anuхai’s fitness show-д оролцоочээ гэсэн санал ирчихсэн байсан болохоор би хүлээж авсан. Анухай багшдаа өвчинийхөө талаар хэлэхэд намайг нэмэлт бүтээгдэхүүн, өөх шатаагч ч юм уу витаминыг өгөхгүй ээ, яг эрүүл аргаар тэмцээндээ оролцуулахыг хүсч байна аа гэж хэлсэн. 

Миний хавдар зүгээр нэг хавдар биш хортой хавдар учир нэвтрүүлгийн хугацаанд хавдар минь үсэрхийлчих вий, сэргэчих вий гэсэн айдастай, ер нь байнга л хяналт тавьж дасгалуудаа хийдэг байсан. Багш маань ч гэсэн бусад оролцогчдын хийж байгаа дасгалын тоог надад арай багаар хийлгүүлж, надад санаа тавьдаг байсан. Хэрвээ би эв эрүүл байсан бол багшийн анх хэлсэн жинг бүгдийг нь хасчих байсан боловуу гэж боддог (инээв).

Би одоо 47 настай, хүүхэд гаргаж үзээгүй. Өнгөрсөн ковидын үеэр миний хавдар 3-р шат руугаа орсоныг мэдсэн л дээ. Ер нь бол хүүхэд гаргаж байгаагүй эмэгтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог хавдар л даа. Нэвтрүүлгийн үеэр нөгөө хэд шигээ дасгалуудаа хийгээд, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэмээр байсан ч би дархлаагаа унагааж болохгүй, ядарч болохгүй байсан болохоор өөрийгөө бүрэн дүүрэн шахаж чадаагүй. Гэхдээ өдөр болгон жингээ үзээд бага багаар жингээ хаяж байгаадаа сэтгэл хангалуун байгаад, урамшиж байсан.

Манай хавдарын эмнэлгийнхэн маш мундаг даанч ачааллаасаа болоод эмчийн цаг авхад 2,3 сарын дараах л цагыг авч чаддаг. Бие маань маш их өвдөхөд үхэл их ойрхон санагддаг юм байна лээ. Би бас өвчтэй байхдаа аавыгаа алдчихсан. Тэрнээс хойш хүнд чинь амьдрах гэдэг маш гоё санагдаж эхэлдэг юм байна лээ. Тэгээд бодохдоо хэрвээ энэ өвчинг ялан дийлчих л юм бол үүнээс цааш зүгээр л бусдыг хайрлая, ойлгоё, зүгээр л бусдыг халуун дотноор тэвэрч, сэтгэл зүрхээрээ гоё байхад болоо гэж боддог болчихсон. 

Эр хүний хувьд гэвэл надад том биетэй залуус таалагддаг. Би чинь өөрөө нэлээн биеэ даачихсан болохоор намайг дараад байж чадахаар эр хүн л тохирох юм шиг санагддаг. Гэхдээ би ганц бие байгаадаа гутраад байдаггүй. Цаанаасаа өгсөн тавилан л юм байлгүйдээ гэж боддог. Нэг бодлын хүмүүс намайг битгий эвийлээсэй, өрөвдөөсэй гэж боддог. Зүгээр л бурхны өгсөн заяа тавилан юм байлгүй дээ, болгоё гэсэн ч болохгүй, эвдэе гэсэн эвдэгддэггүй юм байна шүү дээ. Гэхдээ цаг хугацаа нь болоход надад гоё бэлэг ирэх байхаа гэж боддог. Явж явж байгаад аягүй хөөрхөн хойд ээж болноо гэж боддог(инээв)”

Эх сурвалж: Zogii.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.