МУГЖ А.Цэгмид: Одоо миний хүсэл мөрөөдөл бол 80 хүрэхээрээ “Том авгайн овоохой” гэдэг жүжгийн дүрийг бүтээх.

МУГЖ А.Цэгмид: “Би жоохон байхаасаа их радио сонсдог байсан л даа. Одоо миний хүү радионы нэвтрүүлэгч хийдэг. Би 14 настай хүүхэд байхдаа радиогоор гайхалтай хоолойтой нэвтрүүлэгчийн нэгэн найраглал уншиж байхыг сонсоод их уйлж байж билээ. Тухайн үед тэр нэвтрүүлэгчийг ямар мундаг уншдаг ах вэ гэж бодоод энэ ах нээх гоё 5,6 хүүхдийн аав, нээх гоё бүдүүн ах байхдаа гээд төсөөлж байж билээ. Би чинь аавгүй өссөн болохоор аав минь байсан бол энэ ах шиг хүн байх байсан байхдаа гэж бодож байсан. Гэхдээ сүүлдээ тэр нэвтрүүлэгчийн эхнэр нь болчихсон л доо(инээв). Миний 2 хүүхдийн аав нь Монголын гайхалтай дуу хоолойтой хүн байсан.

Би чинь 18 настай тэр хүн 25 тай байхад бид хоёр анх учираад, айлын гэргий, айлын ээж хүн болсон. Тэр хүнтэй учирсанаас хойш надад ямар ч өөр эр хүн миний сэтгэлд нийцдэггүй болчихсон. Тэр хүн ертөнцийн хаа нэг өнцөгт, хэчнээн хол байлаа ч гэсэн миний сэтгэлд бол ойрхон байдаг. Санагалзахын хайр гэдэг бол сайхан шүү дээ. Миний 2 хүүхдийн аав бурхан болоход надад хэдэн өдөр маш хэцүү байсан. Миний дэргэдээс 30,40 жилийн дараа тэр хүн явахад миний доторх орон зайнаас нэг зүйлийг суга татаад аваад явчихсан юм шиг л болсон.

Зарим эмэгтэйчүүд маань эр хүнийг төгс байлгах гээд их хичээдэг. Арван хуруу тэгш, өөрийнхөө хүссэнээр байлгах гээд шаардаад байдаг л даа. Арван хурууны гурав юм уу тавд нь л тэнцэж байвал бусад таван хурууг нь эмэгтэй нь засаж өгдөг гэж би боддог. Эмэгтэй нь өөрөө арван хуруу тэгш биш байж болно шүү дээ.

Манай бэрүүд их сайхан хүмүүс байдаг. Би өөрөө хоёр хүүтэй, бэрүүдийгээ яг өөрийн охин шигээ л ханддаг. Бэрдээ өөрийн охин хүүхэд шигээ хандах юм бол тэр гэр амгалан, тайван байж чаддаг шүү дээ. Тэр гэр чинь хүүхдүүдтэй болоод нэг цул хүн болчихож байгаа юм. Нэг цул хүнийг хоёр хүн болгож харьцана гэдэг бол жоохон муухай зүйл.

Ахмад жүжигчидээ төлөөлөөд Netflix-ийн Marco Polo кинонд үг хэлдэггүй, олны хэсэгт тоголсон л доо. Тэгэхэд бол өөрийгөө англи хэлтэй байх минь яавдаа гээд харамсаж байсан. Хэлтэй бол хөлтэй гэдэг шиг хэл бол хүнд илүүдэхгүй шүү. Одоо миний ганц мөрөөдөл байдаг. УДБЭТ 70 насыг минь тэмдэглэж өгч байсан. Гарын таван хуруунд 17 настай байхдаа 8 настай хүүхдийн дүрийг бүтээж байсан тэр мөчийг минь УДБЭТ буцаан авчирч өгсөн. Одоо 80 хүрэхээр минь УДБЭТ дахин ийм боломж өгвөл Америкийн “Том авгайн овоохой” гэдэг жүжгийн 6 настай охины дүрийг 80тайдаа хийчихвэл миний хүсэл мөрөөдөл биелчихэж байгаа юм”

Эх сурвалж: Zogii.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.